Н.Ганибал: Залуучууд руу чиглэсэн төрийн бодлого хангалтгүйн улмаас тэд эх орноосоо дайжихад хүрсэн

Улс төр

  Ч.ЧУЛУУН

  “Ачааны хүндийг үүрч яваа хүн” хэмээн монголчууд итгэл хүлээлгэсэн нэгнээ сэтгэлийнхээ хойморт хүндлэн дээдлэх нь бий. Сүхбаатарчуудын хувьд тийм хүндтэй эрхэм нь Наянтайн бага хүү Ганибал. Тэрбээр УИХ дахь цөөнхийн бүлгийн нүүр царай. Түүний төр түшилцсэн дөрвөн жилд юм юм л болж өнгөрчээ, эргээд харахад. Дэлхий нийтийг тэвдүүлсэн цар тахлын ард арай гэж гартал найдвартай ар тал нь байх учиртай Ардчилсан нам хоёр хуваагдан бужигнаж, асуудал намжин эв эеэ олохтой зэрэгцээд зуд нүүрлэсэн гээд л. УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд тэр бүхнийг сөрж, сонгогч олныхоо дуу хоолой байх үүргээ нэр төртэйгөөр биелүүлж чадсан нэгэн. Өнөөдөр ч мань хүн малчин түмний төлөө, маргаашийг харах итгэх итгэлд нь цучил нэмэхийн төлөө УИХ-ын танхимд үгээ хэлж, буланд шахагдсан ч гэлээ байр сууриа хамгаалж чаддаг улстөрч. Нөгөөтэйгүүр, түүнд эхлүүлсэн бол дуусгадаг, үр дүнг нь харах гэж хичээдэг, байр суурин дээрээ бат зогсдог чанар бий. Эрхэм гишүүний аав нь Монгол Улсын гавьяат багш Г.Наянтай бол ижий нь номын сангийн эрхлэгч С.Нарангэрэл. Баруун-Уртынхан андахгүй юм билээ, энэ хоёр буурлыг. Удам судрын тухайд ч тэр. Аав ээжийнх нь талаас төр түшилцсэн хүн цөөнгүй. АИХ- ын дэд дарга асан Ж. Гомбожав, СнЗ-ийн ерөнхий сайдын орлогч Ө.Мажиг, Үйлдэр, худалдааны сайд асан Ц.Цогт, Эрүүл мэндийн дэд сайд Ш. Энхбат. Хэнтий аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар, аавынх нь бага дүү Дорнод аймгийн Эвлэлийн хорооны дарга Т.Ганболд гээд л түмэнд хүндлэгдсэн төрийн зүтгэлтнүүдийг нэрлэхэд таатай байна.

Н.Ганибалын тухайд ажил амьдралынхаа гарааг орон нутгаас эхэлж, Сүхбаатар аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлолцож, түүнийгээ ажил хэрэг болгохын сацуу Сүхбаатарын хурдан хүлгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон ашгаараа нутаг усандаа хөрөнгө оруулалт хийх алсыг харсан улстөрч. Түүнтэй ямар ч сэдвээр ярилцаж болно. Хэрэглээний математикаас мал аж ахуйн салбарын хөгжил тэр дундаа үүлдэр угсаа, фермерийн аж ахуй гээд л. Гэвч тэр хэзээ ч би үүнийг санаачилсан, хэрэгжүүлсэн хэмээн цээжээ дэлдэж, өөрөөрөө авторлодоггүй. Ийм нэг эрхэмтэй уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэхэд таатай байна.

-Та сайхан хаваржиж байна уу. Цаг зав гарвал нутаг руугаа, тойрог руугаа явж байна уу. Зүүн аймаг, тэр дундаа Сүхбаатарт өвөл орсон цас одоо ч хайлаагүй, дээр нь сая орсон цас 30 см зузаан байна гэж Ус цаг уурын мэдээнд дурдагдаж байна лээ?

