Б.Оюумаа: Сонгуулиар иргэдийн регистрийн дугаарыг цуглуулж байвал цагдаад хандаж шалгуулах учиртай

Улс төр

Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил ямар шатанд явна вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явж байна. Уг сонгуулийн хуульд заасан цаг хугацаатай ажлыг бид түүвэрлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард цаг хугацааны хуваарийг баталсан. Өнөөдрийн байдлаар улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн баримт бичгийг хүргүүлэх хугацаа дууссан. Сонгуулийн хороод энэ баримт бичгийг нягтлан шалгах, нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргах ажил хийж байна. Орон нутгийн сонгууль нь нэлээд онцлогтой. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны оролцоо нь орон нутгийн Сонгуулийн хороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Харин Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг СЕХ гардан зохион байгуулдаг онцлогтой. 

-Сонгуулийн хэдэн хороо, хэсэг байгуулагдсан бэ?

-Аймаг, нийслэлд нийт 22, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт  Сонгуулийн хороо тус бүр байгуулагсан. Мөн 2100 орчим хэсгийн хороо байгуулагдсан. СЕХ-ноос саяхан хэсэг нэмж байгуулах шийдвэр гарсан байгаа. Энэ нь тойргынхоо зохицуулалттай уялдан гарч байна.

-Орон нутгийн сонгуульд хэдэн тойрогт, хэчнээн нам, бие даагч нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа бол. СЕХ нэгдсэн мэдээлэл ирсэн үү?

-Нэг аймагт 3-6 нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байсан. Нийслэлд 13 нам нэг эвсэл сонгуулийн хуульд заасан хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Зарим нам  хамтарч сонгуульд оролцохоор нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүргүүлсэн байгаа. Одоо нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад тогтоолоо гаргах ажил хийгдэж байна. Ийм учраас нэр дэвшигчдийн тоог эцсийн байдлаар өнөөдөр хэлэх боломжгүй. Ер нь орон нутагт хоёр шатны сонгууль явдаг. Өөрөөр хэлбэл орон нутагт аймаг, сумын ИТХ, Улаанбаатар хотод нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөллийг сонгох сонгууль хамт болдог. Тэгэхээр орон нутгийн Сонгуулийн хороод уг сонгуулийг удирдан зохион байгуулдаг учраас СЕХ сонгууль дууссаны дараа бүх тоон мэдээллийг нь нэгтгэж авдаг. Сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даан нэр дэвшигч, тойрог, мандатын тоо харилцан адилгүй гарна. Тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг нь өөрсдийн хүн ам,  нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч тойрог, мандатын тоогоо тогтоодог тогтолцоотой. 

-УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдийн нэрсийн жагсаалт шинэчлэгдэж гарсан. Одоо энэ жагсаалтад өөрчлөлт орох л байх даа?

-Тийм. Монгол Улсад 18 насанд хүрсэн иргэн сонгогчийн эрх эдэлдэг. Тухайн сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн бүх иргэн санал өгөх эрхтэй болох юм. УИХ-ын сонгуулийн үеэр зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө 18 насанд хүрсэн иргэд санал өгч байсан. Одоо аравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 насанд хүрсэн хүмүүс сонгогчдын нэрсийн жагсаалтад нэмэгдэн бичигдэж санал өгнө гэсэн үг. Үүнээс гадна гадаад руу явсан болон нас барсан иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасаг­дана. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг УБЕГ шинэчлэн гаргаад өөрийнхөө сайтад байр­шуулсан. Сонгогчид түүнтэй танилцаад өөрийн мэдээллээ шалгах боломжтой юм. 

-Сонгуулийн үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориг­ло­дог. Хэзээнээс хориглох вэ?

-Иргэний шилжилт хөдөл­гөөний сонгууль товлон зарласан өдрөөс эхлээд санал хураалт дуусах өдөр хүртэл зогсоодог. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн гэдэг асуудал орон нутгийн сонгуульд байхгүй.  Учир нь орон нутгийн сонгуульд тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугчаар бүртгүүлсэн 180-аас дээш хоног өөрийн хаяг дээр амьдарч буй иргэд санал өгнө. 

-УИХ-ын сонгуулийн үеэр ажиллаж байсан санал авах байруудад өөрчлөлт орсон уу?

-УИХ-ын сонгуулийн үеэр санал авах байр, хэсэг 2070 байсан. Үүн дээр одоо 100 гаруйгаар нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл орон нутгийн сонгуулийн тойрог, зохион байгуулалттай холбоотойгоор зарим хэсгүүд хуваагдаж буй юм. Сонгуулийн хэсгийн мэдээллийг УБЕГ өөрийн цахим хуудастаа байршуулсан байх ёстой. Эндээс аль хорооны, хэддүгээр байрны иргэн хаана очиж санал өгөх вэ гэдгээ харах боломжтой гэсэн үг. 

-Урьд өмнөх орон нутгийн сонгуулиар хэчнээн төрлийн саналын хуудас ашиглаж байв. Хэдэн саналын хуудсаа хэзээ хэвлэх вэ?

-Өмнөх сонгуулийн багцааг харвал 1800 гаруй төрлийн саналын хуудас хэвлэгддэг. Жишээлбэл, УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль 29 тойрогтой явагдсан. Тэгэхээр 29 төрлийн саналын хуудас хэвлэсэн гэсэн үг. Харин орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд салаад явчихаар маш олон төрлийн саналын хуудас хэвлэгддэг. Нэр дэвшигчдийг  бүртгэх шийдвэр гүйцэд гараад нөхөн нэр дэвших хугацаа дууссанаас хойш саналын хуудсаа хэвлэнэ. Ингээд хуульд заасан хугацаанд багтааж орон нутагт хүргэх юм. 

