Т.Баясах: Эрх баригчид Баясахыг бус баянзүрхчүүдийг буланд шахсаар дөрвөн жил боллоо

Улс төр

 Төмөрбаатарын Баясах хэмээх эрхмийг  таньж мэдэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Эрх баригчдын буланд шахахыг үл тоон дүүргийнхээ төлөө хөдөлмөрлөх түүнийг заримдаа өрөвддөг юм аа.  Хүн л юм хойно, буцах няцах үе байсан л байлгүй. Харин тэр өнөөдрийг хүртэл энэ тухай хэнд ч ам нээж гомдоллож яваагүй юм. Монголын ардчилал ч мөн л ийм замыг туулж яваа билээ.

  Монголчууд хэн нэгний тухай сайхнаар өгүүлэхдээ “Энэ хүү чинь тэрний үр сад. Тиймээс ийн явах нь зүйн хэрэг” гээд л магтах нь бий.  Тиймээс  ярилцлагаа таны удам судраас эхэлмээр байна.

Би бол эгэл ажилчны үр сад. Миний хоёр өвөг эцэг хоёулаа бүхий л насаараа алсын тээвэрт хүлгийн жолоо залсан жолооч нар.   Миний эцэг М.Төмөрбаатар, ээжийг маань Д.Оюунцэцэг гэдэг. Олон хүүхэдтэй айл ямар байдаг билээ, тэр л жишгээр аав ээж хоёр маань хүн болсон.  Манай гэр бүлийн бахархал бол хөдөлмөрч зан. Өвөө нар маань үр хүүхдээ тэгж хүмүүжүүлсэн хэрэг. Амьдралын урт замд хэн  байх нь гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн шалтгаалдаг. Би өвөөгөөрөө, ааваараа бахархдаг. Тэдний жимлэсэн жимээр яваа өрхийн тэргүүн хүний хувьд удам судрынхаа нэр хүндийг сэвтүүлэлгүй сайхан авч явахыг хичээх л юм.  Миний аав өндөр боловсролтой, насаараа аж ахуй удирдаж яваа хэдий ч ажилчдынхаа дунд, тэднээсээ ялгарах зүйлгүйгээр  юу л бол юу хийж явдаг дэндүү эгэл нэгэн.   Ийм захирал хэр олон байдгийг хэлж мэдэхгүй. Миний бага нас тухайн үеийн сэхээтний хүүхдүүд хэрхэн өсч торнисон тэр л жишгээр өнгөрсөн. Доороо хоёр дүүтэй айлын том хүүгийн хувьд  арын фронтын бүх ажил миний нуруун дээр. Арав гаруй настайгаасаа л дүү нараа харж, талхандаа явж, орой хоолоо хийдэг байлаа. Хүүхэд л юм хойно үймүүлнэ,  бөмбөг хөөж давхиад дүү нартаа тавих анхаарлаа сулруулна. Үүний шанд алган боов хүртэнэ.  Эхнэр бид хоёр гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ үймүүлж, хоорондоо муудалцахад би юм хэлдэггүй. Хүүхдүүд асуудлаа өөрсдөө зохицуулж сурах хэрэгтэй. Сахилгагүй байсны буруу гэж байдаггүй ч байж мэднэ.  Сахилгагүй байж гэмээнэ зарим талаар сэтгэхүй хөгжин алдаа, оноогоо дэнсэлж сурдаг. Бас амьдралд эр хүний үзэх ёстой асуудал гарлаа гэхэд гоншгинож,  сэтгэлээр унаж, нус нулимстайгаа холилдохгүй, шүд зуугаад гарах хэмжээний сэтгэлийн тэнхээтэй болдог байж мэднэ. Миний тухайд зөөлөн нь дэндсэн эр хүн. Эмээ өвөөгийн өвөрт эрхэлж, энгэрт нь наалдаж өссөн учраас тэр.  Нөгөөтэйгүүр, удирдагч хүнд зөөлөн зан байх ёстой. Амьдралыг дандаа хатуугаар харж, хатуу шийдвэр гаргаж болохгүй шүү дээ.  Бусдын жаргал зовлонг хуваалцаж байж, тэдний хүндлэлийг хүлээж  ажиллана. Бас хамт олондоо, найз нөхөддөө итгэдэг байх хэрэгтэй.  Зөвхөн өөрийнхөөрөө байх гэж зүтгэх, өөрийн бодлыг бусдад тулгаж ажиллах аваас хэн намайг хүрээлэх юм.  Зарим хүн дарга боллоо гээд дуугаа өндөрсгөж, албан хаагчдаа харцаараа хөдөлгөдөг юм билээ. Тийм биш. Нэгдүгээрт боловсролтой, бусдын үгийг сонсдог,  бүх талын мэдлэгтэй байж гэмээнэ хамгийн зөв шийдвэрийг гаргана биз дээ. Энэ бол миний бодол хийгээд амьдралдаа баримталдаг зарчим.