-Сайхан хаваржиж байна. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Гурав хоногийн өмнө нутаг яваад ирлээ. Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн, малгүй сөхөрч байна. Ялангуяа, манай Сүхбаатар аймгийн хувьд гамшгийн хэмжээнд тун хүнд нөхцөлд хаваржиж буй. Олон арван малчны хот харлаж, амьжиргааныхаа хэдээс салсандаа сэтгэл санаагаар унаж, яах учраа олохгүй тэвдэцгээж байна. Ер нь бол өвөлжилт хүндэрч болзошгүй талаар холбогдох байгууллагууд, төрийн чихэнд хүргэж байсан. Манай аймгийн тухайд өвөлжилт хүндэрч магадгүй нь арваннэгдүгээр сарын дундуур тодорхой болсон. Эхний цас хайлж амжаагүй, өдөртөө хайлмагтан шөнөдөө хөлдөж байтал дараагийн цас орсон. Байгалийн энэ үзэгдэл хоёр, гурав давтагдаад ирэхээр л биш болдог юм. Малчид өвөлжөөндөө орж амжаагүй байж таарсан. Үүнтэй зэрэгцээд дизелийн түлш, бензин шатахууны хомсдол нүүрлэсэн. Тэр нутагт төрж өссөн, МАА-н салбарт ажиллаж байсан, малчны ахуй амьдралыг сайн мэдэх хүний хувьд үүсээд байгаа нөхцөл байдал, учирч болзошгүй хүндрэлийн талаар холбогдох байгууллага, Улсын онцгой комисс, Засгийн газарт маш олон удаа хэлж, анхааруулж, сануулж ирсэн. Боломж бололцоо нь байвал туулах чадвар сайтай техник хэрэгслийг орон нутагт байршуулж, бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Зам харгуй чухал шүү гэж анхааруулсан. Зам чөлөөтэй байх аваас малчид өөрсдөө өвс тэжээлээ худалдан авч чадна гэж хүртэл сануулсан. Харамсалтай нь Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ аваагүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр улсын хэмжээнд хорогдсон малын тоо хоёр сая давахад сая нэг юм хөдөлсөн. Гэвч тэрхүү тусламж нь цаг үеэ олоогүйн дээр хүндээ хүрсэн бодит ажил болж чадаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд “Мал төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдгийг хэн хэнгүй мэднэ. Шулуухан хэлэхэд, төр үндэсний баялгаа хамгаалах ёстой. Улсын нөөцийн газар гэж бий. Түүнд хадгалагдаж буй хүнс, өвс тэжээлийг онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд зарцуулдаг. Энэ удаагийн зуд бол гэнэтийн зүйл биш. Эртнээс арга хэмжээ авч төлөвлөгөөтэйгөөр ажиллах боломж байсан уу гэвэл байсан. Гэвч одоо өнгөрснийг бус учирсан гамшгийг арилгах талаар тодорхой зүйлүүдийг хиймээр байна. Нөгөөтэйгүүр, бидэнд том сургамж боллоо. Манай улсад даатгалын систем хөгжөөгүйн горыг бид амслаа. Бүхий л салбарт нөхөн олговор олгох боломж алга. Өнөөдөр хотоо харлуулсан малчдын аж амьдралыг цаашид хэрхэх талаар төрийн бодлого байхгүй байна. Хүний хорвоод амьдрал үргэлжлэх учраас малаа алдсан малчдын ажлын байрны асуудлыг ярих ёстой. Түүнчлэн олон арван малчныг нойргүй хонуулж буй зээлийг яаж шийдэх юм гээд л. Малаа барьцаалаад банкнаас зээл авсан байдаг. Гэтэл мал нь хуйгаараа дууссан. Өнчин ч үгүй хоцорсон малчин олон байна. Засгийн газраас малчдын зээлийг хойшлууллаа, төлөх хугацааг нь сунгалаа гэж байгаа боловч бодит амьдрал дээр асуудал шийдэгдээгүй шүү дээ. Тэгэхээр малгүй болсон, амьжиргааны доод түвшинд очсон малчдын хоол хүнс, ажлын байрны асуудлыг нэн даруй шийдмээр байна. Үүний дараа өдөр бүр сэтгэлийг нь зовоож буй өр зээлийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх. Энэ хоёрыг шийдсэний дараа малжуулах асуудлыг үе шаттайгаар авч үзэх ёстой.

-Дөнгөж сая хуралдсан УИХ-ын байнгын хорооны хурал дээр та яг энэ асуудлаар байр сууриа илэрхийлээд гарч ирсэн. Нэр бүхий гишүүд ч тогтоолын төсөл санаачилж өргөн барьсан. Гэвч УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүй байна лээ. УИХ яагаад ач холбогдол өгөхгүй байна вэ. Уг нь нэг удаа хэрэгжих төсөл учраас ногоон гэрлээр явж болохоор доо?

