Эрх мэдэл, албан тушаалын шантаажчин Л.Наранбаатар МАН-ыг “манаргана”

Улс төр

Төрийн өндөр сэнтий, албан тушаал мөрөөдөгсөд болон амар хялбар аргаар богино хугацаанд түрийвчээ түнтийлгэх хүсэлтэй ашиг сонирхолын зөрчилтэй нөхдүүд хаа сайгүй болсон цаг. Тэгээд сонгууль бүрт өөрийгөө сойж олон нийтэд танигдахын тулд   ямар нэгэн дүр бүтээгсэд олширсоныг цахим ертөнцөөс түвэггүй харж болно. Тэдний нэг төлөөлөл нь “Гложекс майнинг консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал  Л.Наранбаатар. Өөрийгөө уул уурхай, эрдэс баялгийн эдийн засагч, хэмээн зарлаж УИХ-ын 2016, 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн ч өөрийн булхайтай үйлдлээс болж нэр дэвшигчээс хасагдсан байсан билээ. Өөрийгөө “тэмцэгч” хэмээн олон нийтэд харуулахыг хичээж ирсэн ч шантаажчин гэдэг үг түүнийг байнга дагаж явдаг. Хэвлэл мэдээллийн хуудаснаа  Л.Наранбаатар бусдыг шантаажилсан гэсэн мэдээлэл гарах нь элбэг. Тэрбээр өдөгөө МАН-д элсч намын гишүүний үнэмлэхээ саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гардан авчээ. Эрх мэдэл албан тушаалын төлөө АН-ыг тэр дундаа Дархан-Уул аймгийн АН-ыг  бусниулж, хөл толгойгүй болсон мэтээр ярьж явсан энэ эр одоо МАН-ыг манар­гах л байх даа. Эрх мэдэл албан тушаал өгөхгүй бол элдэв ян­зын шантааж хийж сурсан гэх юм билээ. Олны үг ортой байдаг даа. 

Л.Наранбаатар 2013 онд Дархан-Уул аймгийн АН-ын дарга болсон байдаг.  Гэвч хувийн амбиц, шантааж нь хэрээс хэтэрч  журмын нөхөдтэйгээ ам мурийж намын даргын ажлаа өгөхөд хүрч байж. Түүнийг  дарга болсоноосоо хойш хэрхэн эрээ цээрээ алдаж аашилж байсаныг Дархан-Уул аймгийн АН-ын нөхөд нь “А-Я” хүртэл нь хэвлэл мэдээллээр мэдээллэж байсан удаатай. Ингээд аргагүйн эрхэнд намын даргын суудлаа өгсөний дараа “Асар их дарамт шахалтаас болж ажлаа өглөө” хэмээн өрөвдүүлэх тактик хэрэглэж хэвлэлийн хурал хийж байсан билээ. Тэрбээр сонгуульд нэр дэвших болгондоо л булхай, будлиан хутгаж явсаныг гишгэсэн мөр, хийсэн ажил нь харуулж ирсэн. Намын даргын суудлаа өгсөний дараа Дархан-Уул аймгийн “АН-ыг шинэчлэх хөдөлгөөн”  байгууллаа хэмээн эрх мэдлээ буцаан авахыг оролдсон ч АН-ын удирдлага, гишүүд, журмын нөхдөөсөө дэмжлэг авч чадаагүй билээ.  Тэрбээр 2016 онд Дархан-Уул аймагт нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшинэ. Дэвшүүлэхгүй бол бие даан нэр дэвшиж санал хуваана хэмээн шантаажилж явсаныг  журмын нөхөд болон, Дархан-Уул аймгийн иргэд  мартаагүй нь лавтай. Тухайн үед Л.Наранбаатар бие даан нэр дэвшсэн. Гэвч 250 хүний гарын үсэг хуурамчаар цуглуулсан нь батлагдсан учраас нэр дэвших эрхгүй болж хоцорсон.  Дараа нь  УИХ-ын 2016 оны сонгуульд Дарханы тойрогт нэр дэвшихээр санаархаж АН-ын дарга З.Энхболдыг шантаажилж эхэлжээ. Түүнийг огцруулах асуудал өрнүүлсэн ч ёстой л нөгөө “Байнд ч үгүй, Банзанд ч үгүй” гэдэг хэлц үг шиг  хоцорч намаасаа хөөгдөв. Ингээд  2016 онд  УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгийн  тойрогт бие даан нэр дэвшсэн ч дарханчууд шантаажчинд итгэл хүлээлгэсэнгүй. Л.Наранбаатар энэ бүх бүтэлгүйтэлийн буруугаа үргэлж журмын нөхөддөө тохож өөрөө энхийн цагаан тагтаа хэмээн ярьж хэлж ирсэн. Ийм ч учраас 2016 онд Монгол Улсын эдийн засгийн форумын хаалт дээр үг хэлж байсан  УИХ-ын  дарга, АН-ын дарга  З.Энхболд руу оймсоо тайлан шидсэн байдаг. 

Л.Наранбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч мөн л булхайтай үйлдэл нь илэрч нэр дэвших эрхгүй болсон. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос “Л.Наранбаатар нь хоёр эвсэлээс нэр дэвшсэн тул УИХ-ын сонгуульд  нэр дэвшигчээр бүртгэхээс  татгалзсан” хэмээн тайлбарласан юм. Түүнийг  “Зөв Хүн Электорат эвсэл” болон “Сахигтун! Үндсэн хуулийн-19” эвслээс нэр дэвшсэн гэдэг. Сонгуулийн хуульд “Тухайн нэр дэвшигч нь хуучин нам, эвсэлийн бүртгэлээс албан ёсоор нэрээ хасуулж байж өөр нам эвсэлээс нэр дэвшинэ” хэмээн заасан байдаг билээ. Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой” компанийг ногдол ашиг тараахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн ярих дуртай. Гэвч тус компанийг хэрхэн шантаажилт түрийвчээ түнтийлгэсэнийг  “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ, “Ногоон хас” зэрэг иргэний байгууллагын төлөөллүүд баримттай мэдээлэл цацсан байдаг.  Л.Наранбаатар 2017 оноос хойш тус компаниас  зарласан тендер бүрийг компанидаа авч, 1072 хувьцаа эзэмшигчдийн нэрийг барьж, хөндлөнгийн хяналт тавих нэрийдлээр удирдлагын багт орох шантааж  хийж иржээ. Тэрбээр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 40 мянган ам.доллар авсан гэдэг.  Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой” ХК хэзээ ч ашигтай ажиллаж ногдол ашиг өгөхгүй хэмээн өөрийн твитер хуудастаа жиргэж байв. Үүнээс хойш 2018 оны долдугаар сард  “Гложекс консалтинг” ХХК-ийн захирал Л.Наранбаатар “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 40 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна. Дараа нь 352 сая төгрөгийн тендерт оролцсон ч ялалт байгуулж чадсангүй. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах ёстой хэмээн ярьж эхэлсэн байдаг. Хэрэв тухайн үед тэр тендерийг авсан бол Л.Наранбаатар ногдол ашгийн талаар ам ангайлгүй дуугүй суух л байж дээ. Эрдэс баялгийн эдийн засагч хэмээн өөрийгөө зарлаж улс төр, эд мөнгөний шантааж хийдэг, төрийн өндөр албан тушаал хүсч мөрөөдөг явдаг Л.Наранбаатарын талаар цухас өгүүлэхэд ийм л байна.  

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)