 Таныг  Засаг даргаар томилогдоход аав нь юу гэж хэлсэн бэ?

  Миний аав Ардчилсан намын гишүүн. Намдаа сэтгэл зүрх, оюун бодлоо зориулсан нэгэн.  Нэр, нөлөөтэй байсан гэдгийг нь алтан үеийнхэн нь мэднэ.  Намайг намын ажилд идэвхийлэн оролцож эхэлсэн тэр үеэс  намын ажлаас ерөнхийдөө хөндийрсөн.  БЗД-ийн Засаг даргаар ажиллах болсон тухайгаа  хэлэхэд “Чи чадна гэж бодож байгаа бол чадахын төлөө хичээ. Олон  мянган хүний хувь заяа гарт чинь бий гэдгийг мартаж болохгүй. Аливаа асуудалд ул суурьтай хандаж байгаарай. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ажил явдаггүй юм шүү” гэж хэлээд утсаа тавьсан. Миний аав, ээж хоёр миний гаргасан шийдвэрийг зөв, буруу гэж  хэлэлцэж үзээгүй. Алдсан ч, оносон ч миний л шийдвэр. Алдсан бол  дахиж алдахгүйн төлөө хичээх ухаан л чухал шүү дээ.  Аав, ээжийн  баримталж ирсэн зарчмыг маш зөв гэж боддог.  Мэдээжийн хэрэг зааж, зөвлөх, ярилцах зүйлүүд байлгүй яав гэж.

Танай гэр бүлийнхэн албан өрөөнд тань хэр олон  ирж байв. Ялангуяа  Төмөрбаатар гуай?

Аав маань миний урилгаар ердөө ганцхан удаа зочилсон.  Гэхдээ хүүгийнхээ албан өрөөнд гэх утгаар бус ажиллаж амьдарч буй дүүргийнхээ Засаг даргын өрөөнд орж ирж үзлээ хэмээсэн. Энэ үг нь маш гүн утгыг илэрхийлсэн. Засаг даргын тамгын газар бол Төмөрбаатар гэх иргэний хувьд төр шүү дээ.  Иргэн хүн төрөө хэрхэн дээдэлж, хүндэлдэг билээ.  Харцнаас нь үүнийг л олж уншсан. Ер нь манай хоёр маш энгийн  хүмүүс.

 Таны үндсэн мэргэжил юу вэ. Хаана ямар сургууль төгсөв?

Бизнесийн удирдлага мэргэжлийг эзэмших нь миний хүүхэд насны мөрөөдөл. Худалдааны чиглэлээр Англи улсад хоёр жил суралцаад эрүүл мэндийн шалтгааны улмаас эх орондоо ирж, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд элсэн суралцаж, төгссөн.  Бизнесийн удирдлага, Эдийн засагч мэргэжилтэй. Дараа нь Удирдлагын академийг магистр зэрэгтэй дүүргэсэн.

