Н.Алтангэрэл: Хан хэнтийн малчдын зөвлөлийг байгуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах асуудлыг шийдэж чадвал манайх илүү хурдацтай хөгжинө

Улс төр

Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Н.Алтангэрэлтэй  цаг үе хийгээд хөгжлийн  асуудлаар манай сурвалжлагч  ярилцсан байна.

-Та сая хандлангийн бригадаас ирлээ хэмээсэн. Хэнтий аймаг  хичнээн тонн хадлан бэлтгэвэл өвлийг өнөтэй давах бол?

-Энэ жил хавар эрт бороо орсон, зуншлага их сайхан эхэлсэн. Хэнтий аймгийн хойд бүсээр   зуншлага сайхан болсон. Манай буриад зон  ажилч хичээнгүй хөдөлмөрч ард түмэн.  Хадлангийн ажил ид өрнөж буй.  Нэг айл дунджаар 700-800 бухал өвс хадаж, базаана шүү дээ. тиймээс  айл өрх, хүн бүр л эрвийх дэрвийхээрээ хөдөлж  байна даа. Бороо хур ихтэй учраас ургац хураалт жаахан оройтож эхлэх болов уу гэсэн төлөвтэй байна. Ургацын болц болоогүй ч гэсэн ургалт сайн, ургац арвин байгаа. 

-Хэнтий аймаг хөгжлөөрөө 21 аймгийг тэргүүлдэг байсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд хөгжлийн хурд саарч, зогсонги  байдалтай болсон нь илт анзаарагдаж байна? 

-Өнгөрсөн 2012-2016 онд төр барьж байсан АН Хэнтий аймгийн төлөө нэлээд сайн, бодлого төлөвлөлттэй, бүтээн байгуулалттай, үр дүн, өгөөжтэй он жилүүд өнгөрсөн. УИХ-ын гишүүн Ц.Гарамгайбаатар, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөсний үр дүн байсан л даа. 2016-2020 оны Засгийн газар болон Хэнтий аймгийн удирдлагуудын хувьд хийсэн, бүтээсэн зүйл мэдээж байгаа. Бүгдийг үгүйсгэхгүй. Ггэхдээ иргэд рүү чиглэсэн, гарт баригдаж нүдэнд харагдах үр дүн, бүтээн байгуулалт юу байна гэвэлбас хэцүү л харагдаж байна. 2012-2016 оны хооронд маш их бүтээн байгуулалт хийсэн бол сүүлийн дөрвөн жилд бодитой үр дүн маш бага, харагдахгүй байгаа. Гэхдээ аялал жуулчлалын чиглэл рүү хандсан бүтээн байгуулалт хийгдэж байна. Дадал сум руу Чингис хааны цогцолбор, Батноров суманд Андлалын өргөө, Биндэр суманд Их хуралдайн өргөө гэх мэт түүхийн аялал жуулчлалын чиглэлээр хөгжил дэвшил бол байна. Гэвч тэдгээр бүтээн байгуулалт нь хүн бүрийн сэтгэлд нийцэхээр зүйл хараахан болж чадахгүй байгаа юм. Төсөв мөнгө нь хэтэрхий өндөр байна. Ганцхан баримт дурдахад, 960 хүүхдийн хичээлийн байрнаас өндөр төсөвтэй нэг цогцолбор баригдаж байх жишээтэй. Энэ асуудалд ард иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Түүнийг нь хэлэхээр “...төр, засгаа шүүмжиллээ” гэсэн хуучин социалист нийгмийн үеийн хандлагаар хандаж байна. 2000 оноос хойш Дадал сум руу зам тавина гэсэн асуудал яригдсан ч одоог хүртэл бүрт зам тавьж чадаагүй л явна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Бэрх, Өндөрхааны чиглэлд 70 км зам тавина гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан атлаа одоогийн байдлаар 20 км зам л тавьсан байна. Түрүүчийнхээ мөрийн хөтөлбөр, амлалтыг биелүүлж чадаагүй мөртлөө сая  2020 оны УИХ-ын сонгуулиар Өндөрхаан, Дадал чиглэлд зам барина гээд яриад, орж ирж байх жишээтэй. 

-Төрийн өндөр албан тушаалд аль аймгийн хүн байгаагаас хамаарч тэр л аймагт төсөв хөрөнгө их хуваарилагдаад байна гэсэн хардлага байдаг.  Ерөнхий сайдтай, Хэрэг эрхлэх газрын даргатай хэнтийчүүдийн хувьд ирэх дөрвөн жил бүтээн байгуулалтууд ар араасаа хөврөх байх? 