-МАН-ын нэр бүхий 37 гишүүн яг энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан. Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс бодит нөхцөл байдлыг үнэлж цэгнээд Засгийн газар малчдын зээлийн асуудал дээр тодорхой шийдэл гаргаж өгнө үү гээд УИХ-ын тогтоолын төсөл, хууль санаачлан боловсруулсан. Үүнийгээ УИХ-д өргөн барьсан байгаа. МАН-ын нэр бүхий гишүүд Монголын малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийгээ малчдын эрх ашгийг хамгаалсан маш чухал хуулийн төсөл боллоо гэж ирээд л ард түмэнд сурталчилж эхэлсэн. Энэ хууль батлагдах аваас малчин таны амьдрал сайжирна ч гэх шиг. Шулуухан хэлэхэд, цагаа олоогүй хуурамч хууль. Малчдад эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хуулийн нийлбэр гэж хэлж болно. Нөгөө талаар УИХ юуны учир нэг холбоонд зориулж хууль батлах гээд зүтгээд байна вэ. Энэ бол байж болохгүй асуудал. Холбоо үйл ажиллагаагаа явуулах бүх боломжийг хууль ,эрх зүйн хүрээнд шийдээд өгсөн шүү дээ. Тухайлбал, Мэргэжлийн холбоодын тухай хууль, Хоршооны тухай хууль, Малын генетик нөөцийн тухай гээд холбогдох хуульд бүх зүйлийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Тэгээд ч асуудлыг шийднэ гэдэг чинь өөр зүйл. Ядаж л санхүүгийн нөхцөл байдал, зохион байгуулалтын асуудлыг шийдэх гарцыг олж харах хэрэгтэй. Гэтэл энэ бүхнээс зугатаад, лоозогносон хууль гаргаад малчдын асуудлыг шийдсэн мэт дүр үзүүлэхийг оролдож байна. Өөрөөр хэлбэл малчид та бүхэнд учирсан эрсдэлийг энэ хуулиар даван туулах, малчдын хүслийг боомилох гээд байгаа юм. Асуудлыг бодитоор харья л даа. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монгол Улсын иргэн малтай, хувийн өмчтэй болсон. Энэ нь ардчилсан нийгмийн үнэт зүйл. Тухайлбал, нэгдэл байгуулж ажилласан он жилүүдэд 20 гаруй сая толгой малтай байлаа. Баахан уриа лоозон гаргаад ч өсөхгүй байсан мал сүрэг хоёр жилийн дотор хоёр дахин өссөн. Хүн өмчдөө хайртай. Өөрийн өмчөө хамгаалж, өсгөж үржүүлэхийн төлөө явдаг. Харамсалтай нь иргэдийнхөө өмч, малын гаралтай бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлсэн нь төрийн бодлого буруу явсны гор. Жишээ нь махны экспортыг хорьсон явдал. Зөвхөн Улаанбаатар хотын махны хэрэгцээг хангахын төлөө энэ шийдвэрийг гаргасан байдаг. Малчдын малаа үнэ цэнэтэй байлгах, олсон орлогоороо хангалуун амьдрах, өмч хөрөнгөө найдвартай хамгаалах бүх боломжийг хаасан. Учир нь Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн орлого бага тул түүнд тааруулж махны үнийг тогтоохыг хүссэн хэрэг. Үр дүнд нь нөөцийн мах гэдэг зүйл гарч ирсэн. Мал, махны үнэ өсөөд ирэхээр төрийн мөнгөөр хөнгөлөлттэй зээлээр худалдаж авсан хувийн компанийн махаар доод үнийг тогтоох жишээтэй. Уг нь зах зээлийнхээ жамаар явбал малчдын амьдрал дээшилж, Монголын мал аж ахуйн салбар хөгжинө шүү дээ. Малын тоо толгой эрс өссөн, бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг асуудал чинь үүнтэй шууд холбоотой. Цөөн тооны малаар малчид амьжиргаагаа залгуулж чадахгүй, бүтээгдэхүүнийх нь үнэ бага учраас тэр. Малчид хэрэгцээгээ тооцоолж малаа өсгөдөг. Ийм байдал руу малчдыг түлхсэн. Учир иймээс өнөөдөр цөлжилт, бэлчээрийн доройтолтой нүүр тулсан. Энэ бүхэн гамшгийг даван туулах чадваргүй мал сүрэгтэй болсон гэж би хувьдаа харж буй. Үүний ард маш олон асуудал хуримтлагдаж, зөв голдиролд орж чадахгүй байна л даа.

-Тэгэхээр та бүхний өргөн барьсан хуульд тээг саад учраад байна гэж ойлголоо. Зөв үү?

-Бидний өргөн барьсан хууль нэг удаагийн үйлчлэлтэй. Малчдын зээлийн асуудлыг хөндсөн хууль. Яагаад гэвэл төрийн буруу бодлогын нөлөөгөөр малчид хохирол амссан. Ийм учраас Засгийн газар Монголбанк, арилжааны банкуудтай хэлцэл хийж малчдын зээлийг тэглэх бодлого хэрэгжүүлэх ёстой. Хуулийн утга, агуулга нь энэ.

-МАН-д нэг заль бий. Тэр нь томоохон баярыг тохиолдуулан иргэдийн анхаарал суларсан үед олон хуулийг бөөндөж орхидог. Энэ нь УИХ-д олонхи байгаагийн давуу тал байх. Та үүнийг нь эсэргүүцэж, “Хулгайн хууль хулгайн асуудлыг л зохицуулдаг” гэж байр сууриа илэрхийлсэн. Үнэхээр ийм байдлаар энэ дөрвөн жил өнгөрлөө гэж үү?

-Ер нь маш олон асуудал бий. Бид өнөөдөр ардчилсан Үндсэн хуультай, чөлөөт эдийн засагтай нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр энэ зарчмаа барьж ажиллаж, амьдарч байна уу үгүй юу гэдгээ харах ёстой. Түүнчлэн стратегийн бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг хадгалж, үндэсний аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу гэдэг нь өөрөө асуудал. Гэтэл бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцэж чадахгүй байна шүү дээ. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг зөвхөн нүүрсний экспортоос хамаарч байна. Өмнөговь аймгаас хэдий хэмжээний нүүрс экспортлохоос шалтгаалж цалин нэмэх эсэхийг шийддэг. Өөрөөр хэлбэл, зам тавих, сургууль, цэцэрлэг барих асуудлыг нүүрсний экспорт л шийдэж байна. Монгол Улсын иргэн та ямар үйлдвэрлэл эрхэлж, түүнээсээ орлого олж байна уу гэдэг нь чухал биш. Ийм боломжийг төр, засаг нээж өгч чадахгүй байгаад хамаг учир байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж яриад байдаг. Сүүлийн найман жилийн хугацаанд уг асуудлыг шийдэж чадсангүй. Дээрээс нь малчдын амьжиргааны асуудал гарч ирлээ. Бас газар тариалангийнхаа “амийг таслах” бодлогогүй шийдвэрийг гаргах гэж байх шиг байна. Иргэд нь төрийн халамжаас хамааралгүй амьдарч чадаж байвал улс орон хөгжинө. Түүнээс биш данхайсан төртэй, олон даргатай, төрийн байгууллагынх нь тоо өссөнөөр хөгжихгүй. Өнөөдөр төрийн албан хаагч 300 орчим мянгад хүрсэн. Залуус яагаад эх орондоо амьдрахыг хүсэхгүй байгаа асуудлыг эргэн харах ёстой. Судалгаанаас харвал 40-өөс доош насны залуусын 70 гаруй хувь нь эх орноосоо гарч амьдрахыг хүссэн байна лээ. Боломж олдвол өнөөдөр ч явахад бэлэн байгаа байх. Энэ нь төр, засаг нийгмийн асуудлаа зөв авч явж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Энэ бол зөвхөн сүүлийн найман жилд хуримтлагдсан асуудал шүү.

