Х.Баттулга: Монголын төр хүүхэд, эхчүүдийн төлөө их зүйлийг хийх болно

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга Хэнтий аймагт ажиллах үеэрээ онцгойлон цаг гаргаж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулж өгсөн юм.  Монгол Улсын түүхэнд  төрийн тэргүүн нь орон нутагт нь очиж, “Эхийн алдар” одонг хүндэтгэлтэйгээр энгэрт нь зүүж өгч байсан  тохиолдол  үгүй юм билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга 290 ээжийг баярлуулаад мордлоо.   Төрийнхөө тэргүүнээр одонгоо  зүүлгэн магнайгаа тэнийтэл баярласан ээжүүд ийн сэтгэгдлээ хуваалцсан. 

Ч.Адьяасүрэн: Эх хүний жаргал гэж үүнийг л хэлэх байх

/Бор-Өндөр сум/

Өнөөдөр над шиг жаргалтай хүн энэ орчлонд үгүй биз ээ. Төрийнхөө тэргүүнээр Алдарт эхийн II зэргийн одонгоо зүүлгэлээ.  Сэтгэгдэл маш өндөр байна.  Хань маань надаас дутуугүй баярлаад,  Чингисийн талбай дээр  хүлээж байгаа. Манай гэр бүл, миний дүү нар энэхүү баярт үйл явдалд маш өндөр ач холбогдол өгч, зуу гаруй км-ийн цаанаас зүтгэсээр  Өндөрхаан хотод ирсэн. Ирсэн нь ч болж. Ирээгүй  бол төрийнхөө тэргүүнээр одонгоо зүүлгэхгүй  үлдэх байсан.   Ээж маань намайг  одонгоо авахаар явахын өглөө “ Төрийн том том шагналыг л Ерөнхийлөгч гардуулж буй харагддаг. Миний охин азтай юм аа” хэмээсэн. Үнэхээр би азтай хүн юм байна.  Миний ээж бас  эхийн II  зэргийн одонтой. Би гурван охин, нэг хүүтэй. Том охин маань  15 настай, бага хүү маань ой таван сартай.  Нөхөр бид хоёр сумандаа дэлгүүр ажиллуулдаг.  Нэг нь дэлгүүртээ зогсч нөгөө нь бараандаа явна. Шөнийн бор хоногт л гэрийн бараа харна шүү дээ. Том охин, ээж хоёр маань бүх ар талын ажлыг даадаг. Би гурван охиндоо “ Эр хүний гар харж амьдрахгүйгээр өөрийнхөө хүч чадлаар амьдрах ёстой “ гэж захидаг. 

Г.Болортуяа: Би дөрвөн хүүгийн ээж, дархан бэр хүн

/Бор -Өндөр сум/

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  Алдарт эхийн II одонгоо хүртсэндээ баяртай байна.   Төрийн тэргүүний зарлигийг сонсч суух тэр мөчид их зүйл бодогддог юм байна. Манайх дөрвөн хүүтэй. Тэд маань өсч том болоод айл гэрийн ноён нуруу, хүний  сайн хань болох учиртай. Тийм  байхын үндэс суурийг одооноос тавьж өгөхийг хичээж яваа, нөхөр бид хоёр. Би өөрөө хүний дээдтэй ханилсан азтай хүн.   Ирээдүйн бэрүүд маань ч над шиг жаргалтай сайхан амьдарч, нүд нь цолмон адил гэрэлтэж яваасай гэж   мөрөөдөж сууна.  Хөвгүүдийг хүмүүжүүлэхэд эцэг, эх хоёроос ихээхэн хичээл зүтгэл шаардана шүү. Би хөвгүүдээ онц сур гэж шаарддаггүй. Гагцхүү өөрийн амьдралыг аваад явах хэмжээний ажил сурахыг өдөр бүр захидаг, сургадаг. Миний ээж бас нэгэн цагт эхийн одон авч байсан. Ээжийнхээ адилаар энгэртээ одон гялалзуулсан ижий боллоо. Нөхөр маань баярлаад л “одоо яах вэ” гэсээр гадаа үлдсэн. Ханиийнхаа   надаас илүү баярлаж байгааг   харж, мэдэрч зогсоно гэдэг юугаар ч сольшгүй аз жаргал юм байна. Ханьдаа, ханийнхаа аав ээжид, өөрийнхөө аав, ээждээ  дөрвөн хүүдээ, ах дүү нартаа бүгдэд нь хайртай шүү гэж хэлж байгааг минь сониноороо дамжуулж өгөөрэй.  Өнөөдөр их сайхан өдөр байна.  