-Орон нутгийн хөгжлийн чиг хандлагад илүү анхаарах ёстой гэж боддог.   Аймгийн өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг үргэлжлүүлээд хийгээд л явж байна. Мигий хувьд 2012-2016 онд ажиллаж байсан удирдлагуудтайгаа нэлээд сайн хамтарч ажиллаж байсан. Жишээ нь, хөвчийн дагуу болон Хэрлэн гол дагуу түүхийн аялал жуулчлал хөгжүүлэх төсөл хөтөлбөр гаргасан. Сүүлийн дөрвөн жилийг харж байхад Хэрлэн голын дагуух нь хаягдаад хойд талын сумдууд руу чиглэсэн ажил түлхүү хийгдээд байна.  Биндэр суманд баригдаж байгаа Их хуралдайн орд өргөөг гэхэд л хоёр тэрбум төгрөгөөр зөвхөн байгууламжийг барьсан мөртлөө дахиад тохижилтод нь хоёр тэрбумын ажил дутуу гэсэн юм яриад байна. Энэ ажлыг хийж байгаа хүмүүс нь дандаа гадны хүмүүс байгаад байна. Харин Хэнтийнхэн, яг энэ нутгийнхан энэ ажлыг хийвэл өөрийн сэтгэл зүтгэлээ шингээн, илүү чанартай, илүү сайн хийнэ шүү дээ. 

-Таны санаа бол зарлагдсан тендерүүдэд тухайн сум орон нутгийн аж ахуйн нэгжүүд оролцдог байгаасай. Тендерээ өөрсдөө авдаг байвал орон нутагт болон ард иргэдэд хэрэгтэй гэсэн үг үү?

-Ер нь бол орон нутгийн компаниуд өөрсдийн бүтээн байгуулалтад оролцсоноороо нэгдүгээрт, өөрсдийн хийсэн бүтээснээрээ бахархана, хоёрдугаарт, нутаг оронд эдийн засгийн эргэлт, ач холбогдол хамаагүй илүү болно. Тэгэхээр энэ хугацаанд харж байхад зарлагдсан томоохон тендерүүдийг ихэвчлэн гадны хүмүүс л авч байна. Яг гадны хүмүүс авснаар ямар ач холбогдолтойг нь сайнаар харж чадахгүй байна. Сөрөг хүчний зүгээс харахад зүгээр л хардалт үүсээд байгаа юм. Том үнэ дотроо цавчаа их байна л гэж хараад байна. Жишээ нь, Хөвсгөлийн хоёр компани хоёр том бүтээн байгуулалт дээр ажиллаад байна. Тэгтэл нутаг орны компаниуд болохоор зүгээр л туслан гүйцэтгэгч гэж яваад байгаа нь сонин байна. 

-Сумдууд  эдийн засгийн ху­вьд бие даах чадвар ямар вэ?  

-Хэнтий аймгийн хувьд бол эдийн засгийн том боломж нь мал аж ахуй. Буриад зон олон амьдардаг хойд аймгууд бол сементал үүлдрийн үхэр үржүүлж гол амьжиргаагаа залгуулдаг. Аймгийн урд талынхан бол хурдан удмын адуу болон хонь, ямаа их үржүүлдэг. Мал аж ахуйн мэргэжилтэй хүний хувьд тэргүүлэх чиглэлээ бид нэн тэргүүнд тавьж, авч явах ёстой. Малчдынхаа боломж бололцоог дээшлүүлж, дэмжлэг үзүүлээд байвал том боломж байна аа л гэж байгаа юм. Мэдээж, дараа нь бол аялал жуулчлал орно. Заавал уул уурхай гэж газар орноо ухах шаардлага байхгүй. 

-Хэнтий аймагт нэн даруй шийдвэл зохих ямар асуудал байна вэ? 

-Төр засгийн бодлого нь Чингис хааны төрж өссөн нутгийг хөгжүүлэх тал руу хандаж, анхаарч байна. Дадал Биндэр, Баян-Адарга, Батноров, Батширээт ч гэдэг юм уу бүсчилж хөгжүүлэх ёстой. Хүн амын суурьшил их байгаа цэцэрлэг, сургуулийн хүүхдийн тоон дээр тулгуурлан, бүсчлэн   хөгжүүлбэл илүү үр дүнтэй. Тэгтэл 4000 хүн амтай сумандаа юу ч бариагүй мөртлөө 2000 хүн амтай 200-300 хүүхэдтэй газарт нь том сургууль барих зэргээр бодлого алдагдсан, УИХ-ын гишүүд нь зөвхөн хүмүүст л таалагдах гэсэн ажил хийгдээд байна. Аль бүс нутгийг нь хөгжүүлбэл бусад сумдууд нь дагаад хөгжихийг бодохгүйгээр аль өөрсдийг нь дэмжиж байгаа газарт л юм хийж байна. 