Дүүрэг авч явахад эдийн засагч мэргэжлийн хэргийг гаргана биз. Төсөв хэлэлцэх үед эсвэл иргэдийн оруулж ирсэн төсөл энэ тэр дээр?

 Шулуухан хэлэхэд, алхам тутамд хэрэг болдог. Төр маш сайн менежер байх ёстой.  Гэхдээ бүхнийг төсөв мөнгөөр харж болохгүй шүү дээ. Нийгэмд үр дүнгээ өгөх, иргэдийн сэтгэлд хүрэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт дээр хэзээ ч төсөв танаж байгаагүй. Иргэдийн төлсөн татварыг буцаагаад нийгэм рүү чиглэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, амьдрах орчноо сайжруулахын төлөө зарцуулахад яагаад  мөнгө харамлах гэж. Ер нь Засаг дарга хүн амьдрал мэддэг, олон талын мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Жишээ нь: Эмч хүн байлаа гэхэд эрүүл мэндийн асуудал дээр голчлох гээд байдаг бол багш мэргэжилтэй бол боловсролын чиглэлд хөрөнгө оруулалт хийх гэж зүтгэдэг гэх мэтчилэн. Ингэж нэг талыг барьж болохгүй л дээ. Яагаад гэвэл дүүрэг бол бүх салбар луу жигд ажиллах хэрэгтэй, нэг салбарыг хэт анхаарвал бусад нь орхигдоно.

 Монгол Улсын  хүн ам хамгийн ихээр суурьшсан дүүрэгт та найман жил ажиллажээ.  БЗД-ийн Засаг даргын орлогч хийгээд Засаг даргаар.  Таны сэтгэлийн  мухарт тэр  нэг хүнд туслаж чадаагүй дээ гэх  харуусал байдаг уу?

Тийм тохиолдол олон бий.  Нүдэнд нь гунигийн сүүдэр суусан хөгшчүүд орж ирээд амьдрал байдлаа яриад орон байр гуйхад миний сэтгэл өмөрдөг. Бас заримдаа тусалж чадалгүй гаргаж явуулсандаа өөртөө харамсдаг. Аргаа барахдаа халаасаа тэмтрэх нь бий. Нэг удаа ч болов гурван ширхэг талх, нэг кг махтай хариасай гэсэндээ тэр шүү дээ. Дүүрэг бол  төрийн үйлчилгээний байгууллага.

Монгол гуравхан сая хүн амтай, байгалийн асар их баялагтай орон. Төрийн бодлого зөв явж чадахгүй байгаа учраас монгол хүн ядарч байгаа хэрэг. Эрх мэдэл, төсөв хөрөнгө нь байдагсан бол дүүргийнхээ ажилгүй ядарч яваа иргэдийг ажилтай, орлоготой байлгах мэдлэг, чадвар, ажлын туршлага  нь  надад байна.

Дүүргийн Засаг дарга биш эдийн засагч Баясах байсан бол амьдралыг арай өөрөөр харах байсан байх.  Магадгүй хэцүү амьдрал байдаг гэдгийг мэдэхгүй өнгөрөхийг үгүйсгэхгүй?

