Улсаа ч хөгжүүлж, амьдралаа ч цэцэглүүлэх МОНГОЛ ЗАМЧИД

Улс төр

Зэрэглээн дунд алсран, алсран цэлийх  хөндийд  нар мандах нь хүртэл сонин. Манхайтал цайсан тэнгэрийн хаяанд улаан зурвас татахтай зэрэгцэн  өлмий доороос минь том дугариг нар гэнэт  ургав уу гэлтэй  мандсан.  Үүрийн цолмон жаргаж амжаагүй байхад шүү дээ. 

Ийн алмайрч зогсох зуурт  богширго жиргэн урдуур, хойгуур ээрэх мэт нисэн бууна.  Дорнын говийн Их харгуйн хөндийд шинэ өглөө эхэлж буй нь энэ.  

Замчин залуус хэдийнэ ажилдаа гарчээ. Орон даяар тэдний хэрхэн ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаа талаар магнай тэнийлгэсэн сайхан мэдээллүүд хөвөрч байхад юун унтах. Угсарч буй төмөр замаа  км, км-ээр ахиулахын төлөө хүн бүр мэрийнэ. Аж ахуйн нэгжүүд цаашлаад бригадууд дотроо өрсөлдөнө.  

Хаяа дэрлэн орших компаниуд нүдэн дээр нь ажлаа дуусгаж,  зарим тоног төхөөрөмжөө хот руу ачуулж,  ажилчдаа  дараагийнхаа төсөл рүү шилжүүлж байгааг харах тусам цагаан атаархал төрж, маргааш гэхэд төмөр замын рейсүүдээ угсарч дуусах юм шүү, нөгөөдрөөс блансаа дэвсчих юмсан гэх хийж, гүйцэтгэхийн хүсэл нь ундарна.  Биднийг явж байхад ЗХ-ний бригадын генерал П.Доржсүрэн, бригадын генерал Л.Гансэлэм нарын удирдсан  Төмөр замын 77/81 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн төмөр замаа угсраад дуусчихсан, блансын гуравдугаар үеэ дэвсч эхэлсэн тухайгаа  танилцуулж байсан.  Энд сонирхуулахад,  замчин дайчид  гар ажиллагаатай хэдий ч  бага оврын кран,  ачааны тэргэнцэр хийж, түүнийгээ ашиглаж байв.  Сэтгэж чадвал хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчилж болдгийн энэ мэт  олон жишээг Их харгуйн хөндийгөөс харж болох юм билээ.  

 

Монголын төр залуусаа дэмжин,  хүч нэмэн уухайлна.  Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх  холбогдох яамдын сайд, газар хэлтсийн дарга нараа дагуулан төмөр зам угсрах ажлын явцтай танилцсан. Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч  замчин залуусын сэтгэлийн үгийг сонсч, дэм өгөөд буцсан. Энэ хоёр эрхмийн хэн хэн нь МТЗ-ын хэрэгжүүлж буй төслийг  төрийн зүгээс бодлогоор дэмжиж, эдийн засгийн хувьд хүчийг нь сааруулахгүй байх юмсан гэсэндээ ийн ойр ойрхон ирдэг байж ч мэднэ.  Энэхүү төслийн буянаар  Монгол Улс   дэлхийн олон оронтой гадаад худалдаа тэр тусмаа коксжих нүүрсний  экспортын чиглэлд  хамтрах эдийн засгийн коридороо   төмөр замаар дамжуулан гартаа бүрэн оруулах боломж бүрдэж  буй  учраас залуус  цаг нартай уралдацгааж байлаа.  

Хэдхэн хоногийн өмнө л дам нуруугаа угсрах гээд кран энэ, тэр гээд харайлгаж явсан “Туулын гүүр, далай” компани гэхэд л  132,38  метр урттай  гүүрийн чанар, стандарт,  бат бэхийг шалган  галт тэргээр  төмөр зам угсарч,  туршсан нь  амжилттай болсон хэрэг.  Өнөөдөр аль компанийн гүүрийг турших бол, энэ маягаар бол ирэх сарын сүүлээр  Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414,16 км зам ашиглалтад орж, бид төслийн дараагийн шат болох Баруун-Урт- Хөөт чиглэлийн төсөл рүү шилжих юм биш үү гэхчилэн хийж сурсан ажлаараа аархана.  Үнэхээр Дорнын говьд хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдсөн залуус хөдөлмөрлөж байна.  