-Хэнтий аймаг 2012-2016 онд бүсчилсэн хөгжлийн зарчмаар явж байсан. Эдүгээ  ямар чиг баримжаагаар хөгжиж байна вэ?

- Ер нь бол бүсчилсэн хөгжил гэж яригдаад л байдаг. Гэвч шийдвэртэй алхмууд хийж чаддаггүй. Учир нь нөгөө гишүүд маань цөөн хүн амтай жижиг газруудыг нийлүүлж чаддаггүй, том газруудыг анхаарч чаддаггүй. Хэнтий аймгийн хувьд бол дөрвөн бүс дээрээ тулгуурлаад хөгжих том боломж байна аа гэж л хардаг.  Баруун бүс дээр Жаргалтхаан сум, хойд бүс дээр Биндэр, зүүн бүс дээр Батноров, өмнөд бүс дээр Бор-Өндөр дээр тодорхой бодлого хэрэгжүүлээд тойргийн сумд дээр хөгжлийн жижиг бодлого хэрэгжүүлээд явах боломжтой. Тэрнээс биш Хэнтий аймгийн бүх сум адилхан хөгжинө гэвэл боломж хэцүү байгаад байгаа юм. Хэнтий аймгийн Ардчилсан намынхан  ийм л бодлого барьж байгаа. Гэхдээ энэ бол их төвөгтэй байна. 2000-3000 хүн амтай сумыг бүсчилсэн хөгжлийн төв болгоод хөгжүүлэх гэхээр бусад сумдууд дургүйцэх гэх мэт асуудлууд гардаг. Гэхдээ төрийн бодлого хэрэгжээд эхэлбэл том боломж байгаа. 

-Орон нутагт ЖДҮ хэр хөгжиж байна ?

-ЖДҮ бол тун өрөвдөлтэй дүр зурагтай байгаа. Жишээ нь том хөрөнгө оруулалтууд нь хөдөө орон нутагт харагдахгүй байна. Мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа нь хүртэл хомс байгаад байна. Мал аж ахуйн оронд арьс шир үнэгүйдчихсэн байна. 2016 онд МАН сонгуулийн сурталчилгаа хийж байхдаа 500 төгрөг байсан арьс ширийг 2000 болгоно гээд амлалт өгөөд явсан. Тэгтэл өнөөдөр арьс шир зүгээр үнэгүй хаягдаж байна. Энэ зах зээлийн хэрэгцээт зүйлүүд байсаар байтал хөдөө орон нутагт арьс боловсруулдаг ганц үйлдвэр алга. Дээр нь аймгийн төв дээрээс бусад газарт махны үйлдвэр ч алга. Малчид малынхаа махыг өндөр үнээр зарж чадахгүй байна, ченжүүд хямд үнээр аваад тэрийг нь цааш нугалаад зараад байна. Хэнтий аймгийн худалдааны төв гээд тусдаа худалдааны төв Улаанбаатарт байх ч юмуу эсвэл ямар нэг нэгдсэн бодлого хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна. 

-Хөдөө аж ахуйн биржтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Хөдөө аж ахуйн биржтэй хамтраад юм хийдэг бол Хэнтий аймаг хөгжих боломж нь байна. Жишээ нь, Галшарын хурдан удмын адуу гээд яриад л байдаг боловч тэрийг нь хүмүүс худалдаж авахдаа биржээрээ дамжуулахгүйгээр айлаас нь ирээд аваад явчихдаг. Хэрвээ биржээрээ дамжуулдаг бол дуудлага худалдаа зохиох ч юм уу өөр гарц, боломжууд нь байгаа шүү дээ. Гэвч зохион байгуулалт гэдэг зүйл алга. 

-Социалист  нийгмийн үед мах, сүүний чиглэлийн үнээг өсгөн үржүүлж, хөдөлмөрийн баатрууд төрж байлаа?