 Магадгүй. Өндөр шилэн байшин дотор суучихаад үзэгний үзүүрээр  асуудлыг шийдэх, гэр хорооллын гудамжаар хөндлөн гулд алхан   иргэдийнхээ яриаг сонсч, тэдний амьдралаар амьдрах хоёрт асар их ялгаа бий шүү.  Шийдчих юмсан, эрх мэдэл нь байдаг ч болоосой гэх маш олон асуудалтай өдөр бүр тулгардаг. “Надад тулах хүч өгчихвөл дэлхийг эргүүлэхэд бэлэн байна” гэдэг  шиг “Ээ, надад тусалдаггүй юм аа гэхэд бодлогоор дэмжээд өгөөч дээ” хэмээн бачимдаж, гаслах үе бишгүй. Үнэндээ Нийслэлийн ИТХ -аар БЗД-ийн төсвийг хэлэлцэх үед ширүүхэн юм болох дөхдөг. Тэр хэд хоногт тайван унтахгүй шүү дээ. Баясах гэж нөхрийг дэмжихвэл цаад утгаараа АН-ыг дэмжсэн хэрэг болно гэж айгаад байдаг бололтой. Тиймээс  эрх баригчид аль болох ажлыг  маань унагаахыг хүсдэг. Засаг даргыг нь ч батламжилдаггүй. ИТХ-ын тогтоол шийдвэрийг нь хүчингүй болгоод л.  Тэр тухай ярьвал үнэн гэж үү гэмээр үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Т.Баясах гэж нөхөрт учир байгаа юм биш АН дүүрэгт засаглаж байгаад нүд нь хорсоод байгаа хэрэг. Гэхдээ бид бууж өгөөгүй л дээ .

Ингэхэд та яаж яваад АН-д гишүүнээр элссэн юм бэ. Монголын ардчилал өнөөдөр  мөхөл рүүгээ ойртсоор байна хэмээн халаглах хүн олон байна. Та санал нийлэх үү?

 Миний аав залуу насаа Монгол Улсад ардчилал, шударга ёсыг тогтоох үйлсэд зориулсан. Аавын найзууд манай гэрт цуглах үед ардчиллын тухай яриа өрнөнө. Тийм орчинд өссөн миний үзэл бодол хэрхэн төлөвших нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд л анх 2002 онд АН-д гишүүнээр элссэн.  Хүүхдээрээ шахуу учраас намын тогоонд буцлах бус гаднаас нь ажиглах маягтай явж байгаад 2010 оноос Баянзүрх дүүргийн АН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон.  Намд идэвхитэй явахаас өмнөх найман жилд би өрх гэрийн тэргүүн болж, ахуй амьдралаа төвхнүүлж чадсан. Гэрээ засаад төрөө зас гэх зарчмын дагуу л явж байна даа. Би дөч ч хүрээгүй залуу хүн. Гэхдээ ардчиллын үнэ цэнийг мэддэг. Харин 2000 оноос хойш төрсөн залуучуудад ямархан үнэ цэнээр олж авсан эрх чөлөө вэ гэдгийг ойлгуулмаар байна. Монгол Улсад ардчилсан хувьсгал ялаад 30 жил болжээ. Алдаа бий юу гэвэл бий. Гэхдээ алдсан алдааг нь  өдөр бүхэн ярих нь утгагүй зүйл. Ардчилал үнэндээ цэл залуугаараа байна шүү дээ. Надаас найм дүү гээд төсөөл дөө. Ах нарын хамгийн том алдаа бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчиллыг  Монголын хөрсөнд гүн бат суулгаж өгч чадаагүй явдал. Нөгөөтэйгүүр, монголчуудын нэг зан бий. Нэгдэж, нийлж чаддаггүй араншин. Хүн бүхэн би түүнээс юугаараа дутуу юм гээд л дарга болж цүнх барих гэдэг тэнэг зан.  Нам ч ялгаагүй, олон  фракцид хуваагдсан харамсалтай түүхтэй.

Атаархал  үнэхээр байдаг юм байна. УИХ-ын сонгуульд эрх баригч нам 40-45 насны залуучуудаа дэмжсэн. Орон нутагт аль аль нам нь 28-45 хүртлэх насныхныг дэмжиж буй бололтой.

Залуучуудад хандаж хэлэхэд, улс төрөөр явъя гэж бодож байгаа бол юун түрүүнд төлөвшсөн бас сэтгэлийн хөөрөл, амбицаа дарж сурах хэрэгтэй. Улс төр бол тоглоом биш. Таны хэлээд байгаа хорь гарсан залуучууд төлөвшсөн байхыг үгүйсгэх аргагүй.

