Ипотекийн зургаан хувийн зээлийн 15 мянган өргөдөл хүлээгдэж байна

Улс төр

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.  Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжив.  Ингэснээр тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Тус тогтоолын төсөлд дараах хоёр зүйлийг тусгажээ. Үүнд:

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаан буудайн баяжуулсан гурилын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлэг  хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны санал дүгнэлтийг сонслоо. Асуух асуулт байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй хувьцаат компани байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр компанийн ил тод байдал хангалтгүй, засаглалыг сайжруулах дүгнэлт шүүмжлэл их гардаг. Энэ төсөлд энэ асуудлыг сайжруулах тодорхой ямар зохицуулалтыг тусгасан бэ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар яаж тусгасан бэ?

 

Санхүүгийн зохицуулах хорооны  дарга Д.Баярсайхан:

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудал маш чухал. Өнөөдрийн байдлаар энэ зах зээлд 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Хуульд иргэдийн зах зээлд оролцох оролцоог ил тод, нээлттэй болгож өгсөн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой олон өөрчлөлтийг тусгасан. Харилцагчид шуурхай данс нээлгэх, арилжаанд орох, шат дамжлага багасах гэх мэт. Дансны доод үлдэгдэл байршуулах, дансны шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардахгүй. Бас мэдээллийг ил тод байдлаар хүргэхийг Хөрөнгийн биржид чиглэл өгсөн. 

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Энэ хууль хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Энэ их чухал хууль. Хэчнээн үнэт цаасны зах зээл манайд хөгжиж байгаа ч банкууд энэ зах зээлийг давамгайлж байгаа хэвээрээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Монголбанкны үнэт цаасны багц хэмжээ нь 10 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр банкуудын балансад хүү тооцогдоод л байж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талаасаа зээлийн хүү нь буурахгүй хэвээрээ. Жижиг дунд бизнес, хэрэглээний зээл 20 хувь гарсан. Ипотекийн зургаан хувийн зээлийн 15 мянган өргөдөл хүлээгдэж байна. Сар болгон суларч байгаа эх үүсвэрийг тооцоолбол энэ хоёр жилийн дугаар үүссэн. Нийт 1.5 их наяд төгрөгийн ипотекийн эрэлт байна гэсэн үг. Энэ тогтолцооны гажуудлаас маш хурдан гарах хэрэгтэй байна. Үүнд, энэ хууль маш том үүрэг гүйцэтгэнэ. Энэ хуульд шинэ төрлийн үнэт цаас, хэрэгсэл гаргах ямар боломжийг нээсэн бэ. Хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоог хэрхэн өөрчилж байгаа вэ. Бид зөвхөн МИК, Монголбанк, арилжааны банкуудын санхүүжилтээс яаж гарах вэ?

 

Санхүүгийн зохицуулах хорооны  дарга Д.Баярсайхан:

-Санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш чухал нөлөөтэй. Ялангуяа эх үүсвэрийн зардлыг буулгаж, хөрөнгийн зах зээлийн хөгжил нь банкны салбартаа шууд хамааралтай. Энэ дунд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар  тусгасан. Хөрөнгийн зах зээл уламжлалт байдлаараа зөвхөн Хөрөнгийн биржээс санхүүжилт татдаг байсан бол биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц өгөхөөр өөрчлөлтийг оруулж байгаа.  Энэ хүрээнд маш богино хугацаанд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас босгохоор бүртгэл хийж, өнөөдрийн байдлаар 1.9 их наяд төгрөгийн санхүүжилт татсан. Хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд оруулж, харьцангуй найдвартай, хямд эх үүсвэр татах боломж нээгдэж байгаа. Энэ хэрээр банкны салбарын эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой нөлөө үзүүлнэ. Гарааны компаниуд олон нийтээс санхүүжилт татах боломжтой болж байгаа. Мөн биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг блокчейн технологид арилжааны горимд шилжүүлсэн. Ингэснээр 24/7 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээрийг тусгасан ч цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал учраас давхар бүртгэлийг маш ойлгомжтойгоор зохицуулсан. Энэ хэрээр тодорхой хэмжээний эх үүсвэр орж ирнэ гэж ойлгож байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны  орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал:

-Хөрөнгийн зах зээл дээр манайхаас бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Бодитой үр өгөөжийг өгч байна. Өнгөрсөн 2023 онд оргил үе буюу 20 шинэ бүтээгдэхүүн гарч, нээлттэй зах зээлээс дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүд 500 тэрбум төгрөгийг татсан. Онцолбол, таван банк системийн IPO хийж, долоон банк нээлттэй бонд татсан, хамтын биржээр арилжаалдаг сан гарсан. Сүүлийн гурван жилд ААН-үүд нээлттэй зах зээлээс 1.6 их наяд төгрөгийг татсан. Биржийн бус зах зээлээс 2020 оноос хойш 2 их наяд төгрөгийг татсан. Хөрөнгийн зах зээлийн оролцоо нэмэгдэж байгаа. Энэ жил 45 компани 800 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн гурван жилийн хугацаатай харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт байгаа. Энэ хэрээр иргэдийн оролцоо, идэвх нэмэгдэж байгаа. Виртуал хөрөнгийн арилжаа эрхлэгч байгууллага буюу биржийг бүртгэх арга хэмжээг 2021 оноос авсан. Одоогоор 12 биржийг бүртгэсэн. Үндсэндээ 46 бүтээгдэхүүн арилжаалагдаж байгаа. Идэвх харьцангуй сул байгаа бөгөөд бүтээгдэхүүний хувьд бирж  нь өөрөө хяналт тавьж, бүртгэдэг. 

 

Санхүүгийн зохицуулах хорооны  дарга Д.Баярсайхан:

-УИХ-аас төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болгож, Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах тогтоол баталсан. Нийт 25 аж ахуйн нэгжийн 34 хувь хүртэлх хэмжээг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаал гэсэн. Эхлэлийг нь Хөрөнгийн бирж амжилттай хийсэн. Манайхаас Монголын цахилгаан холбоо ХХК олон нийтийн компани болох зөвшөөрлөө авч, зургаан сарын хугацаанд болох үйл явцыг хэрэгжүүлнэ. Цаашдаа бусад төрийн болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд олон нийтийн компани болохоор ажиллаж байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр хувьцаа нь бүртгэлтэй. Гэхдээ хаалттай хувьцаат компани хэлбэрээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 81.50 хувь нь “Эрдэнэс Монгол” ХХК, 0.06 хувь нь аж ахуйн нэгжүүд дээр, 18.44 хувьд иргэд дээр бүртгэлтэй. Мэдээж Компанийн  тухай хууль болон бусад хуулиар шаардлагаа тавьж байгаа. Энэ хуульд хаалттай хувьцаат компанийг хэрхэн бүртгэх журмын зохицуулалтыг тусгасан. 

 Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны гуравдугаар сарын 29. Баасан. №031 (5949)