Д.Шижиртуяа: Манай голоос ганцхан би л төрийн тэргүүнтэй гар барьж үзлээ

/Хэнтий аймгийн Норовлин сум/

Үнэхээр  сайхан өдөр байна. Энэ өдрийг хэзээ ч мартахгүй.  Зурагтаар дандаа хардаг улсынхаа Ерөнхийлөгчөөс алдарт эхийн I зэргийн одонгоо хүртлээ.  Их том хүн харагдаад байдаг юм, гэтэл надаас нэг их өндөргүй юм байна. Их дөлгөөн, сайхан зантай хүн байна, надад одон зүүж өгөхдөө “Баяр хүргэе” гэж хэлж байна лээ. Би айгаад нүүр рүү нь эгцэлж харж чадаагүй. Алдарт эхийн II зэргийн одонг хүртэж байх үедээ залуу байгаад өнөөдрийнх шиг баярласан нь үгүй болов уу. Ичээд байсан санагдах юм. Өнөөдөр харин зургаан хүүхдээ эрүүл энх өсгөж, өрх гэр бүлээ сайн сайхан авч яваа учраас төрийн  тэргүүний  өмнө нүүр бардам зогсч байлаа. Манай голоос төрийн тэргүүнтэй гар барьж үзсэн хүн нь ердөө би. Бүх насаараа баярлаж, ярих, дурсах  зүйлтэй боллоо.  Хань маань сайн яваад ирээрэй гээд  сумандаа үлдсэн. Машины чимээ чагнаад л намайг хүлээж байгаа байх. Би гэдэг хүн одонгоо зүүсэн, гоё амьтан очно шүү дээ. Манайх зургаан хүүхэдтэй. Том хүү цэргийн алба хааж байгаа. Том бага хоёрын дунд дөрвөн охин бий. Тэднийгээ сайн хүн болгож, өсгөж хүмүүжүүлнэ. Эцэг эх хоёр нь эв найртай, ажил  сайтай бол үр хүүхэд  ч ялгаагүй сайн хүн болж өсч өндийдөг.  Бидний аав, ээж зааж зааварлаад сүйд болохгүй ч биеэрээ үлгэрлэдэг байлаа. Тэр л жишгээр үрсээ  сургаж байна. Манайх тэмээнээс бусад малтай. Амьдрал болоод л байна. Малчны хүүхдэд эрхэлж наадах зав байхгүй шүү дээ.  Айлын өнгө төрх бүсгүйчүүд  бидний  толь учраас цэвэрхэн, цэмцгэр амьдрахыг хичээдэг.   Өсгөж хүмүүжүүлсэн хоёр талын аав ээждээ баярлаж  байна, энэ мөчид. 

Ч.Лхагвасүрэн: Миний хоёр охин Алдарт эх боллоо

/Дархан хотын иргэн/  

Сэтгэл маань үнэхээр сайхан байна. Олон жилийн өмнө би бас эд нар шиг Алдарт эхийн  I.II одонгоо хүртэж байлаа. Том охин маань бас дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, одонтой ижий.  Өнөөдөр миний хоёр дахь  охин маань эгчийнхээ араас  Алдарт эхийн II зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүртлээ. Би охиндоо баяр хүргэхээр Дархан хотоос ирсэн. Миний охин Хэнтийн бэр болоод арав  гаруй жилийн нүүр үзэж буй. Их сайхан нутаг юм, ээлээ өгсөн хангай байна аа.  Ахмад хүний хувьд өнөөдөр одон хүртсэн бүх ээжүүдэд баяр хүргэх байна. 

Б.Нармандах: Хань маань Ерөнхийлөгчтэй зургаа авахуулаарай гэж захисан

/Баян-Уул сумын малчин/

Миний амьдралд тохиох хамгийн баярт мөчийг хуваалцаж буй бүх хүнд баярлалаа гэж хэлэх байна. Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч танд ажлын амжилт хүсэн ерөөе. Би эгэл жирийн малчин ээж. Ээжийнхээ захиж сургаснаар сайн ээж, сайн хань байхын төлөө хичээж л явна. Сайн яваа эсэхийг ээж маань л хэлэх байх. Дархан хотын унаган иргэн. Төв суурин газарт өсч хүмүүжсэн хэдий ч хайр сэтгэлээ дагаад хүний нутагт айлын бэр болсон. Мал маллах сайхан. Хүүхдүүд маань эхнээсээ тусад орж л байна. Хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөж, хүмүүжүүлэхийн төлөө хичээх болно оо. Хань маань маш их баярласан. Миний дээл хувцсыг барьж гүйгээд л. Одоо гадаа хүлээж байгаа. Намайг шагналаа авахаар явах гэж байхад Ерөнхийлөгчтэй заавал зургаа авахуулаарай гэж захисан. Би даалгаврыг нь биелүүлсэн. 