Улс төр гэж юу юм бэ гэхээр нэг талаас төр нөгөө талаас улс төрийн нам  хоёрын нийлбэрийг хэлээд  байгаа юм. Тэгэхээр залуучууд маань ядаж улс төр гэж юуг хэлдгийг ойлгочоод босгыг нь алхвал алхам тутамдаа бүдэрч унахгүй шүү дээ. Түүнээс өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэшил байхгүйгээр хэн нэгний үгэнд автан намд элсч, сонгуульд нэр дэвшиж байгаа бол эртхэн болих хэрэгтэй. Хоёрдугаарт, эх оронч сэтгэлтэй байх хэрэгтэй.  Эх оронч сэтгэл байхгүй бол Төрд ажиллана гэж байхгүй шүү дээ.

Орон нутгийн сонгуульд  МАН “Багаар нь дэмжээрэй. Хүрэлсүх сайд эх орноо хөгжүүлэх аянд мордсон шүү” гээд л уриалж байна. Харин АН  гүйцэтгэх засаглалд Хяналт хэрэгтэй гэх юм?

Ер нь бол хяналттай төр байх хэрэгтэй.  Манай улсад иргэн нь  төрөө хянаж чадахгүй байгаа. Тэгэхээр эрх баригчдыг хянах механизм  иргэдэд  хэрэгтэй. Хяналтгүй төр хүчирхийллийг бий болгодог. Тэр нь сөрөг хүчний төлөөллийг нийслэл хийгээд орон нутагт гаргаж ирэх хэрэгтэй. Төлөөлөгч бол  иргэдтэй хамгийн ойрхон ажилладаг хүн. Тиймээс төлөөлөгч нар иргэдийн дуу хоолой нь болж,   төрөөс  хэрэгжүүлж буй бодлогод хяналт тавьж чадна.

Баянзүрх дүүрэгт засагласан он жилүүддээ хожмын өдөр Баясахаар авторлагдаж үлдэх ямар ажлууд хийсэн бэ?

 Монголчуудын сэтгэхүй их сонин. Бүхний нүдэнд ил харагдахуйц хөшөө босгочихвол ажил хийсэн гэж хараад байх юм.  Миний хувьд хөшөө барих мөнгийг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг нь  бүрдүүлэхийн төлөө төсвийнхөө дийлэхийг зарцуулж, Монголын ирээдүй болсон хүүхдийн боловсролд багагүй анхаарлаа. Хотын өнгө төрх гэх үүднээс тохижилтод сэтгэлээ зориуллаа. Би нэр алдар олохын төлөө  харайлгасан Засаг дарга байсангүй. Ямартай ч хожмын өдөр Баясахын үед  хийгдсэн  гэж яригдах хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт байгаа.  Ер нь  хөшөө хэнд хэрэгтэй юм. Хөшөөг бүрэн хөгжчихсөн улс орнууд урлагийн бүтээл болгож сүндэрлүүлэх нь бий. Түүнээс сургууль, цэцэрлэгийн хомсдолд орсон улс орнууд хөшөө босгодоггүй л байхгүй юу. Найман жилийн өмнөх БЗД-ийн хөгжлийг өнөөдөртэй харьцуулж нэг үзээрэй. Иргэд нь амарч зугаалах газартай болсон байна. Та бүхэн Баянзүрх хайрханы өвөр, Дарь эх цогцолбортой танилцаарай. Сайхан сэтгэгдэл төрөх биз. Олон улсын байгууллагуудтай хамтран тэдний дэмжлэг туслалцаатайгаар, улсаас нэг ч төгрөг авалгүйгээр хэд хэдэн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан гээд дурдвал ч ажил хийсэн шүү.

 Таныг Засаг дарга болсон үеийг санаж байна. Тэмцэл дунд л дөрвөн жилийг үдлээ?  

