Н.УЧРАЛ: ЭМЯ МАШ САЙН ДЭМЖСЭНЭЭР БИД БОГИНО ХУГАЦААНД ҮР ДҮН ГАРГАЖ ЧАДАЖ БАЙНА

Улс төр

   “Төрийн бүтээмжийн сэргэлт- эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтын үдээс өмнөх хуралдааны дараа зөвлөлдөх уулзалтын гол илтгэлийг танилцуулсан эрхмүүд болон оролцогчдын төлөөллөөс эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар байр суурийг нь сонслоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Дэлхийн банкны дэмжлэгээр эрүүл мэндийн салбарт хэрэгжих цахим эрүүл мэнд төсөл 19,5 сая ам.долларын санхүүжилтээр эхэлсэн ч ач холбогдол, үнэ цэнийг нь иргэд мэдрээгүй. Хөндлөнгийн аудитын дүгнэлтээр 34 хувийн хэрэгжилттэй гэж гараад Дэлхийн банк энэ төслийг зогсоосон. 
Ерөнхий сайд захирамж гаргаж ажлын хэсэг байгуулан надаар ахлуулж иргэдэд саад болоод байгаа гацааг гаргах үүрэг өгсөн. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой хамтарч Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, И монгол, Үндэсний дата төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, хувийн хэвшлийн цахим хөгжүүлэлт хийж буй байгууллагуудыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулснаар гурван сарын хугацаанд үр дүн гарч байна.
Хувийн эмнэлгүүд дээр очиход бүгд цахимжсан, хоорондоо мэдээллээ солилцоод байдаг ч “Хур” системтэй холбоогүй. Мэдээлэл солилцох журам байхгүй. Олон жил хэрэгжүүлээд явчихсан системд нь огт өөр шинийг оруулж ирээд дага гээд тулгачихаар гацаа үүссэн.
Тиймээс Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжлийн сайд хамтраад мэдээлэл солилцох журмыг батлах, тухайн системд тавигдах шаардлагыг батлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж Засгийн газраас шийдвэр гаргуулсны үр дүнд 800 гаруй эмнэлэг хоорондоо бүгд холбогддог болсон. Эхний үр дүн эмийн жор И Монголд орж, “Хур”-д холбогдсоноор бүх байгууллага хэрэглээд эхэллээ. Эмийн жор орно гэдэг хуурамч эмээс сэргийлэх, гаж нөлөө, үйлчилгээний талаар мэддэг болох гээд олон давуу талтай. Өнөөдрөөс   шинжилгээний хариу, дүрс оношлогооны дүгнэлтийг оруулдаг болох гэж байна. Аль ч эмнэлэгт очсон өөрийнхөө өгсөн шинжилгээг мэдээллийн системээс татуулаад ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Дээр нь жирэмсний хяналтын карт, эх хүүхдийн дэвтэр, вакцины картыг “Хур”-тай холбож байна. Ингэснээр хамгийн наад зах нь хүүхдийнхээ вакциныг хийлгэх хугацааны тухай мэдээллийг гар утсаараа хүлээж авна.
Нэг үгээр цахимжилт нь эрүүл мэндийн салбарын хүнд суртлыг арилгахад том нөлөө үзүүлж байгаа төдийгүй ямар программ ашиглаж буйгаас үл хамааран программ хоорондын интеграц хийгдээд ирэхээр эрүүл мэндийн салбарт эрх чөлөөг олгож байгаа юм. 
Амаргүй ажил байлаа. Гэхдээ ЭМЯ маш сайн дэмжсэнээр бид богино хугацаанд үр дүн гаргаж чадаж байна.