Дэлхийн эдийн засаг сэргэхэд удаан хугацаа хэрэгтэй гэж шинжээчид анхаарууллаа

Улс төр

Коронавирусын халдвар тархаж эхэлсэн цагаас хойш улс орнуудын эдийн засгаа дэмжих арга хэмжээ цагаа олоогүй гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Тэднийхээр бол энэ цар тахал 2025 оныг дуустал дэлхийн эдийн засагт ойролцоогоор 35 их наяд ам.долларын хохирол учруулах гэнэ. 

Одоо дэлхийн эдийн засаг коронавирусын халдварын тархалтын дараах ид сэргэлтийн үедээ байгаа ч оны эцэс хүртэл улс орнууд дахиад шинэ бэрхшээлтэй тулгарна гэж шинжээчид үзэж байгааг Bloomberg бичсэн байна. “Бид ид сэргэлтийн үеийг харж байна. Гэхдээ эндээс эхлээд энэ эрч бага зэрэг буурна” гэж Pacific Investment Management-ийн дэлхийн эдийн засгийн зөвлөх Йоахим Фелс хэлжээ. 

Цар тахлын үед урс орнууд эдийн засгаа дэмжиж их наяд, их наяд доллар гаргасан. Үүний ачаар АНУ-д наймдугаар сар гэхэд ажилгүйдлийн түвшин эрс буурч, орон сууцны зах зээл сайжирч, Хятадад эдийн засаг нь сэргэж, Германд үйлдвэрлэл өссөн. Үүний зэрэгцээ долларын ханш буурч байгаатай холбогдоод хөгжиж байгаа зах зээл амсхийсэн гэж агентлаг тэмдэглэжээ. 

Гэхдээ ийм нааштай нөхцөл байдлыг хадгалах тун амаргүй  гэж шинжээчид хэлж байна. Үүний тулд Засгийн газрууд эдийн засгийг эрчимжүүлэх хүчин чармайлтаа улам идэвхжүүлэх хэрэгтэй, харамсалтай нь олон улс орон эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдээ зогсооход бэлэн байна гэж шинжээчид онцолсон байна. 

АНУ гэхэд л наймдугаар сард 1.4 сая ажлын байр бий болгосон, “санхүүгийн дэмжлэггүй бол ийм ахиц хэцүү” гэж Moody's-ийн шинжээч Оайан Свит хэлжээ. Гэтэл бас томоохон компаниуд ажилтнуудаа цомхотгохоо мэдэгдээд байна. Энд автомашин үйлдвэрлэлийн Ford Motor Co, агаарын тээврийн United Airlines Holdings Inc холдинг орж байна. 

Коронавирус анх дэлгэрсэн Хятадад бас хэрэглэгчид мөнгөө үрэхийг нэг их хүсэхгүй байгаагаас томоохон банкууд найдваргүй зээлийн өсөлтөөс болоод сүүлийн арван жилд байгаагүйгээр ашиг нь буурч байгааг Bloоmberg мэдээлжээ.

Бүхэлд нь авч үзвэл Австралийн үндэсний их сургуулийн профессор Уоррик Маккиббин коронавирусын халдвар, цар тахал нь  дэлхийн эдийн засагт 2025 он хүртэл 35 орчим их наяд долларын хохирол, алдагдал учруулна гэж байна. “Эдийн засгийн алдагдал буурч эхлэхээс өмнө бид юун түрүү хүн амын ихэнх хэсгийг вакцинжуулах ёстой” гэж тэр тэмдэглэжээ. Гэхдээ COVID-19-өөс сэргийлэх вакцин гараад ирлээ гэхэд түүнийг дэлхий дахинд хүртээмжтэй болгон хүргэхэд багагүй хугацаа шаардлагатайг Маккиббин онцолсон байна. Шинжээчид бас коронавирусын тархалтын  хоёр дахь давалгаа гарах вий хэмээн болгоомжилж байгааг агентлаг дурджээ. 

Үүнээс гадна арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Нэгдсэн улс, Хятадын харилцааны хурцадмал байдлыг дэвэргэж магадгүй, энэ нь бизнест итгэх итгэлийг бууруулна гэж Bloomberg бичсэн байна. 

Коронавирусын халдварын тархалттай тэмцэж байгаа Шведийн туршлагыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцлон тэмдэглэж байна. Швед нь хөл хорионы хатуу дэглэмээс татгалзсан  цөөхөн орны нэг. Хатуу хөл хорио нь жижиг дунд бизнесийг хааж, иргэдийн орлогыг тасалдуулдаг “бүдүүлэг арга” гэж ДЭМБ-ын тусгай төлөөлөгч Дэвид Набарро үзэж байгаа юм. 

Bloomberg агентлагийн асуулгад оролцсон шинжээчдийнхээр бол 2020 оны хоёроос тавдугаар сард хатуу хөл хорионоос татгалзсанаар   Шведийн эдийн засаг харин ч  илүү хожсон гэнэ. Capital Economics-ийн шинжээч Дэвид Окскли энд Шведийн Дотоодын нийт бүтээгдхүүний бууралт нь бүс нутагт долоон хувь байна гээд европын бусад улс орнуудад энэ уналт 30 хувь хүрч байгааг тэмдэглэжээ. 

Шведэд коронавирусын улмаас нас барсан хүний тоо хөрш Данийхаас хэд дахин илүү байна. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр бол Шведэд COVID-19-ийн халдвараар 84.9 мянган хүн өвчилж, 5.8 мянган хүн нас бараад байгаа бол  Данид 18,3 мянган хүн өвчилж 627 хүн нас баржээ.

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 072 /5372)