БЗД-ийн иргэд манай багийг улс төрийн ямар нөхцөлд ажилласан гэдгийг маш сайн ойлгодог юм. Өмнө нь Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажиллачихсан, дүүргийнхээ амьдрал ахуйг мэддэг хүний хувьд ажлаа хүлээж авсан даруйд мөнгөгүйгээр ямар ажил хийж болох, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юуг   шийдэх, дүүргийн төсвийг юунд зарцуулах вэ гэх тухайд санаа зовох зүйл байгаагүй. Ингээд хамгийн түрүүнд  мөнгөгүйгээр хийж болох ажлаа барьж аван НҮБ-ын Хүүхдийн сантай дөрвөн жилийн хугацаатай  гэрээ байгуулан “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Дээрээс дарамтлах хэдий ч өөрөө хөөцөлдсөний дүнд  хүүхдийн цэцэрлэг гурвыг  шинээр ашиглалтад оруулсан. Тухайн үед хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Түүнчлэн арав гаруй цэцэрлэгт гэр бүлгийг шинээр байгуулсан. Бүгдийнх нь 00 асуудлыг бүрэн шийдсэн. Японы “ Өвсний үндэс” хөтөлбөрийн дүнд дөрвөн цэцэрлэгийн барилгад их засвар хийлгэсэн. Солонгосын Сүрьеэгийн эсрэг байгууллагатай хамтран 28 хорооны  хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлтийг хийж чадсан гээд нэрлэх ажил зөндөө бий. Тэмцэл намайг хурцалсан ч байж мэднэ.

Нийслэлийн төсвийг бүрдүүлэхийн тулд татаасын хэмжээг жил бүр  нэмэх болсон.  Баянзүрхэд  дүүргээ тэжээх хэмжээний аж ахуйн нэгж хэд байна?

Уг нь байдаг. Даанч гайгүй татвар төлдөг газруудыг нийслэл татаад авчихдаг юм. Өнгөрсөн онд манай аж ахуйн нэгжүүд  дүүргийн төсөвт 31 тэрбумыг төвлөрүүлсэн. Харамсалтай нь энэ жил  коронагоос болоод 50 хувиар тасарсан. Нийслэл манайхыг  зургаан тэрбум төгрөг төвлөрүүл гэсэн.   Бидний арга үйлээ барж төвлөрүүлж байгаа тэр зургаан тэрбумыг усан оргилуур мэтэд зарцуулчихаж байгаа юм.  Гэтэл тэр их мөнгөөр 200 ширхэг хогны машин худалдаж авсан бол дүүрэгт маань хэрэгтэй байлаа.

БЗД-ийн Засаг даргыг нь одоо хүртэл батламжлаагүй нь ямар учиртай юм?

Ер нь бол улстөрч хүн зарчимтай байх, хэрэгтэй шударга байх хэрэгтэй, хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Эрх барьж байгаа намд энэ бүхэн байхгүй. Үнэн хэрэгтээ дүүргийн МАН ялагдлаа хүлээхээс айсаар дөрвөн жилийг үдлээ. Хувь хүн ч ялгаагүй, улс төрч  ч ялгаагүй ялагдаж сурч гэмээнэ амжилтад хүрч, түмэн олноор хүрээлүүлнэ  шүү дээ.

Тэгвэл та ялсан адмирал байх нь ээ?  

Ялсан адмирал.

Та сая ялсан адмирал хэмээн  бахдалтай нь аргагүй хэллээ.   Бас “ Эрх баригчид  батламжлах, батламжлахгүй нь  хамаагүй ээ” гэж харцаараа  өгүүллээ?   

Би  олон удаа цээжнийхээ гүнд ингэж бодсон. Гэвч ардын намын дарга нарт дүүргийнхээ иргэдийн төлөө хэлэх үгээ хэлж, байр сууриа хамгаалсаар ирсэн. Хамгийн гол нь  би  ганцаараа биш байхгүй юу. Миний ард манай намын гишүүд,  дэмжигчид дээрээс нь  АН-д итгэл хүлээлгэн  саналаа өгсөн баянзүрхчүүд  маань  байдаг юм.  Тухайн үед   эрх баригчид  тохиролцоё,  наймаалцая гэж байсан. Баянзүрхчүүдийн хийсэн сонголтыг тохиролцож болдоггүй л байхгүй юу.

