ГЕГ: I-IV сард автомашин, техник хэрэгслийн импорт жилийн өмнөхөөс 16.5 хувиар буурсан

Улс төр

Гаалийн ерөнхий газрын урьдчилсан статистикаар оны эхний дөрвөн сард автомашин, техник хэрэгслийн импортын үнийн дүн 584 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар буурсан байна.

Ялангуяа суудлын автомашины импорт биет хэмжээгээр жилийн өмнөхөөс 27.9 хувиар багасжээ. Цар тахлын үед хэрэглэгчдийн худалдан авалт буурч байгаагаас өдөр тутмын хэрэглээний автомашины эрэлт буурч байгааг зарим дистрибьютер компаниуд мэдээлж байв. Нөгөөтэйгөөр олон улсын нислэгүүд цуцлагдсан тул дотоодын аялал, жуулчлал өснө гэж “MSM Group” таамаглаж байгаагаа дурдлаа. Үүнтэй холбоотойгоор туулах чадвар сайтай SUV, Pick-Up ангиллын автомашины эрэлт өссөнийг онцолж байсан юм.

Түүнчлэн тансаг зэрэглэлийн автомашины эрэлт өндөр хэвээр байгааг үйлдвэрлэгч компаниуд онцолж байна. “Ferrari” гэхэд л хөл хорионы улмаас үйлдвэрлэл нь удааширсан ч худалдан авалт нэмэгдсэн гэжээ.

Дотоодод ч мөн адил тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт өмнөх улирлуудаас өссөн гэж “BMW”-ийн Монгол дахь дистрибьютер “Bavaria Motors” мэдээлж байсан юм.