Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна

Улс төр

     Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
 
“E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг цаг алдалгүй иргэдэд хүргэдэг болж байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн, нэгдсэн бүххүнд талархал илэрхийлээд, “E-Mongolia” систем төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Үүний үр дүнд тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наядад хүрч, нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль саяхан батлагдлаа. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож байна. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг цогцоор нь шийдэх “20 минутын хот” концепцийг боловсруулж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Нийслэлийн төв дэх эрх мэдэл, төрийн үйлчилгээний төвлөрлийг задлахад “E-Mongolia” системийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард “E-Mongolia” нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд  86 байгууллагын 1233 үйлчилгээ нэвтэрчээ. “E-Mongolia”  жилийн өмнө 3.0 хувилбараа танилцуулж байсан бол өнөөдөр илүү дэвшилтэт 4.0 хувилбараа нээж хэрэглээнд нэвтрүүллээ.