Халуун чулуун дээр суух хэцүү биз?  

Хэцүү, хэцүү.   Хэцүү байлаа гээд шантарч явсангүй. Намынхан нь батлахгүй байгааг мэдсээр байж Баянзүрх дүүрэг Засаг даргагүй гэж ирээд л дуу нь чангарах их хурлын гишүүд хүртэл байна шдээ. Дөрвөн жилийн турш ДИТХ-даа нэг ч суугаагүй МАН-ын  төлөөлөгч өнөөдөр  нэр дэвшиж байна гээд хандивын дансаа нээсэн байна лээ. Ийм ёс зүйгүй нөхдүүд байхад миний халуун чулуун дээр сандайлах  юу ч биш.

БЗД  хүн амынхаа тоогоор  Хэнтийг гурав дахин, Сүхбаатарыг тав  дахин нэмсэнтэй тэнцэх юм билээ. Ингэж тооцохын учир та өөр аймагт засаг дарга  байсан бол ?

Би ингэж бодож үзсэн шүү. Аймаг бол газар нутаг том ч дүүргийн дэргэд жижигхэн.   Дээр нь бүх эрх мэдэл нь байна.  Хамгийн гол нь хот төлөвлөлт.  Ардчилсан нам нийслэлд дөрвөн жил засаглахдаа их зүйлийг хийсэн.  Э.Бат-Үүл хотын даргын хэм хэмжээг тогтоосон. Хэрхэн яаж ажиллах учиртайг биеэрээ харуулсан хотын дарга. Тэгэхэд 26 жил Ардын нам засаг барьчихаад дөрөвхөн жил засагласан  Ардчилсан намыг муулах нь  утгагүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөлтийг хийж чадаагүй л байгаа.

Нийслэл  заримдаа эзэн биегүй харагддаг. Дүүргүүдийн хийсэн сайн ажлыг “бид хийсэн гээд өөртөө наагаад л?  

Яг үнэндээ  аль дүүрэгт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг л шийддэг газар. Ажил нь цаасан дээр л явагддаг байхгүй юу.  Дүүргүүд шийдвэр гаргах эрх мэдэлгүй, судалгааны байгууллага болж хувирсан.  Дүүрэг найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрөл өгөх эрх мэдэлгүй гээд төсөөл дөө. Тэгэхээр төрийн байгууллагын бүтэц, тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Бусад дүүрэг  адилхан уу?

Бүгд адилхан. Тэгсэн мөртөө хууль бус үйлдлүүд гарахаар дүүргийг хаа, зогсоо гэнэ.

 Баянзүрхчүүдэд  хандаж  хэлэх үгийг тань сонсмоор байна?

Гол нь бид төрийн байгууллагуудын уялдаа холбоо, аль байгууллага яг ямар ажлыг хийдэг вэ гэдэг тэр ялгааг сайн ойлгоосой гэдгийг хэлмээр байна. Иргэд маань бүх зүйлийг зөвхөн дүүрэг хийдэг гэсэн буруу ойлголттой байдаг гэтэл тийм биш. Мөн хийсэн ажил маань алдаа оноотой, шүүмжлэх зүйлтэй л байх. Гэхдээ хувь хүнийхээ зүгээс дүүргийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө, дүүргээ өнгөтэй өөдтэй болгохын төлөө зүтгэж, ажилласан гэдгээ хэлэх байна. Надтай сэтгэл зүрхээрээ хамт байж, дэмжиж ирсэн баянзүрхчүүддээ үргэлж талархаж, тэр хэрээр урам авч ажилласаар өнөөдөртэй золгосон. Намайг дарга гэдэг өнцгөөс биш хувь хүн талаас минь харвал  илүү ойлгох байх аа. Би хамтдаа бүтээж чадсан, чадах ч болно.