Хонгконгийн тэмцэгчид “Мулан” киног бойкотлохыг уриалав

Эрэн сурвалжлах

Цар тахлын улмаас олон удаа хойшилсны эцэст дэлхий дахинаа нээлтээ хийгээд удаагүй байгаа “Walt Disney” компанийн бүтээл “Мулан” уран сайхны киног бойкотлохыг Хонгконгийн ардчилсан хөдөлгөөнийхөн уриалжээ.

Өдгөө 24 настай Жошуа Вонг тэргүүтэй тэмцэгчид уг уриалгыг гаргаад байгаа ба Тайланд, Тайваньд ч уг киног эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж эхэлжээ.

Учир нь, киноны гол дүрийн жүжигчин Хятад гаралтай АНУ-ын иргэн Лю Ифэй Хонконгийн эсрэг Хятадын Засгийн газраас авч буй арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлснээс ийнхүү тус киног бойкотлох уриалга гаргаад байгаа аж.

Жүжигчин Лю Ифэй өнгөрсөн онд Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн Хонконг цагдааг дэмжиж, “Хонгконгчуудыг ичгүйргүй загнаж байна” хэмээн буруутгаж байсан юм. Эрх чөлөөнийхөө төлөө олон сар тасралтгүй тэмцэж буй Хонгконгчууд түүнийг АНУ-ын иргэн болоод эрх чөлөөг хангалттай эдлээд цагдаагийн хүчирхийллийг дэмжиж буйг нь буруутгажээ.

Эх сурвалж: CNN