Кивитэй пицца хийгээд эхнэртээ хаягджээ

Эрэн сурвалжлах

Шведийн Скотторп хотод амьдардаг Стеллан Йоханссонд өнгөрсөн зул сараар ах нь 10 кг киви бэлэглэжээ. Тэрбээр тэр их кивиг юунд хэрэглэхээ мэдэхгүй байсан аж.

Ямартай ч гэдсээ өвтгөлгүйгээр бүгдийг өөрөө идэж дуусгах боломжгүйг Йоханссон мэдэж байлаа. Тиймээс тэрбээр кивинүүдийг ашиглан онцгой жортой хоол хийж үзэхээр шийдсэн байна.

Харин түүний Норвегиос ирсэн найз Бёрн үргэлж гадил жимс оруулсан хачирхалтай хоол хийж үзэх талаар ярьдаг байжээ. Тиймээс Бёркийг өөртэй нь санал нийлнэ гэдгийг мэдсэн Йоханссон түүнтэй хамтран гадилын оронд кивигээр хачирхалтай хоол хийхээр сэтгэл шулуудсан байна.

Найзуудын хамгийн түрүүнд хийсэн хоол бол кивитэй пицца. Тэрхүү шинэ төрлийн пиццаны гэрэл зураг цахим орчинд маш хурдан тарж, хүн бүр өөрийн сэтгэгдлээ бичжээ. Гэнэт олны анхаарлын төвд орсондоо Йоханссон балмагдаж орхисон аж. Тийнхүү ердөө наргиа болгон кивитэй пиццаны зураг цахим орчинд цацсан ч “Ер нь яагаад болохгүй гэж?” хэмээн бодоод кивитэй пиццаны газар нээхээр шийджээ.

Гэвч түүний хийж байгаа ажилд дургүйцсэндээ эхнэр нь хаяад явсан байна. Эхнэр нь Йоханссоны кивигээр хоол хийх санааг анхнаасаа л тэнэг гэж бодож явсан бөгөөд кивитэй пицца олон хүний сонирхлыг татахад бүр ч ихээр уурлажээ. Улмаар тэд кивитэй пиццанаас болж байнга маргалдах болж, удалгүй салсан байна.

Зөвхөн эхнэрээсээ салах байтугай Йоханссон кивитэй пиццанаасаа болоод маш их үзэн ядагчтай болсон ба бүр аминд нь хүрнэ гэж 50 удаа заналхийлсэн байна. Мэдээж түүний аминд заналхийлэх үгс хэлж байгаа хүмүүсийн ихэнх нь үндэсний хоол пиццаг нь эвдэж байгаад бухимдсан италичууд байжээ. Найзууд дараа жил хамтдаа Италид очиж, өөрсдийг нь сүрдүүлсэн хүмүүсийг олж уулзаад, зүсэм халуун кивитэй пиццагаар дайлахаар төлөвлөж буй юм байна. Түүгээр зогсохгүй Йоханссоны өөртөө тавьсан 2021 оны хамгийн том зорилго бол Италид кивитэй пиццаны газар нээх аж.