МАН-ын түүхэнд үлдэх “ургийн баяр”

Улс төр

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар “Энэ удаагийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн намын гишүүд олон байлаа. Намд хүсэлтээ өгсөн 140 гаруй өргөдлөөс бид 45-ыг  нь шилж нэр дэвшүүлэхээр сонгосон..” гэсэн утга бүхий мэдэгдлийг Орон нутгийн сонгуульд нэр дэвших батламж гардуулахдаа хийсэн нь  намаа хуваасан ээлжит сюприз болов.

Өнгөрсөн хугацаанд олон жилийн турш үнэмлэхүй эрхтэй хөгшчүүдэд боломжоо алдаж, арагш түлхэгдэж байсан өнөө цагийн 40-50 насныхан энэ удаа л хэмээн горьдлого тээн намын даргаа тойлж байсан ч ийнхүү дарга нарын цүнх барьж, үдийн хоолны савыг нь зөөж гүйсэн 80, 90 оныхонд хүч түрэгдэн ялагдсан нь гашуун байх нь аргагүй. 

Энэ үед нийслэлийн МАН-д нөлөөтэй байж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг даргалсан дарга нарын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан эрхэмүүд өөрсдийн сошиал хаягаараа бухимдалаа шууд гаргасан нь олны анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы хэвлэлийн албаны дарга асан, сэтгүүлч Ц.Мөнхбаатар, “#НИТХ-ЫН СОНГУУЛЬД НМАН-ын хорооноос нэр дэвшигчид тодорчээ, гэхдээ тэдэн дунд өнгөрсөн жилүүдэд нийслэлийг утаагүй болгох хэрэгт Хотын дарга асан С.Амарсайхантай хамт оройлон зүтгэсэн, өдөр шөнөгүй ажилласан хүмүүс яагаад алга байна вэ, 20 жил бугшсан утааг бууруулахад зүтгэсэн зарим хүмүүсийн нэр алга, тэд НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэнгүй юу, эсвэл тэднийг дэвшүүлсэнгүй юу??? Гэтэл хэн ч танихгүй, нийслэлийн төлөө хэрхэн ажилласан нь тодорхойгүй залуус цөөнгүй харагдана. Дарга нар бүгдийг шийддэг юм бол залуус төр нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг юун. Шударга чадварлаг залуусаа сонгуульд дэмжинэ гэсэн МАН-ын дарга #У_ХҮРЭЛСҮХИЙН уриалга хаана очоод замхрав. НМАН-ын хорооны шийдвэр оновчтой шударга гэдэгт одоо бид итгэх ёстой юу, эсвэл цүнх барьж даргыг дагаж гүйж байх учиртай юу, авлига авч мөнгөтэй болсон байх хэрэгтэй юү...????” хэмээн постолж бухимдлаа ил гаргасан. 

Үүнтэй зэрэгцэн нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын хэвлэлийн албаны дарга асан Э.Дагиймаа “Батболд дарга ч их юм хийсэн.Ганц Амарсайхан биш. Гол нь энэ ажлыг дэмжиж байсан Иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшсэнгүй.Чин үнэнийг хэлэхэд дарга дагаж далбагнаж, дохиураар хөдөлсөн нөхөд нэр дэвшсэн байна лээ. Төрийн албаны анхан, дунд шатны үйл ажиллагаагаа ч мэдэхгүй нэр дэвшигч нар нийслэл хотоо хөгжүүлнэ, иргэдийн дуу хоолой болно гэдэг нь юу л бол... Ичиж дэвшээсэй. Ажил хийж байсан нь биш, цүнх баригч амбицтай залуусыг дэвшүүлсэн хэрэг үү?” хэмээн коммент бичжээ.   

Нэгэнт хийсэн сонголтыг буцааж болохгүй, нөгөө талаар өнгөрсөн хугацаанд нийслэлийг хэрхэн аз жаргалтай болтол удирдаж, хөгжүүлэв, орон нутагт эрх барьсан давуу байдлаа хэрхэн ашиглаж, иргэдээ татаж, сонголтыг ирэх сарын 15-нд ямар байдлаар баталгаажуулахыг Д.Сумьяабазар тэргүүтэй багийнхан яаж хийхийг харах л үлдэв. МАН 100 жилийн босгон дээрээ орон нутагт “пионер”-уудаа сойсон нь хэр мэргэн  сонголт байв... 