Д.Ганбат: Намайг сайхан цайтай хэмээн голынхон маань магтдаг юм

 /Батноров сумын нэгдүгээр багийн малчин/

Монгол Улсын Ерөнхий­лөг­чөөс одонгоо хүртлээ. Би их баяртай байна. Манай сумаас арав гаруй хүн ирсэн. Сумын Засаг дарга маань бидэнтэй хамт ирсэн.  Эх хүн ямар байна, үр хүүхэд тийм л байна.  Тиймээс хүүхдүүддээ сайн ээж байхын төлөө хичээсээр ирсэн, одоо ч хичээж л явна. Манайх дөрвөн хүү, хоёр охинтой.  Том хүүхэд гуч хүрэх гэж байгаа, бага нь таван настай.   Хүргэнтэй, бэртэй,  хоёр ач, нэг зээтэй  их өнөр өтгөн айл болсоон.  Баярт мөчид хань Пүрэвмаадаа, хүүхдүүддээ  хайртай шүү гэж хэлэх байна. Бид хоёрын нэр солигдсон юм шиг, их сонин байгаа биз. Хөдөөний малчин бид бусдын жишгээр л амьдарч байна. Гар хөдлөхгүй бол ам хөдлөхгүй шүү дээ. Тиймээс дөрвөн цагийн эргэлтэд малынхаа хотонд л аж төрж байна даа. Амьдрал боломжийн. Гол нь хүүхдүүд маань хүмүүжил сайтай, эцэх эхийнхээ үгнээс гардаггүй. Айл гэр болцгоосон ч биднээс асууж, зөвлөсөн хэвээр яваа. Би хүүхдүүдээ бага байхад нь өөрөө л  дээл хувцсыг нь оёод өгчихдөг байсан. Аав ээжийнхээ олгосон хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн. Сайн сайхан л амьдарч байна даа. Үүнээс илүү жаргал гэж хаана байх билээ.  Ер нь бол эмэгтэй хүн ундтай, устай амьдрал ахуйгаа сайхан аваад явчихдаг байхад л болно. Манай голынхон намайг цай сайтай гээд л магтаад байдаг юм. Ээжээсээ сурсан хэрэг. Миний охидууд ч бас сайхан цайтай. 

П.Байгальмаа: Цэл залуу нас минь нялх хүүхэд, нялх төлийн дуу хоёрын дунд өнгөрсөн

/Батноров сумын малчин / 

Үнэнийг хэлэхэд, зарим талаар коронад талархаж байна. Корона гараагүй бол хөдөөний малчин бид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одонгоо гардаж авахгүй байсан биз ээ. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрын нэг нь л дуудаад гардуулах байсан болов уу. Х.Баттулга Ерөнхийлөгч маань “баяр хүргэе” гээд мал сүрэг нь өсч байна уу хэмээн онцолж асуусан. Энгийн, сайхан хүн байна лээ.  Өмнө нь одон хүртсэн эхчүүд тэр бүр Ерөнхийлөгчөөр одонгоо зүүлгэсэн гэж дуулддаггүй юм. Тэгэхээр энэ жил  бид нарын од гийж. Манайх дөрвөн  охин,  хоёр хүүтэй.  Том хүү хорь гарсан. Удахгүй айл гэр болох биз. Бага маань ой есөн сартай.   Манайх овоо олон тооны малтай. Мал маллахын сацуу зургаан хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй хөдөлмөр шүү. Эхний гурав дээрээ нөхөр бид хоёр жаахан тэвдсэн.   Бага гурвыг ах, эгч нар нь “чирээд “ л өсгөчихөж байгаа юм чинь.   Би өөрийгөө хүний сайн хань, хүүхдүүддээ сайн ээж гэж боддог шүү.   Цэл залуу нас минь  нялх төл, нялх хүүхдийн дуу хоёрын дунд л өнгөрсөн байдаг юм. Тэглээ гээд буруудаагүй. Аль аль нь буян хишгээ харамгүй хайрласан.  Өнөөдөр үр хүүхдүүд минь эрүүл энх өсч торнин, эцэг эхдээ тус нэмэртэй сайхан л байна. Элэг бүтэн байхын жаргал  шиг хосгүй жаргал энэ хорвоод үгүй билээ. Төр ч олон хүүхэд, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн хөдөлмөрийн өндрөөр үнэлэх болсон байна. Үүнд би баяртай байгаа. Ерөнхийлөгч маань ч сая   эх, хүүхдийн сайн сайхны төлөө Монголын төр их зүйлийг хийх ёстой. Үүний төлөө би ажиллана гэлээ. Их сайхан санагдаж баярлаж суулаа. 

М.ДАВААДУЛАМ