Х.Баттулга: Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам юм

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж баруун бүсийн аймгуудад ажиллав. Тэрбээр Увс аймгийн ажилтай танилцлаа. Энэ үеэр  “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд тус аймагт болсон чуулга уулзалтад оролцож үг хэлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ бүсчилсэн хөгжил, үүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг, мөн дэд бүтцийн хөгжлийн ач холбогдлын талаар онцолсон юм. Тэрбээр “Бизнесийн салбарын зовлон бэрхшээлийг мэдэх, ойр явсан хүний хувьд өнөөдөр Монгол Улсад ийм санаачилга аймаг, дүүрэг монгол даяар дэлгэрч, баялаг бүтээгчид нэгдэж, хоршиж ажиллаасай гэж бодож байна. УИХ-ийн гишүүн О.Цогтгэрэл баялаг бүтээгчдийн эгнээнээс улс төрд орсон хүн. Баялаг бүтээгчдийн хүчийг төвлөрүүлэх, бизнесүүд бүх шатандаа хамтран ажиллах боломжийг нээх уулзалт, чуулганыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. Баяр хүргэе! Өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засгийн явж ирсэн замнал, Засгийн газар, төрөөс бизнест хандах хандлага, бизнес эрхлэгчдийн хэрэглэж ирсэн арга барил, сэтгэлгээ зөв эсэхийг бид эргэцүүлэн, шинэ зам, шинэ хандлага, шинэ арга барил олж авах цаг болсон.  

Миний бие БНХАУ-ын Чиндао хотноо айлчлах үеэрээ Монголын баруун бүсийн нь халдварт өвчин гардаггүй бүс тул мал ба малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох талаар нухацтай ярилцсан. Ер нь БНХАУ-тай худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх, үүндээ Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох талаар тодорхой ярилцсан байгаа. Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд урд хөрштэй 1,400 орчим км газраар хиллэдэг. Үүний цаана халал аргаар боловсруулсан мах хэрэглэдэг 38 сая хүний зах зээл байгаа. Бид хэрвээ Бургастайн боомтыг ашиглаж чадвал, хилийн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох талаар төр өөрөө бодлого гаргаж, хэлэлцээрүүдийг хийж чадвал бизнесүүд өөрсдөө санаачилгатай ажиллана.

Нөгөө талаар  2010 онд Зам, тээврийн сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулсан. Төмөр замын асуудлыг баруун аймгийнхан, ялангуяа “Шинэ эдийн засаг-Увс” форумд оролцож байгаа бизнес эрхлэгчид маш нухацтай анхаараад аваарай. Яагаад гэвэл энэ төмөр замаар дамжин Кызыл-Абакан-Красноярск чиглэлтэй холбогдоно. Баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого одоогоос арван жилийн өмнө гарсан. Та бүхэн хэвлэл, мэдээллээс харж байгаа байх. Зүүнбаянгаас Цогтцэций, Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх 700 орчим км төмөр замын дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, энэ оны арванхоёрдугаар сард анхны тээвэр хийгдэх гэж байна. Түүхэндээ анх удаа 700 км төмөр замыг монгол залуучууд, инженерүүдийн хүчээр бүтээн босгоод эхэлсэн. Ийм бүтээн байгуулалтыг 21 аймагт, тэр дундаа алслагдсан, баруун бүсийн аймгуудад мөн зүүн бүсийн аймгуудад эхлүүлэх ёстой. Тийм учраас үүнийг ярих гэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилсан “Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын уулзалтыг зорин ирсэн юм. Одоо монголчууд гаднын гар харахгүйгээр, зээл авахгүйгээр төмөр замаа өөрсдөө тавьж болдог гэдгийг харуулсан юм чинь яагаад баруун бүсийг холбосон дэд бүтэц, төмөр зам тавьж болохгүй гэж.

Тийм учраас өнөөдөр энд ярьж байгаа энэ дэд бүтцийн ажилд баруун бүсийн бизнес эрхлэгчид, баруун аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, уриалгаа гаргаад, 2010 онд батлагдсан бодлогыг хэрэгжүүлэх тал дээр санаачилгаа гаргаад ажиллаач гэж хүсье.