Шогч зарим нь 2020 оны орон нутгийн сонгуульд МАН худ ураг, хуурай ахан дүүс, туслах зөвлөх, цүнх барьж, хоол халаагчаа нэр дэвшүүлж байна гэлцэв. Ерөнхий сайдын хүргэн, нийслэлийн намын даргын баз, Их хурлын даргын зөвлөх зэргээр намын томчуудын сүүдэрт хургаж, “сүүтэй угж”-ны амсарт хошуугаа нааж, үнэтэй машин, өндөр албан тушаал, ямбатай төрх, ялдамхан инээдээр нүүрээ чимдэг залуу үедээ элэгтэй сонголтыг ням гарагт Нийслэлийн Монгол Ардын Нам гаргачихав. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва НИТХ-д Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон түүнийг тухайн үед намрын орон нутгийн сонгуулийн сууриа цутгаж байсан нь өнөөдөр ийнхүү баталгаажсан гэсэн үг. 

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарын баз Г.Төгөлдөр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ авсан. Г.Төгөлдөр нь Анод банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Э.Гүр-Аранзын хүү бөгөөд Д.Сумьяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн дүүтэй гэрлэсэн нэгэн. Д.Долгорсүрэн зааны хөвгүүдийн үүсгэн байгуулсан “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон Г.Төгөлдөр ийнхүү улс төрийн сонголтоо Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж, УИХ-ын босгыг сэтгэлдээ тээж алхах сууриа базахаараа тавиулав, бололтой.

УИХ-ын дарга Г.Зандан­шатарын хэвлэлийн төлөө­лөгчөөс зөвлөх хүртэл дэвшиж, сошиалд багагүй дуулиантай амьдардаг З.Төмөрийг улс төрийн хүрээнд танихгүй хүн цөөхөн. Түүнийг гадаадын томилолт, сауны уулзалт зэрэг нууцын зэрэглэлтэй уулзалтуудаас үе үе содон зураг, лайв бичлэг гаргаж сошиалд шуугиан тарьж, өөрийгөө үнэд хүргэж, асуудалтай улстөрчдийг “төмсөгддөг” гэм биш зантай. Түүнийг далд муулж, ил зулгуйдах намын нөхөд нь орон нутгийн сонгуульд ногоон гэрлээр гарч ирэхэд багагүй гайхаж, бас чимээгүйхэн бухимдаж байна.

 Улс төрд дороос гарч, дээгүүр жаалах болсон цөөхөн хэдэн цойлогсдын нэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч энэ удаа мөн ойрын хүнээ орон нутагт сойх марафоноос хоцорсонгүй. Тэрбээр өөрийн зөвлөх асан Б.Сэргэлэнбаатарыг орон нутгийн сонгуульд оруулж ирэн, нэр дэвших батламжийг нь баталгаажуулж чадсан байна. 

УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдсан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан даагаа орон нутгийн сонгуулиас нэхэж, нийслэлд өрсөлдөнө. Түүний араас “дүүргийнхээ хилийн дээсийг эргэж ирлээ хэмээн олны инээдийг барж, элгийг эмчилдэг” алдартан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Батсүмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн  нар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөх юм байна. 

Нийслэлийн МАН нэр дэвшигчдээ “дотоод ардчиллын зарчмаар сонгосон” гэж буй ч гомдогчид бөөн бус. Тэд “Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргын эрх мэдлээ ашиглан ихэнх нэр дэвшигчдээ сонгосон учир найз нөхөд, ойр дотнын харилцаатай хүмүүс нь сонгогдсон” хэмээн илт бухимдаж байна. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуучин төлөөлөгчдөөс дийлэнхийг дахин нэр дэвшүүлээгүй Нийслэлийн МАН-ын дарга нийт 45 төлөөлөгчдийн 33 нь цоо шинэ хүмүүс. Харин хотын даргын үүрэг  гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан нарын 10 төлөөлөгч нийслэлийн намын даргын “таалал”-д арайхийн багтаж, дахин нэр дэвших эрхээ баталгаажуулсан байдаг. Ямартай ч иргэд болон намын гишүүдийн өгүүлж буйгаар энэ удаагийн Нийслэлийн Монгол ардын намаас сойж буй 45 нэр дэвшигч 100 жилийн түүхтэй МАН-ын түүхэнд таарсан хамгийн сул, хамгийн их цус ойртсон сонголт төдийгүй, хэрэв сонгогдвол Нийслэлийн түүхэн дэх хамгийн том “ургийн баяр” болох нь ойлгомжтой аж. 

С.БАЯР

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 072 /5372)