Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.11/ хуралдаан 12 цаг 44 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.тэмүүлэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт “..... зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Сүүлийн жилүүдэд хууль тогтоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах боллоо. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болсон. Улмаар нүүрс яндангийн дамын наймааны төлөөсөнд олон мянган хүн, машин техник өмч хөрөнгөөрөө, төв суурин газрын олон зуун иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг онцолж байлаа.
Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсруу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд сүүлийн 4 жилийн байдлаар автомашины зөөлөн яндан алдагдсан дуудлага, мэдээлэл 892 бүртгэгдсэн бол Гаалийн Ерөнхий Газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд жилд ойролцоогоор улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд болон агаар орчны бохирдол үүсгэгч томоохон эх үүсвэр болсон автомашинаас ялгарч буй утааг бууруулах боломжийг бүрдүүлэх юм гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чулуганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Төсвийн байнгын хороо дөрөвдүгээр сард Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулайх тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 Сэтгэгдэл