Н.Багабанди дасгалжуулагчтай “хүрэлсүхдэх” мэхтэй Т.Аюурсайхан

Улс төр

Төрийн саарал ордонд ийм нэг шог яриа гарах болсоор жилийн нүүр үзэж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “хурандаа” зан нь хөдлөхөөрөө хяргах шиг л болдог.   Намын дарга, журмын нөхөр байх нь хүртээл үгүй.   Эл араншин зөвхөн түүнд зохих нь бий.  Сүүлийн үед үе үе хүрэлсүхдэх гээд байдаг зан Т.Аюурсайханаас цухалзах болж. Гэхдээ тэр У.Хүрэлсүхийн фракцын хүн биш. Ц.Нямдоржийн улаан фэн нь. Хүрэлсүх Засгийн газраа байгуулахад түүний танхимд Нямдоржийг багтаахын төлөө  УИХ-ын чуулганы индэр дээрээс пялдагадах шиг болсон. 

Уг нь түүний улс төрийн дасгалжуулагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди юм билээ.  Аядуу зөөлөн харагддаг, барагтайд ам нээдэггүй, “дуугүй   байгаад бүтэж үхсэн гэж  сонсоогүй” гэх зарчимтай түүний шавь 2012 онд намаа хатуу шүүмжилж улстөрийн хүрээнийхний  анхаарлыг татсан гэж хэлж болно.  МАН-ын даргад М.Энхболдтой өрсөлдөж ялагдсан хэдий ч ШӨХТГ-ын даргын суудлыг өөрийн болгосон. Нийгэм тэр үед “овоо юм хийх залуу байна” хэмээн горьдож байсан ч тэрбээр уг албан тушаалыг улс төрийн рүү өгсөх шат болгон ашигласнаас өөрөөр гийгүүлээгүй. Гэхдээ ор тас юм хийгээгүй ч хэлж бас болохгүй байх.

Цахилгаан дулааны үнэ, циркийн хувьчлал, шатахууны үнийн өсөлтийг барьж авсан ч үр дүнг нь хараагүй. Нийгмийн эмзэг асуудлыг  сөхсөний гавьяагаар түмэнд танигдсан тэрбээр  УИХ-ын 2016 оны сонгуульд  ногоон гэрлээр давхисаар төрийн саарал ордонд заларсан байдаг юм.    Шулуухан хэлэхэд, тэрбээр үе үе чихээр нь хатгасан хүүхэд шиг гэнэт часхийснээ таг болчихдог гэмтэй. 

Уншигч та санаж байгаа бол    МАН-ыг шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэх Шинэчлэлийн хорооны  бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа  “Нам бол албан тушаалд очдог хөшүүрэг, ашиг орлого олох хэрэгсэл биш. Нам бол оюун ухааны нэгдэл, үзэл бодлын нэгдэл, ард түмнийхээ төлөө зүтгэх зүтгэл” хэмээсэн ч эл үгийнхээ эзэн нь байж чадаагүй.   Ард түмэн ч хууртаж ханахгүй юм,   оффшорчдын эсрэг бүлгэмд ажиллах үед нь, татваргүй бүсэд хөрөнгө, мөнгөө нуудаг нөхдүүдийн талаар дуугарахад нь   мөн горьдлогын нүдээр харсан ч эдийн засагчийнхаа хэргийг гаргаагүй.  

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах саналыг тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлж байсан бол Монголбанкны ерөнхийлөгчийг  огцруулах асуудлыг ч мань хүн анх гаргаж тавьсан байдаг. Мөн М.Энхболдыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд жагсч явсан эр. Ер нь тэрбээр зүтгэсэн л бол унагадаг хүн. Чингэлтэй дүүргийн намын дарга Д.Ганболдыг даргын албан тушаал, Бага хурлын гишүүнээс нь хассанаар түүний бусдыг  унагадаг түүх үргэлжилж буй.  Одоо тэрбээр ёс зүйгүй МАН-ыг шүүмжилдэг УИХ-ын гишүүдтэй тооцоо бодож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суух эрхтэй нь ярих болсон.  Эдийн засагч мэргэжилтэй, Азийн томоохон их сургуулиудыг дүүргэсэн 45 настай  гишүүний талаар өгүүлэхэд ийм байна.  Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонжиход юмтай хүний хажууд эгэл ард шиг, юмгүй хүний дэргэд бол баян аж. Орон сууц нь 430 сая, унадаг машин нь 113 сая  гээд төсөөлөөрэй. 

Б.ГАНАА

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 072 /5372)