Коронавирусын цар тахлын дараа аялал жуулчлал ямар болох вэ

Улс төр

Коронавирусын халдварын тархалт дууссан ч, улс орнууд хилээ нээгээгүй байгаа болохоор аялал жуулчлал огт өөр болно гэж аялал жуулчлалын мэргэжилтэн, энэ салбарт ажиллагсад  санал нэгтэй хэлж байна. Аль нэг улс орон хилээ бүрэн хааснаар, вирусээс хамгаалж чадахгүй гэдгийг коронавирус харууллаа. Аялагчид, жуулчид биш юм гэхэд өөрийн нь иргэд вирус тээсээр  л байна. 

Аялал жуулчлал нь эдийн засагт ашигтай салбар мөн ч нэг орноос нөгөөд, нэг бүс нутгаас нөгөө бүс нутагт  вирус, халдвар тээвэрлэдэг аюултай салбар. 

Улс орнууд юу ярьж байна вэ?

Европын холбоо хилээ оны эцэс болтол хаах хэрэгтэй гээд Францын ерөнхийлөгч саяхан мэдэгдчихлээ. Түүнийхээр бол Европын холбооны орнуудад зорчихоор виз хүсэгчид болон, ирж байгаа хүмүүсээс эрүүл гэсэн батламж, эрүүл мэндийн паспорт шаардах хэрэгтэй гэнэ. Тэртэй тэргүй Европын холбооны хүрээнд аялал жуулчлал өөр болж байна. Европын холбооны улсуудад вирусыг  Азиас л жуулчид аваачсан. Тэгэхээр Европын холбоо цаашид хилээрээ вирус оруулахгүйн тулд аюулгүй байдлын арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. 

Нисэх буудал, төмөр замын буудал усан боомтууд

Дэлхийн улс орнуудын олон нисэх буудал, галт тэрэгний буудал, усан боомтууд аялагч жуулчид, зорчигчдыг бие биенээсээ хоёр метрийн зайтай зогсох шаардлага тавьдаг боллоо. Халуун хэмжигч, оношлууртай болж байна. Буудал, буудлын орчмоо байнга ариутган цэвэрлэж хэвшлээ. Зорчигчид, ажилтнуудыг гараа хамгийн багаар бодоход 20 минутаар угааж байхыг чанга яригчаар байнга зарлаж анхааруулж байна. Амны хаалт, хаймар бээлий, нүдний шил зүүхийг шаардах боллоо. 

Хятад, Япон, Солонгос, Сингапур зэрэг  улс вокзал, нисэх буудалд цэвэрлэгээ, вирусээс хамгаалах ариутгал халд­вар­гүйтэл хийх  робот цэвэр­лэгч бүтээн туршиж эхэллээ.

Улс орнуудын нисэх буудлууд хүмүүсийг өөр хооронд нь бага харьцуулахын тулд тасалбар түгээх болон бүртгэх электрон цэг ашиглалтад оруулж байна. Буудалд нэвтрэхэд хүний биеийн халууныг үздэг болов. 

Наран шарлагын газар, тэнгист

Одоохондоо бүхий л улс орон хөл хориотой хэвээр байгаа болохоор албан ёсны ямар нэг шийд гаргаагүй байна. Гэхдээ улс орнуудын албан тушаалтнууд, аялал жуулч­лалын салбарынхан наран шар­лагын газрын наранд шарах сүүд­рэвч тавцангуудыг 2-3 метрийн зайд байрлуулах, усанд сэлэхдээ таван метрийн зай­тай байх гэсэн журам боловс­руулж байна. Зоогийн газар, кафегаар үйлчлүүлэхдээ  мөн л зай барьж, орохдоо амны хаалт, хаймар бээлийтэй байх шаард­лага тавьж байна.

Европын холбооны зарим орон жуулчдыг өөр зуураа бага харьцуулахын тулд дугаараар оруулах санал тавьж байна. Зоогийн газарт ч ширээнүүдийг ингэж байрлуулах гэнэ. 

Ер нь олон улс орон хоёр жилийн хугацаанд улс хоорондын аялал жуулчлалыг хязгаарлах саналтай байна. Өөрөөр хэлбэл 2020, 2021 онд жуулчид өөрийн орондоо амрах хэрэгтэй болж байна. Энэ нь нэг талаас эх орондоо вирус тээж авчрахаас сэргийлэх, нөгөө талаар дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой гэж байна. 

Тэгээд ч дотоодын аялал жуулчлалд виз, доллар, евро, олон улсын нислэгийн тасалбар, даатгал шаардлагагүй. Ганцхан зам, дэд бүтэц, боломжийн үнэ, чанартай үйлчилгээ л дутмаг. Гэхдээ хоёр жилийн турш хүмүүс өөрийн эх орноороо тойроод жуулчдын тоо өсөөд, эрэлт нэмэгдээд  ирэхээр аяндаа орон нутаг бүрт дэд бүтэц, зочид буудал, зоогийн газар бий болон олширч үнэ нь ч бууран боломжийн болж сайн талруугаа эргэх боломж байна.  

Өөр бусад улс орнуудаар аялахгүй хэр удах юм бол

Өнөөдөртөө хэн ч хариулж мэдэхгүй сонирхолтой асуулт. Коронавирусын тархалт хэзээ намдаж, дараа нь юу болох нь ч тодорхойгүй. Ганцхан бүх зүйл өөр болно гэдэг нь л тодорхой байна. Ялангуяа коронавирусын дараах эхний жилд. Юутай ч 2020 оны эцэс хүртэл улс орнуудын хил хаалттай, заримынх нь хэсэгчлэн хаалттай байх нь. 

Гэтэл бас коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаа ирэх намар эхэлнэ гээд байгаа. Олон улс орон жуулчдыг хязгаарласан хэвээр, наран шарлагын газар, тээвэр, зочид буудал зэрэгт хатуу шаардлага тавьсан хэвээр байна. Ийм байдлаар энэ 2020 он аялал жуулчлалын бизнес асар их алдагдалтай гарахад хүрч байна. Эдийн засгийн бусад салбараа хэрхэх вэ хэмээн тэвдэж байгаа засгийн газрууд аялал жуулчлалыг анхаарахтай мантай л байна. Нэг их тодорхой дэмжлэг үзүүлж чадахгүй л байгаагаас банкны зээлтэй, угийн хуримтлал багатай аялал жуулчлалын оператор компаниуд  дампуурлын ирмэгт байна. Төрөөс тэдэнд дэмжлэг зайлшгүй чухал байгаа юм. 

Харамсалтай нь коронавирус манай гараг дээр дэндүү олон асуудал бий болголоо. Даяаршил гэдэг мөнхийн сайн зүйл биш нь харагдлаа шүү дээ. Хэн нэгэн Азид найтаахад Европын холбоо, юмуу Орост өнөөх халдвар төдхөн л жуулчнаар дамжаад ирнэ. 

Хэдийгээр XXI зуун гэлээ ч хүн төрөлхтөн вирус шиг асуудлыг хааж, шийдэж чадахгүй л байна шүү дээ. Манай гаргийн олон улс оронд анагаах ухаан тэгтлээ хөгжиж чадаагүй санхүүгийн бэрхшээлтэй хэвээр л байна. Асуудал маш олон, хариулт нь тодорхойгүй. Вирус тархсаар л, анагаах ухаанд ч аялал жуулчлалд ч асуудал байсаар....

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 073 /5373)