-Яг хөгжсөн фермер бол байхгүй. Яагаад гэвэл фермерээ дэмжих бодлого, дэмжлэг гэж юм байхгүй. Соц нийгмийн үед байсан сементал үүлдрийн үхэрнүүд одоо Дадал, Биндэр, Баян-Адарга суманд цөөхөн хэдэн хүний гар дээр байна. Малчид өөрсдөө тэрийгээ арчилж хамгаалах бүх ажлаа хийж байна. Фермерийн үйл ажиллагаа явуулах гэхээр борлуулалтын үйл ажиллагаа муу, зам муу,   шавар ус ихтэй байна. Таатай нөхцөл нь хөвч тайга тал руугаа л их байна. Миний хувьд, 2008 онд ХААЯ-ныхантай хамтраад сементал үүлдрийн үхрийн судалгаа хийж байсан. Ер нь маш их ховордож байгаа учраас төрийн  бодлого зайлшгүй хэрэгтэй байна. 

-Таныг сумын Засаг дарга байх үед ЖДҮ-ийг дэмжих зээлийн хуваарилалт ер нь ямар байсан бэ? Хувиарлалт нь ер нь ямар системээр явж байна. Танай сумаас хичнээн хүн зээл авсан байдаг вэ ? 

-Миний хувьд 2017 онд ажлаа өгсөн. Тэгэхэд бол орон нутгийн хөгжлийн сан, ЖДҮ дэмжих сан, бусад төсөл хөтөлбөрүүд гээд бага сага тусламж зээлүүд байсан. Гол нь хүнээ олж өгөх хэрэгтэй, сүүлийн үед иргэд мөнгө гувчуулах хандлага их гараад байгаа. Суманд очиж байгаа төсөл хөтөлбөрүүд маш бага шүү дээ. Үнэхээр орон нутагт юм хийх хүн байвал орон нутаг нь саналаа тавиад аймаг нь мөнгөний боломж муу бол улс нь дэмждэг тогтолцоотойгоор том том хөрөнгө оруулалтуудыг орон нутагт өгдөг байвал орон нутаг хөгжих гээд байна. Хотын зээлийн сангуудын шалгуур үзүүлэлтүүд нь том, барьцаа хөрөнгө нь их байдаг учраас орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүд тэрийг авах боломжгүй. 

-Аймаг бүхэн нэг брэндтэй байх болж. Хэнтий аймгийн тухайд? 

-Олон юм байна л даа. Жишээ нь, хойд сумдынхан цөцгий, мойлтой цөцгий, талх гээд. Галшарынхан бол тэрэнтэйгээ холбоотой гар урлал, Дархан сум л гэхэд Чойномтой холбоотой зүйлүүд, мөн Батноров хийцийн мөнгөн эмээл, хазаар гэх мэт манайд бол олон зүйл байгаа. 

-Үзэсгэлэн худалдаа төдийх­нөөр хэмжигдээд байна уу?

-Ер нь үзэсгэлэн худалдаа мэтийн аар шаархан зүйл болоод дуусаад байгаа. Тэрийг нь бодитоор хөгжүүлж, борлуулах үйл ажиллагаа үгүйлэгдээд байна. 

-“Онон голыг аврах” хөдөл­гөөнийг та зохион байгуулсан.  Тэмцлийн үр дүн яаж гарав? 

-Их эзэн Чингис хааны төрж өссөн өлгий нутаг Хэнтий аймагт маань Онон, Хэрлэн зэрэг том том голуудын эх, сав газрууд байдаг. Тэр утгаараа Хэнтий аймгийн гол усны эх сав газарт ямар нэгэн уул уурхай байж болохгүй гэдэг дээр миний байр суурь хатуу байдаг. Энэ ч утгаараа бид хоёр гурван жил Онон гол гэсэн хөдөлгөөн явуулсан. Энэ хөдөлгөөн дээрээ ямар нэг нам гэхгүйгээр бүгд эвлэлдэн нэгдсэн. Хэдэн жил тэмцсэний эцэст 5000 гаруй хүний гарын үсэг цуглуулж Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт 2018 оны эхээр өгсөн. УИХ-ын сонгуулийн өмнө л сая нэг тэр алт ухаж байсан компанийн ажлыг зогсоож газрыг нь хамгаалалтад авсан. Ард иргэдийн хэлж байгаагаар алтны компани нь бүх алтаа авчихсан, одоо зүгээр л хэдэн нүхтэй чулуу үлдсэн гэж ярьж байна. Ер нь бол ашиглалтын лицензүүдийг бүгдийг нь зогсоох ёстой, ялангуяа гол усны эх сав газарт байгаа лицензүүдийг бүгдийг нь зогсоох ёстой. 