Энэ бодлогыг би өөрөө УИХ-аар батлуулсан, энэ бол Монгол Улсыг хөгжүүлэх цорын ганц алхам гэдгийг ойлгочихсон учраас Ерөнхийлөгчийн хувьд Та бүхнийг зорин ирж, энэ бүхнийг ярьж байна. Төмөр зам тавих юм бол баруун аймагт амьдардаг наян настай хөгшин, найман настай балчир галт тэргэнд суугаад, унтаад сэрэхдээ Улаанбаатарт ирсэн байдаг болъё л доо. Эмнэлэгтээ үзүүлж, үйлчилгээгээ аваад Улаанбаатараас галт тэргэнд сууж, маргааш өглөө нь Увс, Ховд, Баян-Өлгий аймагтаа ирсэн байдаг болмоор байна шүү дээ.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам юм. Бусад орнууд төмөр замаараа хөгжсөн. Ингэж дэд бүтэц, ложистикоо хөгжүүлсний дараа бизнес эрхлэгчид хүссэн хүсээгүй эвлэлдэн нэгдэж, том асуудал руугаа орно.

Баруун бүс бол сүүлийн 48 сард малын гаралтай халдварт өвчин гараагүй бүс гэдгийг ойлгуулж, малын гарал үүслийн судалгааг хийдэг болчихсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн газар Төв Азийн орнуудын мал эмнэлгийн газруудыг урин авчирч, гэрээ хэлэлцээрүүдээ хийчихсэн байгаа. Ер нь манай хонины мах Төв Ази, Азидаа маш том брэнд болох боломжтой. 180 мянган малчин өрх маань малын гаралтай түүхий эдээ экспортод гаргаж, орлоготой болох зүйлийг л би яриад байгаа юм. Малчин баян байхгүйгээр Монгол Улс баян байхгүй ээ. Малын гаралтай бүтээгдэхүүн экспортод гарч байж, энэ том газар нутаг маань эзэнтэй болно. Энэ газар нутгийг малчин хүмүүс эзэнтэй болгож байна. Одоо төр бодлогоо гаргаж, малаас гаралтай түүхий эдийг бүгдийг нь экспортлох боломжтой болгоход манай бизнес эрхлэгчид дэмжээд явчихна. Баруун, зүүн, төв гэсэн гурван бүсээр бизнесийн ложистикийн бодлогыг гаргахгүй бол алслагдсан бүсийн аймаг сумдаас малын гаралтай түүхий эдийг Улаанбаатарт ирж борлуулахад хэцүү гэдгийг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энийг бодлого болгох тал дээр орон нутгаас сонгогдсон гишүүд нам харгалзахгүйгээр лобби бүлэг байгуулсан. Үүнийг дэмжиж ажиллана. Бид байн­гын холбоотой ажиллах ёс­той. Гурван сая монголчууд бидэнд маш богино хугацаанд сэхэх, босох боломж байгаа. Ганц­хан төрийн бодлого, тө­рийн түшээдийн эх оронч сэт­гэл­гээ дутагдаад байгаа юм” гэлээ.

Завхан аймагт ажиллаж иргэдийн санал хүсэлт, байр суурийг сонслоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баруун бүсийн аймгуудад ажиллах үеэрээ  Завхан аймгийн ажилтай танилцаж тус аймгийн иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ төвөөс алс оршдог бүсийн аймгуудын дэд бүтцийн асуудлыг онцоллоо. Тэрбээр дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын уялдаа холбооны талаар байр сууриа илэрхийлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого онцгой үүрэг гүйцэтгэдэг гэлээ.

Ингээд иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв. Иийнхүү иргэд орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа Төрийн тэргүүнд ярьж үзэл бодлоо илэрхийллээ.

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Дамдинсүрэн:

