БНХАУ-д бэлэглэсэн 30 мянган хонь ирэх сард хил давна

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д албан ёсоор айлчилсан.  Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусын халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжаа  монгол ямааны ноолуур дээр бичиж гардуулсан билээ. Энэ дагуу ХХААХҮ-ийн сайдын тушаалаар тус яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ингээд дээрх 30 хонины 14 мянгыг Дорноговь,  үлдсэнийг нь Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийлүүлэхээр тогтсон аж. Ажлын хэсгээс мэдээлснээр, хонь худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж, 15 хоног бэлчээрт хариулаад, ирэх аравдугаар сарын 6-нд Замын-Үүд дэх хорио цээрийн бүст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

ХААХҮЯ хонин сүргийг хилийн аймгаас худалдан авах ажиллагаа зохион байгуулах компанийг шалгаруулсан байна. Одоогоор  Дорноговь, Сүхбаатар аймагт энэ ажлыг гүйцэтгэх компани шалгарсан бол  Хэнтий аймагт ойрын хугацаанд  тодорхой болох юм.

Засгийн газраас хонь худалдан авах зардлыг тодорхой баталсан ч нэг хонийг нас, жингээс нь хамаарч хэдэн төгрөгөөр худалдан авах нь одоогоор тодорхой болоогүй  байгаа аж.

Эргэн сануулбал, Ухань хотоос эхлэн тархаж дэлхий дахиныг түгшээгээд байгаа коронавирусын халдвар цар тахлын хэмжээнд хүрлээ хэмээн ДЭМБ-аас зарлаж байх үед өвчний голомт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн гадаад улсын анхны төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа хэмээн олон улс онцолсон байдаг. 

Энэ түүхэн үйл явдлын дараа БНХАУ-ын  иргэд цахим орчин буюу вичатад Монгол түмний их сэтгэл агуу юм хэмээн шуугисан билээ. Тухайлбал:

-Бээжин хотын Чао Ян дүүргээс цөөн хүн амтай жижиг улс  ингэж эрвийх дэрвийхээрээ тусалж байна гэдэг үнэхээр агуу их сэтгэлтэй ард түмэн юм.

-Хонь хэмээгч амьтан нарны бэлгэдэл. Түүний үрээр хижиг хар тахал амирлах буйзаа. 

-Хөрш орны найрсаг сэтгэлд талархая,  нүдээ олсон тусламж хэмээн БНХАУ-ын иргэд  цахим орчинд бие биенээ уриалсан, талархсан  сэтгэгдэл бичиж уг үйл явдлыг онцолж байсан юм. 

Т.ЖАНЦАН

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 072 /5372)