Ажилладаг аж ахуйн нэгж нь, уугуул суугуул нутаг ус нь өөр,  өөр болохоос замчны улбар шар хантаазаар ижилссэн залуус  шинэ зууны их бүтээн байгуулалтын шанг татаж, шинэ цагийн Монгол Улсын  хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, амьдралаа ч цэцэглүүлэхээр  мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байна. Тэдний дунд дөнгөж оюутны ширээний ардаас өндийсөн 19-хөн настай хүү ч байх, Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсган  Афганистан, Суданд үүрэг гүйцэтгээд ирсэн  цэнхэр дуулгатнууд ч  аархаж явна. Их хотын гудамжнаа болзоонд уригдан догдлох хорин настай, хонгор зүстэй охид бүсгүйчүүд ч эрчүүдтэй мөр зэрэгцэн  ажиллаж байна.  

Д.Цагаан: Би Ховдоос ирсэн

/ЗХ-ний 123 дугаар анги/ 

Би өөрийн  хүсэлтээр энд ажиллаж буй.  Ховдоос ирсэн.  Их бүтээн байгуулалтад оролцох хувь ерөөл надад байж.  Ядарч зүдрээд байх зүйл алга байна. Энэ чинь энх цагийн бүтээн байгуулалт шүү дээ. Хилийн чинадад хүнд хатуу нөхцөлд манай дайчид үүрэг гүйцэтгэж байгаа. Тэдний хажууд бид эх орондоо, амар тайван хөдөлмөрлөж байна. Манайх гурван хүүхэдтэй. Ирэх жил  том маань  оюутан болно. Түүний сургалтын төлбөр, байрны мөнгийг одооноос хийх хэрэгтэй.   Үүнээс өрсч  гэр орноо тохижуулах  ёстой. Өдрийн 69 мянган төгрөг гэдэг бол хаана ч байхгүй өндөр хөлс. Дээр нь үндсэн цалингаа авна гэхээр  миний сарын орлого гурван сая орчим төгрөг. Дахин боломж гарвал дараагийн төсөл дээр ажиллана гэж бодож байгаа. Туршлагатай ч боллоо. 

Д.Отгонбаяр: Танкчин явлаа, одоо замчин болсон 

/ЗХ-ний 032 дугаар ангийн ахлах ахлагч/

Манай ангийг Хүндэт харуулын гэдгээр нь олон түмэн мэддэг юм. Би тийм нэр хүндтэй ангид 16 жил алба хаасан. Харин өнөөдөр Дорнын говьд  төмөр зам тавьж байна. Бүх хүний анхаарал энэхүү бүтээн байгуулалтыг сонирхон харж,  олон арван залуус гар бие оролцох юмсан хэмээн хүсч мөрөөдөж байгаа.  Монгол Улсын хөгжлийн толь болсон бүтээн байгуулалтын ажлын шавыг тавилцаж, далан босгож, зам  угсралцаж яваадаа баяртай байна. Улс маань ч хөгжинө, өрх гэр минь дэвжиж дээшилнэ. Охиноо жаахан санаж байна, Сонгуулиар л эхнэр, охин хоёртойгоо уулзсан. Ажлаа дуусгаад нэр төртэйгөөр гэртээ харина даа. 

Б.Болорчулуун:  Цалингийнхаа дээжээр  машин худалдаж авсан

/ЗХ-ний 338 дугаар ангийн ротын захирагч, ахмад/  

Монгол Улсын Зэвсэгт хүчин үе үеийн бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн түүхэн уламжлалтай. Цэргээс ха­лагд­сан залуу цэрэг ногоон хувцастайгаа л Эрдэнэт, Дархан хотыг байгуулалцаж байлаа. ХХI зууны бүтээн байгуулалтын эхлэл болох Тавантолгой-Зүүнбаянгийн чиг­лэлийн төмөр замын ажилд гар бие оролцож байгаа минь нэр төрийн хэрэг. Би өөрийн саналаар ирсэн. Цалин  сайн, хангамж өндөр учраас бидэнд ядрах зүдрэх зүйл алга. Бид үндсэн цалингаа авахын зэрэгцээ өдрийн 69 мянган төгрөгийн томилолттой. Хоол, байр үнэгүй учраас цалингаа хураах боломж байна. Би цалингийнхаа дээжээр машин худалдаж авсан.   Одоо хурааж байгаа мөнгөөрөө байрны урьдчилгаа хийнэ. 

