С.Баяр: Хэргийг захиалгаар үйлдсэн байтал захиалагчийг яагаад илрүүлэхгүй байна вэ

Улс төр

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, дүгнэлт гаргах УИХ-ын Түр хороо өчигдөр хуралдаж, доор шийдвэрүүдийг гаргажээ.   

  • ҮАБЗ-ийн дарга, гишүүдэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар хандах, 
  • Нийтийн сонсгол хийх, 
  • Түр хорооны гишүүд улс төрийн дараагийн алхам болох суулт, өлсгөлөн зарлах шийдвэр гаргасан байна. 

Тус хорооны хуралд талийгаачийн ах С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, УЕП-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат, Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, С.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат нар оролцжээ. 

Талийгаачийн ах С.Баяр “Нэгдүгээрт, хэрэг үйлдсэн хүмүүс нь энэ хүмүүс мөн гэдэг итгэл үнэмшил бидэнд төрөөгүй. Хоёрдугаарт, цогц хэрэг гэдэг нь ойлгомжтой. Хэргийг захиалгаар үйлдсэн байтал захиалагчийг яагаад илрүүлэхгүй байна вэ. Гуравдугаарт, Хууль хүчний байгууллага сайн ажиллах хэрэгтэй байна” гэсэн шаардлага хүргүүлж буйг хэллээ.  

Мөн тус хорооны дарга Ж.Батзандан “Улсын дээд шүүхийн өмнө Монгол Улсын иргэн Отгонбаатар гэдэг залуу шүүхийн шинэчлэлийг шаардаж, суулт зарлаад хэд хонолоо. Түүний тэмцлийг Түр хорооны гишүүд дэмжиж, олон жил, сараар гацаж байгаа томоохон хэргүүдийг шийдэхгүй, шийдэхийг хүсэхгүй байгаа шүүгч нарыг зайлуулах тэмцэл рүү орохоос өөр аргагүй байгаа” гэв. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд “Төв аймгийн шүүх хурлаас хойш бүтэн бүтэн найман сар маш их тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтээрээ үзсэн. Үүнээс илүү нотолгоо гэж үгүй. Гэтэл шүүх хурал шийдвэрээ гаргахгүй, дуусахгүй жүжиг рүү оруулсан. Шүүх бүрэлдэхүүн энэ хэвээрээ байвал хэрэг шийдэгдэхгүй, хугацаа хожиж, ял завших болно” гэсэн байр сууриа илэрхийллээ. 

Эргэн сануулахад Б.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1 /гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн/, 231.1 /эрүүдэн шүүсэн/гэсэн үндэслэлээр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн анхан шатны шүүх дээр 2019 оны 8 дугаар сарын 13-19-ны өдрүүдэд 6 хоног үргэлжилж, нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байсан. Уг хэргийг прокурорын эсэргүүцлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцэх шийдвэр гаргасан билээ. Б.Хурц нарын өмгөөлөгчид Давах шатны шүүхийн магадлалтай холбогдуулан, хяналтын шатны шүүх болон УДШ-ийн ерөнхий шүүгчид тус тус гомдол гаргасан боловч Давах шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн юм. Гэвч Дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчийн гаргасан дүгнэлт өнөөдрийг хүртэл Төв аймгийн анхан шатны шүүхэд очоогүй байна.

Б.Чимгээ, Т.Содномдаржаа нарын өмгөөлөгчид ЭХХШТ хуулийн 41.1.3. “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн үндэслэлээр УЕП-т хандсан. Харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газраас нэг асуудлаар хоёр шийдвэр гаргахгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг гомдол гаргагчид өгсөн байна.