Ээлжит сонгуулийн сүүлчийн “марафон”-д Ардчилсан нам ялагдах эрхгүй

Улс төр

Монгол Улсын сонгууль дуусах болоогүй байна. Одоо орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Өөрөөр хэлбэл Аймаг,  нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Улс төрийн нам, эвсэл, бие даагчид уг сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байна. Ийм ч учраас намууд тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн билээ.  

Орон нутгийн сонгуульд хамгийн олон мандаттай НИТХ-ын сонгууль тойрсон зарим мэдээллээс хүргэе.  Учир нь Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган хүн амьдарч байгаа статистик бий. Энэ хирээр нийслэлд шийдвэрлэх ёстой хуримтлагдсан асуудал их бий. Тухайлбал, авто замын түгжрэл, агаарын бохирдол, орон сууцжуулах зэрэг асуудлаас өгсүүлээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлууд хөндөгдөн гарч ирдэг. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн агаарын бохирдлыг  шахмал түлш түлсэнээр бууруулсан хэмээн ярьдаг. Гэвч шахмал түлш түлээд угаартаж нас барсан иргэд өнгөрсөн жил маш олон байсан. Бас идэр есийн жавар тачигнаж байхад өнөөх шахмал түлш нь олдохгүй өрхүүдэд өдөрт гурван шуудайг хуваарилж байсан удаатай. Одоо Хөхүүрийн ам цаашилж,  Хүйтний эрч наашилж түлшний хүрэлцээ хангамж хэр байх нь уу,   хэчнээн хүн халуун, дулаан гэр оронд амьдрах гээд угаартаж алтан амиа алдах бол гэсэн айдас  айсуй. Мөн 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлээд авто замын түгжрэл заримдаа бараг 0 зогсолт хийж байна. Яг ийм эмзэг сэдэв хөвөрдөг улирлын эхэнд НИТХ-ын сонгууль болох нь. Тэгвэл НИТХ-ын сонгууль 23  тойрогтой 45 мандаттай байх  юм.  Нэг мандатад 35-36 мянган иргэн ногдох аж. Иймд орон нутгийн сонгуульд хамгийн ширүүн “тулаан” болох талбар нь яах аргаггүй нийслэл Улаанбаатар хот гэхэд хилсдэхгүй.  НИТХ-ын сонгуульд дээр дурдсан асуудлуудыг зах зухаас нь шийдээд явчих багийг нийслэлчүүд сонгох нь дамжиггүй. Гэхдээ сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид Улаанбаатар хотыг хэрхэн удирдах төлөвлөгөө, амлалтаа өгч үүрэг даалгавараа хараахан авч амжаагүй байна.

УИХ-ын сонгуулийн Энэ оны зургадугаар сарын 24-нд болсон УИХ-ын ээлжит сонгуулиар МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Улс төр судлаачид тус намын ялалт байгуулсан “нууц”-ыг У.Хүрэлсүх бүх аймагт бууж мордоод нэр дэвшигчдээ дэмжихыг уриалж явсантай холбон тайлбарлаж байгаа. Орон нутгийн сонгуулиар мань эр дахиад бүх аймаг, сумдаар бууж мордоод явах уу, үгүй юу гэдэг нь одоохондоо тодорхойгүй л байна. Эсвэл өөр хүн урдаа барьж улаан тугаа мандуулаад зүтгэх юм болов уу.

Ямартай ч Ардчилсан нам  орон нутгийн сонгуульд ялагдах эрх байхгүй гэдгийг тус намын гишүүд, дэмжигчид хэлж буй юм. Ардчилсан нам  2012-2016 онд НИТХ-д олонх болон сонгогдохдоо Улаанбаатар хотын асуудлыг оновчтой шийдэж ирсэн гэж нийслэлчүүд ярьдаг. Энэ нь УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын дарга байхдаа гурван тэрбум төгрөгөөр усан оргилуур барихад маш их дургүйцэж байсанаар тод илэрсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод авто замын түгжрэл хэрээс хэтэрсэн, гэр хорооллын цэвэр усны хангамжийг сайжруулах, зам талбайгаа засах зэрэг асуудал орхигдож буйг жишээ баримтаар тайлбарлаж байв. Жишээ нь тэр үед гурван тэрбум төгрөгөөр  цемент цутгаж байхаар гэр хороололд гурван км ч болтугай цэвэр усны шугам хоолой татах ёстой гэж үзэл бодлоо илэрхийлсэн иргэн олон байлаа. Тэгэхээр Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялагдвал улс төрийн тавцанд мөддөө гарч ирэхгүй. Зөвхөн ганц намын олонхоор түрэмгийлсэн засгалал тогтож магадгүйг улс төр судлаачид ч хэлж байна. Нөгөө талаар иргэд ч төр засгийн хүчний харьцааг тэнцүүлэх нь зүйтэй гэсэн үзэл бодол ажиглагдаж буй гэдэг. Гэсэн хэдий ч  Ардчилсан нам орон нутагт тулгамдаж буй асуудлыг зөв өнцөгөөс харж, оновчтой бодлого шийдэлтэй энэ удаагийн сонгуульд оролцвол НИТХ төдийгүй бүхий л орон нутагт ялалт байгуулах бололцоо байгаа юм.