-УИХ-ын гишүүдийн чадавхи сонгуулиас сонгуульд дордож байна гэж ярих болсон. Энэ нь залуус улс төрд хүч түрэн орж ирж байгаатай холбоотой юу эсвэл? 

-УИХ-ын гишүүдийн чадамж сайн, муу тухайд би хэлэх нь утгагүй. УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилт иргэдийн амьдралд хэрхэн тусч байгааг тэд л үнэнээр нь хэлэх байх. МАН- ын гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй. Намын гишүүдийн тоо нэмэгдэх тусам УИХ-ын үйл ажиллагаа дордсон гэж бодож байна. Туршлагатай парламентчид гишүүдийн чадвар суларсан гэж хэлэх юм билээ. Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай, парламентийн засаглал дөнгөж тогтсон эхний сонгуулиудад сонгогдсон хүмүүс маш их зүйлд суралцсан. Миний хувьд анх удаа парламентийн гишүүнээр сонгогдон ажиллалаа. Суралцах зүйл маш их байдаг юм байна. Тухайлбал, парламентийн мэтгэлцээнийг хэрхэн хийх, судалгааны ажлыг ямар байдлаар явуулах гээд л. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахал чуулганы үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Чуулганы танхимд хуралдалгүй цахимаар л хуралдаад байсан. Танхимын мэтгэлцээний арга барилд суралцахад хугацаа алдсан гэж боддог. Энэ бол бодит үнэн. УИХ-ын 2020 оны сонгуулийг эргээд харахад олон удаа сонгогдсон гишүүдийн ихэнх нь сонгогдоогүй. Шинээр нэр дэвшсэн хүмүүсийг сонгосон байдаг. Яагаад парламентад олон жил суусан гишүүд сонгогдоогүй вэ гэвэл тэдний хийсэн үйлдэл иргэдэд таалагдаагүй гэсэн үг. Тэгэхээр парламентийн гишүүдийн чадавхийн асуудал хоёр талтайболов уу.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ- ын гишүүний тоог 126 болох асуудлыг та эхнээсээ дэмжсэн. Парламентийн гишүүдийн тоо нэмэгдэх нь ямар ач холбогдолтой гэж харсан бэ?

-Монгол Улсын парламент 76 гишүүнтэй байгаа нь эрх мэдлийн хэт төвлөрлийг авчирсан. Ийм учраас парламентийн гишүүдийн тоог нэмэх нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд зөв зүйл гэж үзсэн. Парламентийн гишүүн олон байх нь удирдлагын зөв тогтоолцоо гэж гадны улс орнууд үздэг юм билээ. Сонгуулийн холимог тогтолцоо түүнчлэн гишүүдийн тоо олон байх нь тогтвортой хөгжлийн баталгаа болдог туршлага бас бий. Ийм учраас л дэмжсэн. Парламентийн гишүүдийн тоо нэмэгдсэнээс гадна сонгуулийн холимог системтэй болж буй сайн талтай. Ингэснээр парламентад хэт олонхи болохыг хязгаарласан хууль гэж ойлгож болно.Нэг нам парламентад хэт олонхи болоод ирэхээр сөрөг хүчний дуу хоолойг үл сонсох байдал бий болдог. Бас шийдвэр гаргах түвшинд сөрөг хүчний оролцоо багасдаг талтай. Цаашлаад дарангуйлал ч бий болно. Өнөөдрийн байдлаар намын даргынхаа үгийг бүгд дагаж, түүнийг дэмжиж байгаа нь нууц биш. Үүнээс гадна тэртэй тэргүй МАН сонгууль бүрт ялна гэдэг ойлголт бий болох гээд байна шүү дээ. За тэгээд сөрөг хүчний гишүүдийг хууль, шүүхээр айлгах, ичээх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авах гээд бусармаг асуудал гарч ирж байна. Энэ мэтчилэн олон асуудлыг зөвөөр шийдэхийн тулд уг хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг өөрчлөх зориг гаргасан нь МАН-ын залуу даргын зөв алхам байсан гэж боддог.

-Та УИХ-д сөрөг хүчнийг төлөөлж буй. Гэвч нөхцөл байдал тийм ч таатай байсангүй. Ардчилсан нам дотроо бужигнаж, хоёр тамгатай, хоёр гэрчилгээтэй болоод учраа олохгүй хэсэг явлаа. Ийм намыг УИХ-д төлөөлнө гэдэг амаргүй. Намаа гэх үү, тойргоо гэх үү гээд л. Магадгүй зарим тохиолдолд эрх барьж буй намынхны аманд багтсан ч байж мэднэ.

