Цовоо бэрс

Улс төр
П.Нүрзэдийг АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоход олон хүн” Ангарагаас ирсэн  зочин чинь энэ үү, тэгээд” гэх байдлаар хүлээж авсан байж мэднэ. Уг нь мань хүн намдаа цоо шинэ хүн биш. Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн намын үүр, хороог дамжин зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нэгэн. Одоо тэр шаглуулж, мадлуулах эрхгүй их өргийн ард суугаад байгаа билээ. Түүний талаар муу хэлэх хүн одоогоор алга. Тэгэхээр их хашир бэрс бололтой. Түүнтэй  чамгүй хугацаанд шадарласан журмын нөхдүүд нь “Хүсвэл тэр шанага усаар шатаж буй түймрийг унтрааж чадах адтай нэгэн” хэмээн тодорхойлсон. Гэхдээ хэн болохоо одоогоор таниулаагүй л байгаа. Германы нэрт зохиолч Э.Ремаркийн хэлсэнчлэн “Хүний араншинг дарга болсон хойно нь мэдээрэй” гэдэг дээ. 
 
Гаднах төрхөөрөө ч мань эр улаан хацарлачихаад шал хөдөөний амьдтан харагддаг л даа. Гэвч түүнийг басч болохгүй юм билээ. Магадгүй аз гийсэн шатрын хүү шиг морь, тэмээний нүүдлээр нүүсээр байгаад бэрс гарсан цовоо  нөхөр  байхыг  үгүйсгэхгүй. Улс төр бол шатар юм. Шатарт хэн түрүүлж нүүсэн нь хожих нь ч бий, хаширлаж  “хүүгээ түлхэх үү, тэргээ хөдөлгөх үү” гэсээр байгаад  хожигдох нь ч  байдаг.  Намын гал тогоо барьж суугаа хүний хувьд  нүүдлээ хэр хурдан хийхээс орон нутгийн сонгуулийн үр дүн шууд хамаарна.  Учир нь ажлаа шуурхайлахаас өөр аргагүй цаг хугацааны хайчин дунд тэрбээр ширээний ард суусан.  Одоо АН-ын хувь заяаг  өнгөрсөн цаг хугацаанд хийсэн нүүдлүүд бус ирээдүйд хийх нүүдлүүд нь   тодорхойлно. 
 
Ц.ЭНЭРЭЛ