Б.Мөнхсоёл: Монголбанк бизнесийг дэмжихийн тулд бодлогын хүүг 8 хувь болголоо

Улс төр

 

Монголбанк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гарсантай холбогдуулан энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа. 

Бодлогын есөн хувиас найман  хувьд хүргэж бууруулах шийдвэр гаргалаа. Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд бодлогын хүүг бууруулсан энэ удаагийн шийдвэрийг та хувь эдийн засагчийн хувьд хэрхэн дүгнэж, харж байна вэ?

-          Анх корона ба эдийн засаг гэсэн ойлголт гарч ирээд, энэ нь өрх гэрүүд, аж ахуйн нэгжүүд болон макро эдийн засгийн түвшинд хүндрэлүүд үүсгэж эхэлсэн. Тэр үеэс л авах ёстой байсан арга хэмжээнүүдийн нэг нь бодлогын хүүг бууруулах байсан. Эхний удаад Монголбанк бодлогын хүүг 11 хувиас 10 хувьд хүргэж бууруулж байсан. Тухайн үед би бодлогын хүүг нэг оронтой тоо руу оруулах хэрэгтэй гэж харж байсан. Төд удалгүй дахин бууруулж есөн хувь болгосон. Одоо бодлогын хүү найман хувь болж буурч байна. Энэ нь эдийн засгийн таатай бус нөхцөл байдалд, ялангуяа микро эдийн засгийн нөхцөл байдлаа харахад шаардлагатай алхам байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бизнесийг дэмжих шаардлага бий болчихсон. Зах зээл дээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлийг тэлэх, хэрэглээг тэлэх замаар эдийн засгаа өдөөхөд тус дөхөм болно. 

Зах зээл дээр урт хугацаатай репо санхүүжилт хийх замаар банкуудын сайн активыг худалдан авч, 8.5 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор болж байна. Мөнгөний бодлогын уламжлал бус ийм арга хэрэгсэл ашиглаж эхэлснээр зах зээл дээр ямар хүлээлт, нөлөө үзүүлэх вэ?

-          Энэ нь бодлогын хүүг бууруулсан шийдвэртэйгээ уялдаатай байх. Арилжааны банк төв банк хоорондын зээлийн хүү 8 хувь болчихсон. Арилжааны банкнаас гадагшаа зах зээл рүү гарах зээлийн хүүнд тодорхой хугацааны дараа нөлөө орж, буурах ёстой. Нөгөө талдаа иргэдийн болон арилжааны банкуудын хувьд байнгын тулгамдсан асуудал нь санхүүгийн эх үүсвэр байдаг. Зарим тохиолдолд арилжааны банкуудад өндөр хүүтэй ч хамаагүй зээлийн эх үүсвэр шаардлагатай болдог. Тэр утгаараа зээлийн хүүгээс тусад нь авч үзэхэд эх үүсвэр шаардлагатай. Үүнээс гадна гурав дахь асуудал нь хугацаа. Монголын хувьд зөвхөн зээлээс гадна бизнест хөрөнгө орууллаа гэхэд түүнээс авах өгөөжөө маш богино хугацаанд сэтгэдэг. Энэ нь эргээд бизнесийн салбарыг хөгжихөд саад тотгор учруулдаг. Энэ утгаараа хоёр жилийг ч бас их урт хугацаа гэж хэлэхгүй. Гэхдээ одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад бас ч гэж боломжийн урт хугацаатай эх үүсвэрийн суваг нээж өгч байгаа нь их зөв шийдвэр. Гэхдээ энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа гэж ойлгосон. 

Мөнгөний бодлогын хүрээнд бодлогын хүүгээс гадна репо санхүүжилт гээд хоёр сувгаар мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж өгөхөөр болж байна. 

-          Макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийг авч үзвэл гадаад худалдааны тэнцэл алдагдал ихтэй. Уул уурхай, олборлох салбарын орлогын хэмжээ эрс багассан.  Мөн гадагшаа төлөх ёстой төлбөрийн тулсан хэрэгцээ байгаа. Төсвийн алдагдал мөн өндөр байгаа үед бодлогын хүүг бууруулсан нь  нэг талаар эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж, компани, аж ахуйн нэгжүүдийнхээ тогтвортой байдлыг хадгалж, төсвийн орлогоо нэмэгдүүлье гэж байгаа бол эдийн засгийн ийм онцгой үед бодлогын зоригтой шийдэл гаргах зайлшгүй шаардлагатай. Корона ба эдийн засаг гэсэн энэ ойлголт юуг илэрхийлж байна вэ гэхээр аливаа зүйлийг уламжлалт сэтгэлгээгээр харахаасаа илүүтэй аль болох тухайн нөхцөл байдалдаа шинжилгээ хийж, бодлогын шийдвэрийг түргэн шуурхай гаргах, “маневр“ сайтай ажиллах нөхцөл байдлыг тулгаж байгаа. Бусад эдийн засгийн хувьд энэ байтугай олон арга хэрэгслээр  эдийн засгийнхаа цусны эргэлтийг дэмжиж өгч байгаа. Гэхдээ Монгол улсын хувьд илүү нарийн дүн шинжилгээтэйгээр, хянамгай, болгоомжтойгоор шийдэл гаргах хэрэгтэй. Үүнээс илүү шийдлүүд хийхэд хүндрэлтэй. Өндөр хөгжилтэй орнуудад бага хүүтэй сангууд бий болгож, түүндээ нөөц хөрөнгө хуваарилж байна. Бодлогын хүүгээ бараг 1, 2 хувь руу оруулж байна. Мөн моргейж буюу ипотекийн зээлээ царцааж байна. Монголбанкны хувьд ч бас ипотекийн зээлийг царцаах, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд оруулах хугацааг сунгасан зэрэг арга хэмжээ авсан.

Энэ бүх шийдвэрүүдийн эдийн засагт нөлөөллөө үзүүлж эхлэх хугацааг та хэр ойрхон харж байна вэ?

-          Мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөгөө үзүүлж эхлэх хугацааг дунджаар гурван сар ба түүнээс дээш гэж үздэг. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж байгаа нь зарим талаар их өндөр лдөө. Анх 11 хувь байсантайгаа харьцуулахад одоо 3 нэгж хувиар буураад байна. Гэхдээ энэ дунд миний бодлоор бодлогын хүүг 9 хувь болгосны дараах нөхцөл байдалд бүр хүчтэй нөлөө үзүүлсэн гэж харахгүй байна. Тийм учраас бас хугацааа шаардагдах байх. Гэхдээ 8 хувь болгосны дараах нөхцөл байдлыг өмнөх 9 хувь болгосон шийдвэрийн үр нөлөөтэй хольж, хутгаж болохгүй.

Бодлогын шийдвэрүүд зээлийн хүүг бууруулах зорилт руу хүрэхэд хэрхэн нөлөөлөх бол?

-          Онолоороо бол бодлогын хүү буурахад зээлийн хүү дагаад буурдаг. Гэхдээ зээлийн хүү буурах хамгийн том хүчин зүйл нь макро эдийн засгийн тогтвортой байдал шүү дээ. Гэтэл манай улсын хувьд эдийн засаг маань тогтвортой байж чадаж байна уу. Улс төрийн шийдлүүд тогтвортой байж чадаж байна уу гэдэг асуудал бий. Аливаа тогтворгүй байдал эрсдэл бий болгодог. Эрсдэл нэмэгдэхээр тэрхүү эрсдэлийн өртөг зээлийн хүүнд нөлөөлдөг. Тэгэхээр энэ мэт байдлыг засах ёстой юм.

Ярилцсанд баярлалаа.