-Манай намын нөхцөл байдал маш хүнд байсан. Тэр бүхнийг туулаад л гарсан. Бид чинь бас ч гэж наймуулаа шүү дээ. Тиймээс би ингэсэн, тэгсэн гэж ярих нь утгагүй. Ер нь бол МАН төрийн захиргааны байгууллагуудаараа дамжуулан манай намаар тоглосон, хоёр хуваасан, хоёр тамгатай болгосон, хоёр гэрчилгээтэй болгосон асуудал. Ийм байдлаас болоод нам маань учраа олохгүй бараг гурван жил бужигнасан. Харин сүүлийн нэг жил тодорхой түвшинд нэгдэн нийлж нэг толгойтой болсон. Хэдийгээр богинохон хугацаа үлдсэн ч гэлээ хүчтэй сөрөг хүчин байхыг хичээх болно. Цаашлаад АН-д төрийн үйл хэргийг удирдан жолоодох боломж гурван сарын дараа ирнэ. Манай намын хувьд яг хэрэгтэй цаг үед нь гарч ирдэг. Төрийн эрхийг барьсан хугацаандаа маш зоригтойгоор асуудлуудыг шийдэж ирснийг Монголын ард түмэн мартдаггүй. Харин МАН бол насаараа дарга байхын төлөө, сонгуулиас сонгуульд яаж ялах тухайгаа л бодож ажилладаг. Тэр нь ч илэрч байна. Сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялсан, энэ удаа ч ялгаагүй, сонгуулийг ямар ч үнээр хамаагүй авахыг зорьж байна. АН, МАН хоёрын ялгаа энэ.МАН-ын дарга хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа сүүлийн 30 жилийн туршид тийм, тийм зүйл хийсэн байна гэж түүх ярьж байна лээ. Тэд хийснээ ярьж болно л доо. Гэвч шинэ Үндсэн хууль баталсан 30 гаруй жил, түүнээс өмнөх төр барьсан он жилүүдийнхээ алдааг АН-руу чихнэ гэвэл үнэнд гүйцэгдэх биз ээ. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд ингэж яриад ялсан. Харин АН наймхан жил төр барихдаа ямар хэмжээний хэдэн үйлдвэр барьсан, ямар хэмжээний хичнээн км автозам барьсан гэдгийг харьцуулаад үзвэл үнэн инээдтэй байж мэднэ. Дарханы гэгдэх 200 гаруй км замтай дөрвөн жил ноцолдоод өнөөдөр ч дуусаагүй л байна. Монгол Улсын экспортын орлого өсч 15.2 тэрбум ам.доллар болж түүхэн дээд амжилт тогтоосон. Орлого ингэж нэмэгдээд байхад бидний амьжиргаа, амьдрал сайжирсан уу. Бүтээн байгуулалт нэмэгдсэн үү, ард түмэн найрсаг сайхан улаанбаатартаа сайхан амьдарч байна уу, утаа, түгжрэл маань байхгүй болсон уу гээд төрийн эрх барьж, бодлого боловсруулж байгаа Засгийн газар, эрх баригч намаас асууя. Сая байнгын хорооны хурал дээр малчдын өр зээлийн асуудлыг хэрхэх талаар байр сууриа илэрхийлсний төлөө МАН-ын таван гишүүн дараалан над руу дайрлаа. Энэ нь УИХ-д АН хэт цөөн төлөөлөлтэйн нэг илрэл байх. Нөгөөтэйгүүр олонхи болоод ирэхээрээ цөөнхийнхөө шүүмжлэлийг хүлээж авахаа байчихдаг юм байна. Уг нь алдаагаа ойлгож, тэр нь зөв, энэ нь буруу хэмээн хүлээж аваад хамтдаа засч залруулсан бол магадгүй өргөн барьсан хуульд нь ч түүнийг хэрэглэх малчдад ч хэрэгтэй байсан байх. Миний хувьд аливаа зүйлд ул суурьтай хандахыг л хүсдэг, тэгэхээс юм болгоныг үгүйсгээд байдаггүй. Дэмжихдээ ч дэмждэг, буруу бол алдааг нь хэлдэг.

-Таны түүхийг харахаар хэрэглээний математикч, амьдралын явцад ХАА тэр дундаа МАА-н салбараар мэргэшсэн гэж хэлж болохоор. Хэдийгээр эрс тэс хоёр салбар ч гэлээ үүнийхээ ид шидийг УИХ дээр хэрхэн гаргав?

-Математик бүх ШУ-ны хаан гэдэг л дээ. Хүүхэд байхдаа математикийн олимпиадад оролцдог, сонгоны ангид сурч байсан учраас хэрэглээний математикч болсон. Хэрэглээний математикч бол бүх салбарт алсыг харсан эдийн засгийн үр ашгийн тооцоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийх чадвар бүхий мэргэжил юм. Тухайн үеийн ХААЯ-ны МАА-н газрын даргаар томилогдон ажилласан тэр он жилүүдэд өнөөдрийн ХАА-н салбарт хэрэгжиж буй бодлогуудын суурийг тавьж, эдийн засгийн өгөөжийг нь урьдчилж харах, алдаа гарвал засч залруулах, зөвийг нь хэлэх чадварыг олж авсан. Ер нь бүх салбарт шинжлэх ухаан тэр дундаа математик, эдийн засгийн оролцоо маш өндөр байдаг. Тэр талаас нь аливаад хандах, үр ашгийг нь олж харахыг хүсдэг.

-МАА-н салбарынхан “Н.Ганибал даргын үед малын удмын санг сайжруулах, ялангуяа үхэр сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр суурийг нь маш сайн тавьж өгсөн. Гаднаас өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн үхэр оруулж ирснээр МАА ихээхэн хөгжсөн” гэж ярьдаг л даа. Та энэ тухайгаа орхигдуулаад байх шиг байна?