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр иргэд регистрийн дугаар бүртгэж аваад байна гэсэн гомдол нэлээд гаргаж байсан. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

-Сонгуульд ажиллуулна, хэнд санал өгөх вэ гэх зэргээр иргэдийн регистрийн дугаар бүртгэж аваад байна гэсэн гомдол СЕХ-нд утсаар, цахим хуудсаар нэлээд ирсэн.  Ийм тохиолдолд иргэд хэн гэдэг хүн ямар утасны дугаараас хандаад буйг нь цагдаагийн байгууллагад баримттай нь мэдэгдэж шалгуулах учиртай. СЕХ энэ асуудлыг шалган шийдвэрлэх эрхгүй. Регистрийн дугаар нь хувь хүний хязгаартай мэдээлэл. Хувь хүний дахин давтагдашгүй дугаар учраас хаа хамаагүй, хэн дуртайд нь  өгдөг зүйл биш. Цагдаагийн байгууллага шалгаад иргэдийн регистрийн дугаарыг цуглуулж хууль бус үйлдэлд ашиглах гэж байгаа нь тогтоогдвол тэр этгээдэд хариуцлага тооцох ёстой. Сонгуулийн үер иргэд рүү утсаар ярих зэргээр регистрийн дугаар цуглуулах нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого байх талтай. Тэгээд өөрийг чинь хэнд санал өгсөнийг нь регистрийн дугаар нь мэддэг гэсэн яриа гаргадаг гээд байгаа. Бидэнд баримтаар нотлоод гомдол гаргасан асуудал одоогоор алга. Амнаас ам дамжсан ийм яриа л яваад байна. Гэвч үүнийг хэн ч хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахгүй байгаа юм. Тэгэхээр ийм хууль бус үйлдэл гарвал албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулаад цэг тавиач ээ гэж иргэдийг уриалмаар байна. Нөгөө талаар иргэдийн регистрийн дугаарыг ашиглаж хэнд санал өгснийг нь мэдэх ямар ч боломж байхгүй. Бүртгэлийн систем, санал тоолох төхөөрөмжийн систем хоёр тус тусдаа байдаг. Саналын хуудас дээр иргэдийн регистрийн дугаар байдаггүй шүү дээ. 

-Зөрчил гаргасан нэр дэвшигчдийн асуудлыг хэдий хугацаанд, хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сонгуулийн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол цагдаагийн байгууллагад гом­дол гаргана гэсэн хуулийн заалттай. Цагдаагийн бай­гуул­лага Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлээд явна. Хэрэв Сонгуулийн хо­роо­дын бүрэлдэхүүн сон­гуулийн хууль зөрчвөл Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Гомдол маргааны онцлог байдлаас шалтгаалаад сонгуулийн жилдээ багтааж бүрэн шийдвэрлэх хуулийн заалт бий. Энэ нь өмнө сон­гуулиудтай харьцуулбал гомдол маргааныг хурдан шийд­вэр­лэх хуулийн зохицуулалт юм. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөх нөхцөл боломжоор хэрхэн хангаж байна вэ?

-Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох, сонгох эрхийн асуудлыг нэлээд ярих болсон. Төрийн болон төрийн бус байгууллага уг асуудлыг хөндөж байгаа. Бид 2012 оны сонгуулиас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар тодорхой ажил хийж ирсэн. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл хавтас ашиглаж байна. Мөн тэдэнд зориулсан гарын авлага гаргасан. Мөн сул хараатай иргэдэд зориулж томруулсан үсгээр хэвлэсэн. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэн санал өгөх эрхээ хэрхэн эдлэх талаар гарын авлага гаргаж эрхийг нь хамгаалдаг байгууллагуудад хүргүүлсэн.  Бас санал авах байруудад орох гарах гарц хийх асуудал тавьж байгаа. УИХ-ын сонгуулийн өмнө НХХЯ-наас СЕХ-нд Японы туршлага дээр суурилсан зөвлөмж ирүүлсэн.  Үүнийг судалж байгаад богино хугацаанд шууд хэрэгжүүлэх боломжтой асуудлыг нь санал авах байрны ажилтнуудад хүргүүлсэн. Жишээ нь сонсголын бэрхшээлтэй иргэн ороод ирвэл яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдэг тал дээр анхаарах талаар тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн гаргасан санал санаачилгыг ч гэсэн тусгаад ажиллаж байна. 

-УИХ-ын сонгуулийн талаар зарим нам, нэр дэвшигчид гомдол маргаан гаргаад байгаа. Энэ асуудлыг хэдийд шийдвэрлэх вэ?

-УИХ-ын сонгуулийн үр дүн, зохион байгуулалттай холбоотой шүүхэд хандсан гомдол маргаан үндсэндээ шийдвэрлэгдээд дууссан. Бусад гомдол маргааныг  шийдсэн. Нийт гомдол маргаан гаргасан зургаан тохиолдол бий. Түүний тавыг нь шийдвэрлэсэн. Эдгээрээс өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал байхгүй. Дүн мэдээтэй холбоотой гомдол маргаан гарвал СЕХ, Үндсэн хуулийн Цэц, шүүхэд шууд гомдол гаргах эрх нь хэн бүхэнд нээлттэй байгаа. Харамсалтай нь гомдол маргаанаа шууд хандаад шийдвэрлүүлэхийн оронд олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацах явдал гарч байна. Тэгээд албан ёсоор хандаж гомдлоо шийдүүлээч гэхээр ирэхгүй байх тохиолдол нэлээд гардаг.  СЕХ болон шүүхэд хандсан маргааныг хуулийн хугацаанд нь шийдээд явж байгаа.

Т.ЖАНЦАН