Хятад улс 13 мянган авлигачийг цаазалжээ

Дэлхийн мэдээ

   Тэрбум хагас хүн амтай Хятад улс 2012 онд Си Зиньпин БНХАУын дарга болсон цагаас авлигатай хатуу тэмцэл эхлүүлсэн. Авлигын хэргээр энэ хугацаанд төрийн бүхий л шатны албан хаагч, жирийн цагдаагаас эхлээд томоохон корпорацийн захирал, төрийн сайд ч шүүхийн хаалга татсан юм. Ганцхан жишээ гэхэд л 2008 оны олимпын барилга байгууламжийн ажлыг авахын тулд төрийн албан хаагчидтай хуйвалдахад оролцсон 150 бизнесмэнийг цаазалж орхисон. Ер нь сүүлийн 12 жилд Хятадад авлигын хэргийн улмаас 13 мянга орчим хүнийг цаазаар авч шийтгэсэн гэсэн бүрэн бус мэдээ бий. Хятадад үйлчилж байсан эрүүгийн хуулиар алан хядагч, террорист, хүчирхийлэгчийг л цаазлах заалттай байсан бол 2016 оноос өөрчлөлт оруулж 463 мянган долларын хэмжээтэй хөрөнгө хулгайлсан бол цаазаар авч байх болсон юм. Си Зиньпин засгийн эрх авмагцаа албан тушаалтны сахилгын найман зарчим гэгчийг дэвшүүлсэн. Эндээ

-Гадаадад зорчих бол төлөөлөгчдийг хамгийн бага бүрэлдхүүнтэй явах

-Одууд урьсан, тууз хайчилж ёслолын буудлага бүхий тансаг ёслолоос татгалзах

-Зам хааж, цагдаагийн хамгаалалттай цуваагаар зорчихыг хориглох

-Шаардлагагүй бол телевизээр ярьж “од” болохгүй байх

-Өөрийнхөө тухай, намтарчилсан ном бүтээл туурвихгүй байх

-Хувийн машин, орон байр, өмчийн төлөө их хөрөнгө мөнгө зарцуулахгүй байх

-Иргэдтэй харьцах, баримт бичигтээ хүнд суртал бага гаргах 

-Өндөр үнэ бүхий архи зоог бүхий хүлээн авалт зохион байгуулахгүй байхгэжээ. Зөвхөн энэ сахилгын дүрмийгзөрчсөний төлөө эхний гурван жилд 140 мянга орчим хүнийг шийтгэсэн байна.

  Хятадад төрийн бүх шатны байгууллагад ажилладаг 70 сая албан хаагчийн 1,3 сая хүнийг мөрдөн шалгасан бол албан бус мэдээллээр нийт албан хаагчийн 10 хувь нь хяналтад байгаа гэнэ. Хятадад авлига бүх шатанд цэцэглэсэн болохоор авлигачдаа “ялаа” буюу жижиг хотын дарга, албан тушаалтнууд, “бар” буюу сая гаруй хүнтэй хотын дарга нар, төрийн өмчийн томоохон корпорацийн эзэд, “үнэг” буюу ашгаа гадаадад хадгалуулдаг төрийн албан хаагчид, төсвийн захирагчид, “нүцгэн түшмэлүүд” буюу авлигачдын ар гэрийнхэн, гадаадад амьдардаг хамаатан садан, төрөл төрөгсөд хэмээн ангилж мөрдөн шалгаж ял ногдуулдаг. Азийнхан угаасаа төрөлсөг хэн нэг нь албан тушаалд очиж ахих юм бол заавал тэднээсээ тусламж дэмжлэг хүсч ямар нэг албан тушаалд очдог. Цагаан сараар гэхэд л бүгд төрөл төрөгсдөдөө очиж золгодог. Гэр бүлийн гишүүд нь түүнийхээ өмгөөлөл хамгаалалд ордог зуршилтай. Си Зиньпиний засаг захиргаа авлигтай бүх шатанд тэмцэж байгаа ч “бар”, “ялаа”-нуудад илүүтэй их анхаарал хандуулан тэмцэж эхэлсэн юм. Өндөр, дунд шатны авлигачдад цаазаар авах ял ногдуулж хөрөнгийг нь хураадаг бол “үнэг”, “ялаа”-нуудын хувьд өмч хөрөнгөө хураалгаж албан тушаалын карьер нь төгсч шоронд сууна. БНХАУ-ын авлигатай хийж байгаа тэмцэл нийт иргэдийн 90 хувийн дэмжлэг авч бодитой амжилтад хүрсэн юм. Зөвхөн Си Зиньпиний төрийн эрхэнд гарсны дараах ганцхан жилд л тус улс төсвөөсөө 160 тэрбум доллар хэмнэсэн юм шүү дээ.