-ХАА-н яамд ажилласан хугацаанд хэд хэдэн асуудлыг ажил хэрэг болгосон. Тухайн үед гар, сэтгэл нийлсэн сайхан баг бүрдсэн байсан. Газар нь бодлогоо гаргадаг, сайд нь санхүүгийнх нь асуудлыг Засгийн газрын түвшинд шийддэг, дэд сайд нь нөхцөл байдлыг ойлгодог ийм л баг ажиллаж байсан учраас гарын таван хуруунд багтах таван том ажлыг эхлүүлсэн. Тухайн үед ХАА-н сайдаар Х.Баттулга ажиллаж байв. Бизнес сэтгэхүйтэй хүн шүү дээ. Бид хамтдаа амрах гээчийг умартан өдөр, шөнөгүй ажилласан. Хот суурин газрын сүүний хэрэгцээг хангая гэж ярилцан түүнийхээ дагуу дэлхийн стандартад нийцсэн сүүний чиглэлийн үнээнүүдийг хувийн хэвшлийн ААН, компаниудыг түшиглэн оруулж ирсэн. Сайд маань эдийн засаг, санхүү мөнгөний боломжуудыг нь нээж өгсөн. Үүний үр дүнд 2000 цэвэр үүлдрийн үхэр орж ирсэн. Бас дотооддоо шингэн сүүний хэрэгцээг тодорхой түвшинд хангах нөхцөл бүрдсэн. Үнэндээ тэр үед өвлийн улиралд шингэн сүү ууна гэсэн ойлголт суурин газрынханд бараг байгаагүй дээ. Хуурай сүү найруулж ууна, гадаа гудамжинд хувь хүмүүс сүүгээ аваарай л гэж хашгирдаг байлаа. Хүмүүс мартсан биз ээ. Дөрвөн жилийн дотор 2000 цэвэр үүлдрийн үхэр оруулж ирсэн энэ амжилт, тэр цаг хугацаа эргэж хэзээ дахин давтагдахыг хэлж мэдэхгүй юм. Мөн бид малын махыг үнэ цэнэтэй байлгахын тулд махны экспортын хэд хэдэн хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд адууны мах түүхийгээрээ хоёр хөрш рүү гардаг болсон. Түүнчлэн дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махыг экспортод гаргах асуудлуудыг шийдэж, эхлэлийг нь тавьсан. Ноос ноолуурын үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлсний үр дүнд ноос ноолуурын бие даасан хөтөлбөрүүд хэрэгжсэн. Дарханы арьс ширний үйлдвэрийг барих том хүсэл эрмэлзлэл тээн ажлыг нь эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй л байж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд энэ бүхэн дээр “Чиний ажлыг дэмжихгүй . Учир нь Баттулгын нэр дээр авторлогдаж байгаа” гэх байдлаас болоод Дарханы арьс ширний цогцолбор баригдахгүй өдий хүрлээ. Энэ мэтээр улстөржсөн байдалтай асуудлууд байсаар байна.

-Таны улстөрчийн түүх Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажилласан он жилүүдээс эхтэй. Нөгөөтэйгүүр, Сүхбаатар аймгийн хувьд Засаг дарга Ж.Батсуурь, зөвлөхөөр нь та ажиллаж байсан үед Баруун- Урт хот огцом хөгжсөн. Гэвч та ингэж хэлүүлэх дургүй нэгэн.

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Засаг дарга болоод өөртэй нь хамтарч ажиллаж чадах залуучуудаар багаа бүрдүүлсэн. Тэр багт манай намаас аймгийн ИХ-д олон удаа сонгогдсон ах нар гээд санал, санаачлагатай хүмүүс багтсан. Бид төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэе гэсэн нэгэн сэтгэлтэй байсан нь амжилтад хүрэхийн үндэс болсон болов уу. Дээр нь аймаг, орон нутгаа хөгжүүлэх, хүүхэд насны хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгохоор нутгаа зорьсон тийм л залуучуудын сэтгэл гэх үү дээ. Мэдээж тэр үед хийгдсэн ажлууд багийн ахлагч Ж.Батсууриар овоглогдох учиртай. Бид өрсөлдөгчид биш. Бид нэг зорилготой байсан, тэр бүхнийхээ ард гарч чадсан. Миний хувьд төрийн ажлаас гадна аймгийнхаа иргэдийг орлоготой болгох тал дээр анхаарч ажилласан. Тухайлбал, “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооны нарийн бичгийндаргаар ажиллаж байхдаа Сүхбаатарын хурдан хүлэг түүний хурд хүчийг уяачид, хурдан морь сонирхогчдод, монгол түмэндээ таниулахыг хичээсэн. Холбоо амжилттай ажилласан тэр он жилүүдийн тухайд сүхбаатар аймгийн уяачдын хувьд алтан үе байв. Анхны хаврын уралдаануудыг зохион байгуулж, тэр нь радио, телевизээр шууд гардаг, түрүүлсэн, айрагдсан морьдыг нь хараад уяачид худалдан авалт хийдэг байлаа. Тэр хэрээр уяачдын маань жилийн орлого эрс нэмэгдсэн. Тэндээс орж ирсэн мөнгө Баруун- Урт хотод бүтээн байгуулалт, орон сууцны хороолол, түүнийг худалдан авах суур нь болж өгсөн төдийгүй олон сайхан дэлгүүр хоршоо, худалдаа үйлчилгээний цэгүүд нээгдсэн. Иргэд орлоготой байх нь чухал. Манай Ж.Батсуурь гишүүн өөрөө их хөдөлмөрч хүн л дээ, шөнө оройгүй ажиллаж, нутгаа хөгжүүлэх гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэсэн. Бидний хамгийн эхний ажил бол Баруун- Урт хотын ерөнхий төлөвлөлт. БНХАУ-ын нарийн мэргэжлийн хүмүүстэй хамтарч зохион байгуулж, зураглалаа гаргаж, судалгаагаа хийлгэсэн нь хамгийн зөв алхам болсон. Өнөөдрийг хүртэл яг тэр суурь судалгааны үндсэн дээр аймгийн маань бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтууд цаашилбал газрын төлөвлөлт хийгддэг учраас цэгцтэй, цэвэрхэн, зөв харагдаж байгаа. Олон улсын стандартыг мөрдсөн.

