Л.Наранбаатар МАН-д элсчээ

Улс төр

Ардчилсан намын гишүүн байсан, эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсч, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс намын батлахаа гардан авчээ. Нэгэн цагт Ардчилсан намынхаа дарга З.Энхболдыг эсэргүүцэж, оймс шидэж явсан Л.Наранбаатар АН-ын гишүүн гэхээсээ илүү "тэмцэгч"-ийн дүрээр олон нийтэд танигдаад байсан юм.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны асуудалд олон жил шүүмжлэлтэй хандаж, иргэдэд ногдол ашиг олгох ёстой хэмээн тэмцэж ирсэн. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, хоёр ч намаас нэр дэвшсэн хэмээн СЕХ үзэж, бүртгэхээс татгалзаж байсан юм. Энэ үйлдлийг тэрбээр З.Энхболдын үйлдэл хэмээж байсан ч тэгсхийгээд намжсан.

Ийнхүү эдийн засагч Л.Наранбаатар МАН-ын гишүүн болсон талаараа "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт, хичээнэ ээ" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.