С.Амартайван: Ээждээ хоёр тугалтай үнээ авч өгсөн

/ЗХ-ний 336 дугаар анги, дэд ахлагч / 

Би өнгөрсөн хавар БХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгссөн. Би их азтай. Ажил амьдралынхаа гарааг Их бүтээн байгуулалтаар эхэлж байгаадаа баяртай байна. Гэр бүлгүй, залуу байгаа дээрээ мөнгөтэй болох нь сайн хэрэг. Би бүх цалингаа гэр рүүгээ явуулж байгаа. Томилолтын эхний мөнгөө аваад ээждээ хоёр тугалтай үнээ авч өгсөн. Нэг нь 1,2 сая төгрөг.  Одоо машинтай болно. Эндээс буугаад л зах орж Кроун машин худалдаж авна. Манай гэрийнхэн зөвшөөрсөн. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны дараа МТЗ компани дараагийн төслөө  Баруун Урт-Хөөт чиглэлд эхлүүлэх юм билээ. Тэнд бас ажиллана. Тэнд ажиллаад авсан цалингаараа хотод байр авна, бас БХИС-д суралцаж, офицер болно.

А.Цэрэннадмид:  Төмөр зам Монголыг аалзны тор адил хэрээсэй. Түүний төлөө би ажиллана аа

/МТЗ-ын инженер/

Дорнын говийн их бүтээн байгуулалтын ажилд олон арван залуучууд гар бие оролцож байгаа.  Эр хүний хүч чадал, зориг зүрх шаардсан төмөр зам тавих ажилд тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа минь нэр төрийн хэрэг. Би энэ төсөл дээр  196-274 хүртэлх километрийн тавдугаар хэсгийг ахалж  буй. Манай хэсэг  хамгийн урт участик, хамгийн олон гүүр хоолойтой хэсэг нь.   

ЗХ-ний Төмөр замын 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийн үр дүнд   энэ их ажлын ард гарч байна. МТЗ, ЗХЖШ, Тавантолгой болон энэ хэсэгт туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаниудын удирдлагууд нэг баг болж ажиллаж чадсаны хүчинд   газар шорооны ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь амжуулж,  157 ширхэг ус зайлуулах хоолойг чанарын өндөр түвшинд,  төлөвлөсөн  хугацаанд нь угсарсан.  Төмөр замын гүүр, хоолойн  барилга байгууламж бол монголчуудын хувьд цоо шинэ зүйл. Бидэнд туршлага дутах, техник тоног төхөөрөмжгүйдэх асуудал гарч байсан.

Гэвч хийе бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн аж ахуйн нэгжүүд бие биеэ дамжиж ажиллан  ажлын арга туршлагаасаа харамгүй хуваалцаж ирлээ.   Жишээ нь ЗХ-ний дайчид маань хөрс хуулах туршлагагүй учраас гарших гэж хэсэг тэвдсэн. Одоо бол тэдэн шиг хөрс сайн хуулдаг баг байхгүй.  Өнгөрсөн жилийн ажлын гүйцэтгэлийг өнөөдөртэй харьцуулахад, гарч буй үр дүн нь тэнгэр газар шиг зөрүүтэй.  Хүн ажилдаа гаршаад ирэхээр   юу хийхээ, яаж ажиллахаа  мэддэг болдог юм байна. Удирдлагууд ч ялгаагүй, асуудлыг хэрхэн  яаж шийдвэрлэх вэ гэдгийг газар дээр нь цаг алдалгүй шийдвэрлэж сурсан шүү.   

МТЗ бол энэхүү төслийн захиалагч нь.  Тиймээс төслийн ажлыг  ерөнхийд нь зохион байгуулж, удирдан чиглүүлж, холбогдох шаардлагыг тавьсаар ирсэн.  Миний хувьд МТЗ хэмээх их айлыг төлөөлж, гэрээт  гүйцэтгэгч байгууллагуудын хяналтын багтай хамтарч ажиллах, шалгалтын явцад гарч байгаа ямар нэгэн асуудлыг газар дээр нь цаг алдалгүй шийдэх,  бүрэн удирдлагаар хангах, өөрөөсөө давсан шийдвэрүүдийг удирдлагууддаа цаг алдалгүй дамжуулах үүрэгтэй.  Би ШУТИС-ийг  улаан дипломтой төгссөн  залуу инженер. МТЗ-тай хувь заяагаа холбосноор  Их бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж надад олдсон. 