-УИХ-ын сонгуулийн тойрог томсох нь тодорхой болчихлоо. Тиймээс 2-3 аймгийн асуудлыг хамтран шийдэхээр болж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс хөгжье гэвэл бүс нутгийн хөгжилд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдрийн 21 аймаг бол өөрсдөөсөө хамаарсан эдийн засгийн бие даасан бүтэц дор хөгжиж буй. Үүгээрээ ч хөгжлийнхөө гарцыг тодорхойлдог. Бүс нутаг болгон тэлж байгаа нь өнөөдөр шийдэж чадахгүй байгаа асуудлаа хамтдаа шийддэг байх боломжийг л эрэлхийлж байна гэсэн үг. Зүүн бүсийн хувьд хүрэн нүүрсний маш том бассейнтай, тэр нь Дорнод аймгийн Адуунчулуунаас Сүхбаатар аймгийн урд талын Бичигтийн боомт хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр бүс нутгийн асуудал дээр нэг л бодлого барихгүй бол манай, танай нүүрсний орд гэсэн байдлаар хандаж болохгүй. Бидэнд нэг бол эрчим хүчний нүүрсээ экспортод гаргах эсвэл түүнд суурилсан цахилгаан станцуудыг барих асуудал тулгарч байна. Эндээс харахад нэг л бодлого байх учиртай байгаа биз. Нөгөө талаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод газар зүйн хувьд нэг байрлалтай, цаг агаарын хувьд ижил бүс нутагт оршдог тул зөвхөн нэг аймгийнхаа МАА-н бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах уу аль эсвэл нийлүүлээд гаргах уу гэх тухайд бодох л асуудал. Мөн манай гурван аймаг бүс нутгийн таталцлын амьдралтай. Дорнод аймгийн ДЦС зүүн бүсэд эрчим хүч түгээдэг. Түүнчлэн хил залгаа сумдын малчид бие биедээ нэг сумынх юм шиг ханддаг. Энэ бүхнээс үүдэн бүс нутгийн хөгжлийн зураглалыг гаргаж, цааш нь хөгжүүлэх зайлшгүй шаардлага харагдаж байна.

-Таны хобби сагс тоглох,хурдан морь уях. Бас сайхан дуулдаг. УИХ- ын гишүүн болсноос хойш шинэ дуу сурч, бөмбөг хөөх завыг гаргаж чадаж байна уу?

-Дууны тухайд өнгөрсөн өвөл төгсөлтийн шинэ жил хийх үүргийг манай анги хариуцаж, зохион байгуулсан. Бид 1992 онд Сүхбаатар аймгийн Баруун- Урт хотын нэгдүгээр арван жилийн 10Д ангийг төгсөж байлаа. Төгсөлтийн найзууддаа, шинэ жилдээ зориулан өөрсдөө дуу зохиож дуулсан. Тэр л миний хувьд хамгийн сүүлд сурсан дуу байх. Манай ангийн багш бол МУГБ, химийн багш н. Адилбиш гэж хүн байсан. Ер нь “Шинэ Монгол “сургууль болон Сүхбаатар аймгийн хүүхдүүд яагаад химийн хичээлдээ сайн байдаг вэ гэхээр манай багштай холбоотой. 1980-2000 оны хооронд манай аймаг химийн олимпиадаас медаль авч, шагналт байрт шалгардаг байсны ард багш минь л байдаг байлаа. Заалны тухайд манай төгсөлтийнхөн арав гаруй жил хагас, бүтэн сайн болгонд сагс тоглож байна. Монгол Улсын 1992 онд ЕБС төгссөн төгсөгчдийн дунд “Монгол 92” гээд сагсан бөмбөгийн тэмцээн удахгүй болно. Зав гарвал очиж тоглох санаа бий. Манай ангиас УИХ-ын гурван гишүүн, дөрвөн улстөрч төрсөн. Сангийн сайд Б.Жавхлан, Ж.Батзандан бид гурав нэг ангийнх. Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөр ч манай ангийнх. Арван жилд бид дөрөв математикийн олимпиадад өрсөлддөг байсан бол хожим УИХ-д өрсөлдсөн. Хүний л амьдрал юм даа.

-Та удам судраа хэр мэдэх вэ. Миний мэдэхээр аав нь гавьяат багш, ээж тань номын санч?

