Навальныйг хордуулсны төлөө Европарламент оросын эсрэг хориг тавилаа

Улс төр

Европарламентын депутатууд оросын Авлигын эсрэг сангийн удирдагч Алексей Навальныйг хордуулсан хэрэгт хамааруулан оросын хэсэг хүнд хориг тавихыг  532 хүн дэмжиж тогтоол гаргалаа гэж “Чөлөөт Европ” радиогийн сэтгүүлч Рикард Йозвяк мэдээллээ. 

Үүний зэрэгцээ Навальныйг хордуулсан хэргийн мөрдөн шалгах олон улсын ажиллагаанд Химийн зэвсгийг хориглох байгууллага, Европын холбоо, НҮБ-ын төлөөлөгчдийг оролцуулахыг Европарламент уриаллаа хэмээн Би-би-си-гийн сурвалжлагч Бен Тавенер мэдээлж байна. 

“Улс төрийн аллага, хордуулах нь Оросын  дэглэмийн сөрөг хүчнээ намнах тогтсон зэвсэг, арга барил” гэж Европарламентын тогтоолд заасныг Euronews сайт иш татжээ. 

Алексей Навальныйн Авлигатай тэмцэх санг мөрдөн шалгаж байгаа хүмүүст хамааруулан тавьж байгаа энэ хоригт тэр хүмүүсийн Европт байгаа хөрөнгийг царцаах, “Умардын урсгал-2” хийн хоолой барихыг хориглох асуудал оржээ. 

Оросын эрх баригчид сөрөг  хүчний гол төлөөлөгч Навальныйг дуугүй болгохын тулд  “Новичик” бүлгийн хороор хордуулсан гэж Европарламентын хэвлэлийн алба тэмдэглэсэн байна. 

Алексей Навальный  наймдугаар сарын 20-нд Томскоос Москва орохоор нисч яваад бие нь муудсаныг Омскийн эмнэлэгт хүргээд 22-ны өдөр Германд аваачин эмчилж эхэлсэн. Германы цэргийн лаборатор Навальныйн биеэс “Новичик” бүлгийн хор илэрсэн гэж мэдэгдсэн бол үүнийг Франц, Шведийн лабораториуд баталсан юм байна. 

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

2020.9.21 ДАВАА № 076 (5376)