-Монгол хүн гэдэг бол агуу их ухаантай, монгол өв соёл, уламжлалын агуу түүхтэй. Монгол өв соёл, түүх, ёс уламжлал гээгдсэнээс болоод өнөөдрийн энэ нийгмийн саар асуудлууд гарч байна. Өнөөдөр гэхэд хэдхэн хүн төр, засгийн эрхэнд гарчихаад хүнийг хайрлахгүй болсон нь монгол ёс, заншлаа гээснийх гэж боддог. Бид монгол ухаанаар ирээдүйг нэгтгэмээр байна. Монгол их өв соёлоор хүүхдийг сурган хүмүүжүүлэх, ялангуяа боловсролын салбарт шингээж өгч, монгол ухаантай, сэтгэлийн их шуналгүй, боловсролтой хүмүүсийг багаас нь бэлтгэмээр байгаа юм. Боловсрол гэдгийг дэлхий нийт, монгол ухаанд их өргөн цар хүрээгээр хардаг шүү дээ. Өнөөдөр Монголд мэдлэг чадвартай хүмүүс олон ч, харин боловсролтой хүмүүс хомс болоод байна шүү. Монгол Улс  уудам нутагтай сайхан эх орон. Өвөг дээдэс маань “Бурхан гуйсан ч бүү өг” гэж бидэнд захисан. Үүний төлөө үе үеэрээ яаж тэмцэж ирснийг бид түүхээс, киноноос хараад нулимс унаган үзэж суудаг. Тэгэхээр уул уурхайг хөгжүүлж, газраа ухаад бидэнд ямар ашиг ирсэн юм бэ. Монголын гуравхан сая хүнийг хангалттай тэжээх хөрөнгө ганцхан уурхайгаас гарч ирж байгаа шүү дээ. Гэтэл хэд хэдэн уурхайгаар зогсохгүй дахин дахин ухаад байгаа энэ уул уурхайн лицензүүдийг цэгцэлж  өгнө үү.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Д.Цацрал:

-Би сумандаа жижиг оёдлын цех ажиллуулдаг. Манай суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн ажилчдын хувцсыг хийж, ажлынхаа 60-70 хувийг бүрдүүлдэг. Ер нь алслагдсан орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад  хүндрэлтэй. Үүнд төр засгийн бодлого маш их хэрэгтэй байна. Арьс шир үнэгүйдлээ гээд малчид ярьдаг. Үүнийг боловсруулах ажиллах хүчнийг МСҮТ-д бэлтгэх мэргэжлийн ангийг нь нээгээд  өгөөч. МСҮТ-д бэлтгэгдсэн ажиллах хүчнийг ажлын байраар хангаад,  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ зогсох эхний хоёр, гурван жилд нь төр засаг  хамтраад дэмжээд өгвөл боломж байна гэж үздэг.

“Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв”-ийн захирал Л.Саранцэцэг:

-Завхан аймгийн хувьд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавиад, тэр хүрээнд 24 сумандаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд аймгийн 24 суманд тоног төхөөрөмж үнэгүй өгсөн юм. Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж маш олон жил ярьж ирлээ. Дээрээс нь тоног төхөөрөмж өгч, маш их хэмжээний төсөв хөрөн­гө зарцуулдаг хэрнээ зөв­лөх үйлчилгээ огт үзүүл­дэг­гүй. Тухайн иргэнд бизнес эрхлэх талаар болон бүтээг­дэхүү­нээ борлуулах арга замыг нь зааж өгөөгүй тохиолдолд тэр үйлд­вэр­лэл хөгжихөд маш хүнд­рэл­тэй. Харин манай бай­гуул­лага зөвлөх үйлчилгээ үзүүлснээр есөн сарын хугацаанд эцсийн бүтээгдэхүүнээ гаргасан. Хог дээр гарсан гээд байгаа түүхий эд болох нэхийг боловсруулаад, нэхий жилетка, мешок, хүүхдийн өлгий зэрэг бүтээгдэхүүний гаргаж, үзэсгэлэн худалдаагаар борлуулж, анхныхаа борлуулалтыг авчихсан. Үүнд манай байгууллага үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэн   хэрэгжүүлээч гэсэн хүсэлт тавих гэсэн юм.

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Т.Болдбаяр:

-Манай аймаг дулааны цахилгаан станцгүй аймгуудын нэг. Нэн түрүүнд дулааны цахилгаан станц хэрэгтэй байна. Дулааны цахилгаан станцтай болбол үйлдвэр барих мөнгөтэй залуучууд манай аймагт бий. Үйлдвэрт нэн түрүүнд дулаан, ус нь хэрэгтэй байдаг. Мөн манай ногоочдод нэг асуудал байна. Усалгааны суваг нь 1970-аад оных, цөөхөн га газар усалдаг шуудуутай. Үүнийг даруйхан томсгомоор байх юм. Шийдээд өгчихвөл ногоочид маань улаан сармис болон бусад төрлийн ногоо тарина. Мөн ногоочдын цахилгааныг нь татаад өгдөг бол тэндээ ногоогоо арчилж, хам­гаа­лахад нь их тустай байхаар байна.

Т.ЖАНЦАН

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)