Фелд маршал...

Улс төр

Улс төрийн сонголт хийнэ гэдэг тийм ч амар биш. Тэр тусмаа манайх шиг нам дагаж бялуу хуваадаг болсон энэ үед аль нэгэн намыг сонгоход араас нь саар тодотгол, тодорхойлолт заавал дагадаг. Учир нь албан тушаал, алив нэгэн шан харамж харах, хүртэх үүднээс улс төрийн сонголтоо хийдэг болохоор хэвийн үзэгдэл болтлоо хэвшсэн энэ цаг үед өөрийн итгэл үнэмшлээрээ улс төрийн намын сонголт хийнэ гэдэг амаргүй. 

Энэ бүхнийг өгүүлэх учир нь нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдоод удаагүй байгаа Д.Пүрэвдавааг бид энэ дугаарын “Өдрийн хүн” булангийн зочноор сонгосонд байгаа юм. Шударга биш сонгуулийн улмаас Ардчилсан нам УИХ-ын сонгуульд бут ялагдаж, ардчиллыг хүсэмжилж, ардчиллын үнэ цэнийг дээдэлсэн олон түмэн бухимдаж байсан ширүүн үе. Намын харьяаллаар ажлаас халагдаж, үзэл бодлын зөрүүгээс хөсөр хаягдаж байсан учир ажил амьдралаа хөөсөн олон хүн үзэл бодлоосоо ухарч, Ардчилсан намаас татгалзаж, намынхаа үнэмлэхийг буцааж өгөх дээрээ тулсан энэ хүнд хэцүү үед үзэл бодлоо хамгаалж, үнэт зүйлийнхээ төлөө Ардчилсан намд элссэн залуусын нэг Д.Пүрэвдаваа байсан гэдэг. 

Тэр бүр энэ талаар яриад байдаггүй тэрбээр, “АН-ынхаа ялагдалтай ч, ялалттай ч хамт явна аа...” хэмээн даруухан ярилцлага сэтгүүлчдэд өгч байсан. Үнэхээр ч энэ хэлсэндээ хүрсэн Д.Пүрэвдаваа 2012 онд Баянзүрх дүүргийг цэнхэртүүлж, ялалтын тугаа өндөрт өргөж, өөрийгөө ямархуу менежер, ямархуу улс төрч болж өсөж яваагаа харуулж чадсан нэгэн.  

 Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхаасаа л ардчиллыг дэмжиж ирсэн түүнийг  2009 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдож, час улаан дүүрэгт цэнхэр ялалт байгуулна хэмээн зүтгэхэд олон хүн эргэлзэж байсан гэдэг. Харин энэ эргэлзээг тэр 2012 оны орон нутгийн сонгуулиар тас татаж, түүгээр зогсохгүй найман жил хамгаалж чадсан гавьяатай. Энэ утгаараа нийслэлийн хамгийн өнөр ам бүлтэй Баянзүрх дүүргийн  Засаг даргаа ажиллаж, үүнийхээ өмнө Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж, шийдвэрлэх төвшинд бага гэхгүй цаг хугацаанд олон ажил амжуулсан нэгэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, УИХ-ын сонгуульд дүүргээ удирдаж орсон түүнд 2020 онд нийслэлийг удирдаж ажиллах боломж, нөгөө талаар маш том хариуцлага оногдуулсан. Түүний хүнд үед хойш сууж байгаагүй хөдөлмөрч занг, хэзээ ч гаргалгаа гаргаж гарц олдог ялалтын түүчээ гэж намынхан нь итгэсэн нь эргэлзээгүй.

Я.МОНГОЛ

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин (дугаар 071/5371)