Г.Батзаяа: Иргэд хуулийн мэдээлэл муу авдгаас болж, өөрт ирэх боломжоо алдаж байна

Улс төр

“Заяа&Золоо” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, хуульч, өмгөөлөгч Ганбатын Батзаяаг Ярилцах танхим”-даа урилаа. 

-Хоёулаа ярилцлагаа таны бага наснаас эхлэх үү?

-Манай аав, ээж хоёр Говь-Алтай аймгийн хүмүүс байдаг. Цэргийн болон худалдааны салбарт насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан сайхан хүмүүс бий. Харин би Эрдэнэт хотод төрсөн, айлын ууган хүү, доороо хоёр эрэгтэй дүүтэй. 

Том ах нь болохоор дүү нарынхаа асуудлыг зохицуулах үүрэг хүлээж бага насаа өнгөрүүлсэн дээ. 1998 он хүртэл Эрдэнэт хотын арван жилд суралцаж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирээд Төмөр замын 51 дүгээр сургуулийг төгссөн. Бусад хүүхдүүдийн адилаар ус, түлээгээ бэлдэх, дүү нараа харах, үнээ тугал хариулах зэрэг ажлыг хийж өссөн. Дунд сургуулиа төгсөөд Сонгино­хайр­хан дүүрэгт байр­лах Их Засаг Чингис СООСЭ Их Сургуульд дөрвөн жил хуульчийн мэргэжил сонир­хон, су­далж төгссөн. Энэ ут­­гаа­раа Сонгинохайрхан бол миний ажил, амьдралын гарааг бэлэг­лэ­сэн, буянтай газар гэж боддог.

-Амжилтын цаана гэр бүл байдаг гэдэг.  Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-Манай хүн Туркийн Станбулын Их сургуулийг төгсөөд 2013 онд Монголд ирсэн. Эхнэрийнхээ найзыг ажил төрлийн холбоогоор таньдаг байсан. Ингээд ажлын шугамаар уулзалдаж анх танилцаж байлаа. Эхнэрээ анх харахад хөөрхөн, нүдэнд дулаахан, сэтгэлд дотно охин байсан тул анхны харцаар шууд дурласан. Гурван сарын дараа сүй тавьсан даа. Том хүү маань 2014 онд, бага маань 2015 онд төрсөн.

-Өмгөөлөгч, хуульч хүний ажлын ачаалал их байдаг байх. Гэр бүлийн хүнтэйгээ хамтдаа ажлуудаа хэрхэн амжуулдаг вэ?

-Хуульчдын ажлын ачаалал ер нь их өндөр байдаг. Өдөржингөө гадуур явж үйлчлүүлэгчийнхээ хэрэг маргаанд холбогдох хүмүүстэй уулзах, шүүх, цагдаагаар явах ажлаа хийгээд орой нь сууж бичиг цаасныхаа ажлыг хийсээр 10 цаг гэхэд ажлаа дуусгадаг. Ингээд гэртээ ороход ихэнх тохиолдолд гэрийнхэн маань унтчихсан байдаг. Өглөө эрт хүүхдүүдээ босгох ёстой гэсэн том ажил байдаг учраас тэр. Эхнэр маань мянган мэргэжлийн эзэн гэдэг шиг гэр бүлийн арын ажлыг ихэнх тохиолдолд авч явдаг учраас түүнд би маш их баярлаж явдаг, бас хайртай.Амралтын өдрөөр аль болох дөрвүүлээ байхыг боддог. Хамтдаа сайхан газруудаар орох, хоол идэх, тоглоомын газраар хүүхдүүдээ тоглуулах, цэцэрлэгт хүрээлэнгээр алхах дуртай. Бүр боломжтой бол хотоос зайдуу газар, голын эргээр хамтдаа амрах дуртай. 

-Хүүхдүүдээ та ямар хүмүүс болоосой гэж боддог вэ? Тэд нартайгаа хамтдаа байхдаа юу хийж, ярилцдаг вэ?

-Аливаа нийгмийн хөгжил бол хүмүүсийн хөгжил байдаг. Өөрсдийгөө аваад явах бүрэн чадвартай, хариуцлагатай, цаашилбал эргэн тойрондоо болон бусдад нэмэртэй хүнлэг хүмүүс болгохыг хичээдэг дээ. Сургуулийн насны нэгтэй нь бол ихэвчлэн сурлагынх нь байдлын талаар, мөн ангид нь юу болсон, сургуулийн гадуур ямар үйл явдал тохиолдсон гээд л асуугаад ярилцана. Бага хүү маань хөдөлгөөнтэй учраас ингээгүй биз, тэгээгүй биз гээд л асууна, өглөө ангид нь хүргэж өгөөд хүүхэдтэй муудалцаж болохгүй, хоолоо булаацалдаж болохгүй гээд тэдэнтэй эвтэй байх талаар бас зөвлөж, захидаг.

-Хуульч, өмгөөлөгч мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу вэ?

-Долдугаар  ангид ортлоо ер нь хөдөлмөр болон биеийн тамираас бусад хичээлийг хийдэггүй хүүхэд байлаа. Хэд хоног гэртээ байх шаардлага гарсан санагдаж байна. Тэр хугацаандаа гэрт байсан хэд хэдэн номыг сонирхож уншаад эцэст нь хуульч гэдэг мэргэжил нийгэмд их чухал үр нөлөөтэй юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, нэг хүний төлөө тууштай ажиллаж чадах уу, шантрахгүй байж чадах уу гэдгийг бодоод өөрийн зан төлөвт тодорхой хэмжээгээр тохирч болохыг мэдсэн, мөн миний сонирхол байсан. Хүн ямар ч мэргэжил эзэмшсэн тухайн зүйлдээ дуртай, сонирхолтой байх тохиолдолд эерэг үр дүн заавал гарна гэдэгт би итгэдэг. Ингээд 8-р ангид орох үедээ хуульч болно гэж шийдээд түүгээр конкурс өгөөд хуулийн сургуульд элсэж байсан.