-Мөнгөн өндрийн орд, Чандаганы нүүрсний орд гээд асуудал дагуулсан газрууд их байсан. Эдгээр ордын асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? 

-Чандаганы нүүрсний уурхай ажиллаж байгаа. Учир нь Хэнтий аймагт байгаа ганц нүүрсний уурхай учраас ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Мөнгөн өндрийн орд  үйл ажиллагаагаа зогсоосон. 

-Сумын хөгжил  аймаг, орон нутгийн хөгжлийн суурь нь шүү дээ. Ер нь хэнтийчүүдийн хөгжлийн үндсэн суурь нь юу вэ ?

-Хэнтийчүүдийн хөгжлийн үндсэн суурь нь мал аж ахуй, Мал аж ахуйгаа зөв эргэлтэд оруулдаг, төр засаг нь дэмжлэг үзүүлдэг, ерөнхийдөө зөв бодлого хэрэгжүүлдэг байх ёстой. ЖДҮ-ийг нь орон нутагт нь бүсчлээд хөгжүүлээд, борлуулалтын үйл ажиллагааг нь гадаад зах зээл дээр гаргах тал дээр тусалдаг, татварыг нь хөнгөлдөг гэх мэтээр зөв бодлого хэрэгжүүлээд эхэлбэл малын тоо толгой хэвэндээ очно. Үүнийгээ дагаад бэлчээрийн даац ч боломжтой болно. Том төвлөрсөн аж ахуйгаас илүүтэй өрхийн аж ахуй руугаа боломж өгөөсэй гэж хүсэж байна. 

-УИХ –ын ээлжит сонгуульд АН Хэнтий аймгийн хөгжлийг хэрхэн тодорхойлсон бэ.  Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. 

-2020 оны УИХ-ын сонгуульд бид Хэнтий аймгийг зүүн бүсийн тулгуур төв болгоно гэсэн мөрийн хөтөлбөртэйгөөр орсон. Өмнө нь ч гэсэн ийм чиглэлтэй явж байсан. Дорнод, Сүхбаатарын зам дайрдаг нь тулгуур төв болоход маш тохиромжтой. Дээрээс нь Чингис хааны голомт нутаг учраас түүхийн аялал жуулчлалаа түлхүү хөгжүүлэх ёстой гэсэн чиглэлтэй явж байсан. Орон нутгийн сонгууль хаяанд тулсан энэ үед нэн түрүүнд мал аж ахуйтай холбоотой асуудал руу голчлон анхаарал хандуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хан хэнтийн малчдын зөвлөл гэсэн зөвлөл байгуулаад мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах асуудлыг шийдье гэсэн төлөвлөгөө гаргаад байна. АН-ын гол чиглэл бол “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж байгаа. 

-Сум, орон нутагт улс төржих, талцах байдал ямар байдалтай байна? Монгол Улсын хэмжээнд энэ асуудал л хөгжлийн чөдөр тушаа гэж яриад байдаг боловч сонгууль сонголт болохын өмнө л хоорондоо талцаж байдаг эмгэнэлт байдал байдаг шүү дээ. 

-2000-2004 онд МАН, 2004-2008 онд АН, 2008-2012 онд МАН, 2012-2016 онд АН ялсан гэх мэтээр дөрөв, дөрвөн жилээр ээлжлээд яваад байгаа. Хэнтий аймгийг хөгжүүлэхийн тулд бид өмнөх намынхаа хийсэн зөв ажлыг үргэлжлүүлээд явах ёстой. Манай нам ялсан учраас өмнөх намын хийсэн ажлыг хийхгүй гэж ерөөсөө болохгүй. Хэнтий аймагт том боломж нөхцөл нь байгаа. Би бол түүхийн аялал жуулчлалыг маш их дэмждэг. Тэгтэл талархлын баяр дээрээ намайг түүхийн аялал жуулчлалыг эсэргүүцэж байна гэх мэтээр ярьсан байна лээ. Ингэж нутаг усныхныг, ах дүү нарыг хооронд нь хагаралдуулдаг бохир аргаасаа салах хэрэгтэй л дээ. 

-Аймгийн иргэдийн хуралд АН-аас хэдэн хүн суудаг вэ ? 

-Нийт 39 төлөөлөгчийн ес нь АН-ын гишүүн байгаа. Харин одоо бид олонхи болохын төлөө хичээх хэрэгтэй байна. 

-За та бүхэнд амжилт хүсье, баярлалаа.