Энэхүү  төслөөс маш их юм сурч байгаа. Анхны хөрс  хуулалтаас нь эхэлсэн болохоор  туршлагажин, яван чангарсаар участик хариуцах хэмжээний инженер болсон.   Миний дурлаж сонирхсон мэргэжил. Би малчны хүүхэд. Миний өвөө Намжил  бол улсын аварга малчин.   Би  Хэнтийн охин. Анх говьд хөл тавьж байхдаа, ийм газар яаж төмөр зам тавина аа гэж зүрх алдаж байлаа. Одоо бол “чадах юм байна, чадаж байна” гэх бодол төрдөг болсон.  Нүдэн дээр л том бүтээн байгуулалт цаг минутаар л урагшилсаар байгаа нь гайхалтай.  Өнөөдрийн байдлаар  УБТЗ, ЗХЖШ-ын дөрвөн анги нэгтгэл төмөр замын   дээд бүтцийн үе угсралт дээр ажиллаж байна. Миний хариуцсан хэсэг гэхэд л  баластын нэгдүгээр үе зуун хувь дэвсэгдээд дууссан, дэр бетон тавь гаруй хувьтай тараагдсан, дэд бүтцийн угсралт хорь гаруй хувьтай явж байна. Би төмөр замыг Монгол улсын хөгжил гэж харж байгаа.Тиймээс хөгжлийг тор шиг хэрэх төмөр замтай болоосой гэж хүсч байна. Түүнийхээ төлөө зүтгэнэ ээ. 

Ж.Нарантуяа: МТЗ  төмөр замын хиймэл байгууламжийн стандарт хэм хэмжээг тогтоож өгсөн гавьяатай  

/МТЗ-ын материалын инженер/

 Би их барилгын салбарт хорь шахам жил ажиллаж байгаа эгэл жирийн инженер. Их харгуйн хөндийд өрнөж буй бүтээн байгуулалтад оролцож, мэргэжлийн хүний хувьд заавар, зөвлөгөө өгч монгол замчдын хийж бүтээж буй ажлыг  өдөр бүр харж явна гэдэг хэн хүнд олдох завшаан биш шүү.  Миний хувьд   төмөр замын хиймэл байгууламжийн материал, бетон зуурмагийн маркт хяналт тавьж ажиллалаа. Төмөр замын трассын дагуу 17 узель ажиллаж буй. Төмөр бетон зуурмагийн үндсэн түүхий эд болох элс, хайрга, цементний чанар ямар байхаас төмөр замын хиймэл байгууламжийн насжилт хамаарна. Дээр нь арматурын чанар онцгой үүрэгтэй. Говийн  байгалийн нөхцөл хангай газраас тэс өөр. Арчилгаа их шаардагдана. Бетоныг хүүхэд шиг бөөцийлж, арчилж тордох тусам чанартай болдог. Зуун жилдээ санаа зовох зүйлгүйгээр ашиглах төмөрбетон гүүр, хоолойтой болохын төлөө бид хичээн ажиллаж байна даа. 

Д.Цогжаргал:  Эмэгтэй хүн гээд бусдаас хүндлэл хүсэх эрх бидэнд байхгүй 

Нарантуяа инженер бид хоёр  414,6 км замаа хуваагаад авсан. Нэг хүнд 200 гаруй км зам ноогдож байна гэсэн үг.  Трассаа тойроод л хяналтаа  тавьдаг.  Узель нэг бүрээр орно. Цутгасан дам нуруу, хоолойнууд технологийн дагуу хатаж байна уу, стандарт шаардлагыг хангаж байна уу гээд сэтгэл зовох зүйл ихтэй. Бидэнд амралтын өдөр гэж байхгүй. Өглөө нартай уралдаад л талбай руу гарна, заримдаа үүр цайх гэж байхад ч талбай дээр зогсч байдаг. Говийн нөхцөл хүнд учраас шөнө голдуу бетон зуурмагаа зөөдөг. Чанарын төлөө зүтгэж байна даа.  Эмэгтэй хүн гээд хэн нэгнээс хайр хүндлэл хүсэхгүйгээр эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна.  Ийм онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүд бусдаас хүндлэл хүсэх эрх байхгүй шүү дээ.  Инженер бол инженер, ажил бол ажил шүү дээ. Бие биеэсээ асууж, туршлагаа солилцдог. Дараагийн төсөл дээр толгой өвдөх зүйлгүй болтлоо туршлага хуримтлуулж байна даа.  

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 072 /5372)