-Таны ажлын гараа хэрхэн эхлэв одоо ямар ажлууд дээр төвлөрч байгаа вэ?

-Их сургуулиа төгсөөд Тээвэр Хөгжлийн Банканд реферэнт, туслах ажилтнаас эхлээд хуулийн албаны ажилтан, санхүүгийн мэдээллийн албаны дарга, хуулийн албаны дарга хийж байгаад 2013 оноос өмгөөллийн “Заяа энд Золоо” хуулийн фирмийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. 2017 онд Олон улсын спортын арбитрын шүүхээс зөвшөөрөл авч, Олимпийн хороотой ярилцаж байгаад Монгол Улсад спортын хэрэг маргааныг шийдвэрлэдэг арбитрыг үүсгэн байгуулсан. Хамгийн сүүлд 2018 оноос iLAW хэмээх цахим платформ үүсгэн байгуулаад явж байна. Тус платформын давуу тал нь хүмүүсийн завгүй, мэдээллийг яг цагт нь авч амждаггүй хүмүүст туслах зорилгоор хууль зүйн анхан шатны туслалцаа, үйлчилгээг бүгдийг нь цахим орчинд шилжүүлье гээд, өөрөөр хэлбэл, хэрэглэгч үйлчлүүлэгч дурын үедээ гэртээ сууж байгаад хуульчтай цахимаар холбогдоод үйлчилгээ авах ийм боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Ахмадуудад тавьдаг байж болох нэг асуулт асууя. Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаандаа гавьяа шагнал авч байсан уу?

-Гавьяа шагнал авахын төлөө ажилладаггүй. Хийчих юмсан, бүтээчих юмсан, хүмүүст хэрэгтэй юм юу байна гэж хичээж ажилладаг. Зорьж яваа учраас үр дүнгүүд харагддаг. Зарим нэг шагналууд бас байдаг юм байна. Германы олон улсын чанарын агентлаг гэж бий. Тус байгууллагаас 2017 онд гаргасан “Чанарын алтан цом”-ыг Ази тивээс, тэр дундаа Монгол Улсаас манай фирм авсан байдаг. Энэ шагналыг авах гэж Энэтхэгийн Тато, Оросын Касперский, Солонгосын том авиа компаниуд өрсөлддөг. Энэхүү шагналыг хүртэх болсон гол шалтгаан нь бид 2013 онд хуулийн фирмээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг ихээр өгсөн байдаг. Жишээ нь зөвхөн Фэйсбүүк чатаар 8,000 гаруй иргэнд, Skype-тэй төстэй програмаар 2,000 гаруй иргэнд, мөн зөвхөн youtube дээр 1,000 орчим зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй байршуулсан, мөн хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай дугаар ажиллуулж байсан. Дараагийнх нь бидний сүүлийн үед хэрэгжүүлж буй iLAW төсөл байна. Тус төслийн хүрээнд сүүлийн 2 жилд 50,000 орчим иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн байна.

-Хуулийн салбарт засах, сайжруулах юм сан гэж бодож явдаг зүйлийнхээ талаар?

-Манай улсад 700 орчим хууль бий, хангалттай олон хууль бий. Эдгээр хуулийг хүн бүр хэрэгжүүлж, сахидаг байх ёстой. С.Нарангэрэл багшийн хэлсэн нэг үг бий, “хууль яах гэж гардаг вэ гэхээр хүний төрөлх зан чанарыг хязгаарлахын тулд” гэж. Иргэд мөрдөгдөж буй хууль тогтоомжийг мэддэггүй учраас өөрт ирэх байсан боломжийг алддаг, эдлэх ёстой эрхээ эдэлж чаддаггүй. Тэгэхээр шинэ хууль батлахаас илүүтэй мөрдөгдөж буй хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг Засгийн газар маань үр дүнтэй хийж хэрэгжүүлээсэй гэж боддог.

-Одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Ойрын хугацаанд судалгаан дээр ажиллаж байна. Нийслэл, дүүргийн хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн актууд хэр их үр нөлөөтэй байна, мөн батлан гаргахдаа харьяа дүүрэг хороодын иргэдээс санал авч байна уу үгүй юу, тэдгээр саналууд тусгагдаж байна уу үгүй юу гэдгийг судлах судалгааны ажил дээр төвлөрч байна. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт мөрдөгдөх журам боловсруулахын тулд тухайн дүүргийн иргэдээс заавал саналыг нь авч тусгаад, тэр хүрээнд баталдаг байх ёстой. Гэвч процесс бүх шатандаа хэрэгжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл иргэний оролцоогүй байх тусам иргэд хууль тогтоомж, дүрэм журмыг биелүүлэх нь хомс болдог. Тэгэхээр иргэдийн оролцоог хангасан шийдвэр гаргалтыг бий болгох, хоёрдугаарт амьдралаас хол хөндий хэрэгжих боломжгүй дүрэм журмыг засах сайжруулах эдгээр боломжийг судлах судалгааны ажлыг хийгээд ерөнхийдөө дуусч байна.

Ц.ЭНЭРЭЛ

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)