-Миний аав, ээж хоёрыг Баруун-Уртынхан андахгүй. Өндөр насалж буй сайхан буурлууд бий. Аав минь ухамсарт амьдралаа боловсролын салбарт зориулсан нэгэн. Жирийн багшаас аймгийн боловсролын хэлтсийн дарга хүртлээ өсч дэвжсэн хүн. Г.Наянтай дарга гээд хүмүүс ихэд хүндлэх юм билээ. Ээжийн тухайд өндөр боловсролтой эмэгтэй. Ажил амьдралынхаа гарааг номын санчаас эхэлсэн. Тухайн цаг үед Сүхбаатар аймгаас Намын дээд сургуульд анх удаа эмэгтэй хүн сурахаар явсан нь миний ээж. Ухааны цар нь аугаа. Ажилсаг, нямбай, хүнд тусархуу гээд миний ээжид нандин чанар их. Аавын маань тухайд эгэл жирийн үхэрчин хүний үр сад. Хар үхэртийнхэн гэх овгийнхүн. Тэр овгоос төрсөн цор ганц гавьяат. Удмынхаа сор нь гэх үү дээ. Аав минь миний бахархал. Бас дасгалжуулагч маань. Надтай зэрэгцээд л УИХ-ын гишүүний ажлыг хийнэ шүү дээ. Миний алдаа, оноог маш сайн хэлж өгнө. Тэр бүү хэл, тэр гишүүн их зөв байр суурьтай байна лээ, түүнийг дэмжихэд гэмгүй гэх мэтчилэн зөвлөнө. Манайхан аавынхаа зөвлөгөөг их сонсдог, дагадаг. Бидэнд их, дээд сургууль төгсөөд ажил амьдралынхаа гарааг төрж өссөн нутгаасаа эхэлдэг уламжлал тогтсон гэж хэлж болно. Чехэд дээд сургууль төгссөн ах маань ч ялгаагүй Баруун- Уртаасаа ажлынхаа гарааг эхлээд хожим Улаанбаатарт суурьшсан байх жишээний. Би их сургууль төгсөөд нутагтаа ирж багшилсан. Орон нутагт ажиллаж амьдарна гэдэг чинь цаад утгаараа амьдралыг таних ухаан юм билээ. Ээжийн минь тухайд тэднийхэн эрдэм номын хүмүүс. АИХ- ын дарга асан Ж.Гомбожав, Худалдааны яамны сайд Ц.Цогт гээд Монголын төрд ухамсарт амьдралаа зориулсан улс. Тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх хувь надад тохиосонд баяртай явдаг юм. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг дээ. Тиймээс надад алдаа гаргах эрх байхгүй. Миний өдий дайны яваа, аав ээж минь урт насалж байгаа чинь өндөр дээд өвөг дээдэс минь зөв амьдарсных шүү дээ. Би ингэж л боддог.

-Аз жаргалтай хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаач?

-Эцэг, эхээс олуул. Би бага нь. Аймгийн төвийн хүүхдүүд хэрхэн өсч өндийдөг билээ, тэр л жишгээр. Гэхдээ зуны амралтаар аавынхаа ахынд амардаг байлаа. Амарна гэж тэдний гар хөлийн үзүүрт гүйж, хурга ишиг хариулна. Овоо том болсон хойноо тугал татаж, адуутай ноцолдох болсон. Зургаан сарын эхээр яваад л хичээл эхлэхийн өмнө сайран хацарласан бор нөхөр орж ирнэ шүү дээ. Хөдөөгийн амьдралыг мэдэх, ХАА-н салбарын жаргал зовлон гадарлах болсон минь эндээс эхтэй. Адуунд дуртай болсон минь ч. Аавын маань ах гэж их сайхан хүн байсан. Амьдралын ухаантай сүрхий хүн. Их ажигч, гярхай. Аливааг асуухад ихэд нухацтай хариулна. Тэр зан нь надад өвлөгдсөн байж мэднэ.

-Таны амьдралын хэв маяг их энгийн. УИХ-ын гишүүд 9911 дугаар бүхий утас барьж, үнэтэй хаус хороололд амьдардаг нь нууц биш.

-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж эртний сургамжит үг байдаг даа. Миний хэр хэмжээ энэ. Манайх нийтийн орон сууцанд бусдын жишгээр амьдарснаараа муудсан зүйл алга. Хэн ч намайг гоочилдоггүй. Би эхнэрийнхээ даалгавраар сонгино, сармисанд байшингийн буланд байх дэлгүүр рүү бэлтгэлийн өмд, хуучирсан пүүзтэйгээ яваад л ордог. Манай хотхоныхон “Энэ чинь их хурлын гишүүн биш билүү” гэх илүү үзсэн нүдээр хардаггүй шүү. Харин ч худалдагч нар нь “Та сайн байна уу, ажил их байна уу” гээд дотноор мэндчилдэг. Энэ нь сайхан санагддаг. Гэхдээ би хүүхдүүддээ сайн боловсрол олгохыг хичээж яваа аав. Ер нь бол хүүхдийн асуудалд эхнэрийн зааврыг л дагана шүү. Миний эхнэр их өндөр боловсролтой, сайхан эмэгтэй бий. Колумбын их сургуульд магистр хамгаалсан цөөн хүний нэг. Боловсролын салбарынхан бас л андахгүй. НҮБ-д ажиллаж байсан. Одоо хувиараа бизнес эрхэлж, зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажиллаж буй.