Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчдийг улс орнууд хэрхэн шийтгэдэг вэ

Улс төр

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэх явдал жилээс жилд өссөөр байна. Дэлхийн улс орнууд бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг шийтгэх талаар ёстой янз бүрийн туршлага хуримтлуулж. Бүр хуучны уламжлалт харгис хатуу шийтгэл ч байна. Хамгийн аймаар нь эмзэг бүлгийн хүүхдүүд ийм хүчирхийлэлд илүүтэй өртөж байгаа юм.  

Аймшигтай статистик

Орост 18 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 8-20 жил шоронд хорих ялаар шийтгэдэг байна. 12-14 насны хүүхэд хүчиндсэн бол 3-10 жил байх жишээний. ОХУ-ын Холбооны зөвлөлийн Хуульзүй, төрийн байгууллын хорооны орлогч Елена Мизулина насанд хүрээгүй хүүхэд хүчиндэх хэргийг давтан үйлдсэн хүмүүсийг бүх насаар нь хорих  нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. Тэрээр Омск хотноо нэг өдөр гурван ч хүүхдийг хүчирхийлсэн жишээг татаж ингэж хэлж байна. Тэр этгээд өмнө нь бас ийм хэргийн төлөө шийтгүүлж байжээ. 

ОХУ-ын Төрийн Думын гишүүн Ирина Яровая 2017 оны эхний хагас жилд гэхэд л улс даяар насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн долоон мянган эрүүгийн хэрэг үүсгэсэн мэдээ хэлж байна. 

Дэлхийн улс орнуудад 

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэгчдэд оногдуулж байгаа ялын талаар хамгийн шилдэг хууль эрхзүйтэй орныг тодруулах нь төвөгтэй зүйл. Насанд хүрээгүй хүүхэд гэдгийг ч улс орнууд янз бүрээр авч үзэж байгаа. Мексикт 12 нас хүртэл  эхэлж байгаа бол Турк, Умард Америкийн хэд хэдэн мужид 18 нас хүртэл гэж байх жишээний. 

Норвегид насанд хүрээгүй хүүхэд хүчиндэх нь  өвчин  гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ л хэдэн сараас хэдээс хэдэн жил хүртэл хорьдог. Заримдаа түдгэлзүүлнэ. Онцгой тохиолдолд 10  хүртэлх жилийн ял өгнө. 

АНУ-д бол насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн сүмийн гэгээнтэн 74 настай Дональд Шисслерт 210 жилийн хорих ял оноож байсан түүх бий.. Денверийн тойргийн шүүх ийм ял өгч байсан. Ер нь АНУ-д гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн нас зэргээс болоод муж бүр өөр өөр шийтгэл ногдуулдаг. Ерөнхийдөө л  хэдэн арваас бүх насаар нь, заримдаа бол бүр хэд хэдэн бүх настай нь тэнцэх хэмжээгээр хорих ял өгдөг байна. Зарим тохиолдолд цаазаар авах ял онооно. 

Казахстанд бага насны хүүхэд хүчиндэгчид 8-15 жилийн хорих ял өгдөг байна. Украинд энэ шийтгэлийг чангатгахаар ярьж байгаа. 

Германд хүүхдийн эсрэг бэлгийн гаж үйлдлийн төлөө зургаан сараас 10 хүртэл жилийн ял өгдөг. Онцгой тохиолдолд хорих ялын жил нэмэгдэнэ. 

Гэхдээ бас насанд хүрээгүй хүүхэд хүчиндэгчийг шийтгэх өөр арга хувилбар бий. Зарим улс оронд насанд хүрээгүй хүүхэд хүчиндэгчийг нийгэмд аюултай гэж үзээд эмнэлгийн аргаар “хөнгөлж” аюулгүй болгох шийтгэл хэрэглэдэг болж байна. АНУ-д анх удаа ийм хүчиндэгчийг химийн аргаар хөнгөлөх болж идэвхтэй хэрэглэж байна. 

Химийн аргаар хөнгөлөх  аргыг удаан хугацааны хорих ялын оронд сайн дурын үндсэн дээр тохиролцож хийнэ. Онцгой тохиолдолд энэ аргыг албадан хэрэгжүүлнэ. Өнөөдөр химийн аргаар хөнгөлөх шийтгэлийг Их Британи, Герман, баруун Европын ихэнх орон, Израиль, Өмнөд Солонгост хэрэглэж байна. 

2010 оны хавар Аргентины Мендоса муж хорих ялыг нь хөнгөлөхөөр сольж 11 хүнд хэрэглэсэн байна. Кенид бүр энэ ялыг хэрэглэх эсэхийг 2004 оноос хэлэлцэж байна. Энэ улсад онгон охидтой хавьтах нь СПИД-ийг эдгээнэ гэсэн итгэл үнэмшилтэй  холбоотойгоор бага насны хүүхэд хүчирхийлэгчид ихээхэн эсэргүүцэл үзүүлж байжээ. 

Орост хэдэн жилийн өмнө бүр мэс заслын аргаар хөнгөлөх хувилбарыг Төрийн думд ярьж байсан удаатай. Энэ талаар хэд хэдэн оронд ийм яриа болж байсан. Чехийн хууль тогтоогчид  бэлгийн булчирхайг нь тайрах тухай ярьж байлаа. Ганцхан Европын холбооны зөвлөл ийм “харгис” аргаас татгалзахыг уриалж байсан юм. 

Чехийн 2012 оны хуулиар “хөнгөлөх” энэ шийтгэлийг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хүнд үйлдэх юм. 2000 оноос хойш энэ аргаар 300 орчим гэмтнийг шийтгэжээ. 

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндэгчид өөр бас сонин ч гэмээр хатуу шийтгэл ногдуулдаг уламжлал зарим улс оронд бас байна. Индонезид гэхэд л бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд шийтгэлийн хэдэн хувилбар бий. Нэг бол хүүхдийн жинтэй тэнцүү алт өгөх, эс бол хүчиндүүлсэн хүүхдийн эцэг эх нь гэмт этгээдийг чулуугаар цохиж алах гэсэн шийтгэл  байдаг.

Х.ӨЛЗИЙ