Бааст гол урссаар, улаанбаатарчууд хордсоор

Улс төр

М.Даваа

Цас дахиад л орлоо. Өдийд орсон цас шар тос хэдий ч улаанбаатарчуудын хувьд тос бус ус болж мэдэхээр байна. Тэнгэр хангай цэлмэж, нэмэх хэм рүү ороход уулын цас хайлж, улаанбаатар шар усны үерт автана. Ус урсдагаараа урсаад л хөрсөнд шим болж шингэдэг бол хэн юу хэлэх билээ. Гэвч хот төлөвлөлт нь нойль заасан улсын маань нийслэл Улаанбаатар хотын хувьд айл хотлоороо үерт урсаад зогсохгүй эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч үлддэг нь харамсалтай. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айлууд усанд автсан төдийгүй нүхэн жорлонгууд нь усаар дүүрч, тэр нь халин 32-ын тойрог түүнээс хойших хорооллын  гудамж дундуур  бааст гол урссан, маргааш ч урсах биз. Яг үнэндээ шар усны үерт өртөх эрсдэлт байдлыг гэр хорооллын айлууд өөрсдөө бий болгодог. Учир нь тэд ахуйн хог хаягдал, үнс нурмаа шөнө оройн цагаар үерийн далан, суваг руу асгадаг нь үнэн билээ. Энэ нь үерийн усны нэвтрэх чадварыг бууруулж халиа үүсгэж ойр орчмын айлуудыг үерт автуулах эрсдэлд оруулдаг юм байна.

Нөгөөтэйгүүр,  шар усны үер нь гудамжны үнс, угаадас, хог хаягдал, үхсэн муур, нохойны сэг зэм гээд замдаа тааралдсан бүгдийг хамж урссаар Сэлбэ, Туул голыг зорьдог. Урсаад оддог бол нэг хэрэг, элдэв төрлийн нян бактер шингэсэн шавар шавхай хөрсөнд шингэж, хатаж шавар болох хүртэл хүртэл хүлээх зуур их болно оо. Тэр нь хүний хөлөөр, машины дугуйгаар дамжин  ажлын байр, дэлгүүр хоршоо, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, гэр гээд хаа сайгүй тараагддаг. Ингээд л Улаанбаатараар дүүрэн гэдэсний халдварт өвчин дэгдэх таатай нөхцөл бүрдэнэ. Манайхан ямар гараа угааж, сурсан улс биш. Химийн бодистой тусгай цэвэрлэгээ энэ тэрийн тухайд цэцэрлэг, эмнэлгээс хэтрэхгүй. Гэрийнхээ босгыг даваад л  үүдэндээ нян өсч үржсэн гутлаа тайлаад шидчих нь бий. Арчиж цэвэрлэх тухайд гонж. Зарим нь хаврын хаварт шар усны үер болж л байдаг, би, манай гэрийнхэн зүгээр л байна даг юун сүртэй юм гээд  хэнэггүйтэх нь ч бий. Үнэндээ бол тэр хавраа зүгээр өнгөрсөн ч хэдэн жилийн дараа таны эрхтэн систем явдаг жорлон болсон, та хорт хавдар туссан нэгэн болж хувирсан байхыг үгүй гэх газар үгүй. 

Нийслэлийн онцгой байдал болон холбогдох байгууллагууд цаг алдалгүй яаралтай  арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлсээр байна. Чухамдаа тэд  үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, халиа дош үүссэн газрын мөсийг зөөж зайлуулахаас өөр юу хийж чадах билээ. Гэр хороолол, нүхэн жорлон хоёроосоо салсан цагт л хүндээ ээлтэй Улаанбаатар болно шүү дээ. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын хэдэн албан хаагч, бохир тээдэг компаний хэдэн ажилтан  усаар дүүрсэн нүхэн жорлонг соруулахаас хэтрэхгүй байна. Сорлоо, сорлоо гээд өдөрт үсрээд л  зуу айлаас хэтрэх нь юу л бол. Хүчин чадал нь түүнээс хэтрэхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд  640 мянга гаруй нүхэн жорлон байгаа, түүний 40 хувь нь шар усаар дүүрэн хальж буй гээд төсөөл дөө. Өнгөрсөн жилийн шар усны үерийн дараа бохир соруулдаг компаний тайланд зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт аж  төрж буй айлын жорлонгоос 5.25 сая тонн шингэн хаягдал, 1.4 сая тонн өтгөн хаягдал соруулж хаясан тухай дурьдагджээ.  Энэ бол эдийн засгийн чадавхи бүхий айл өрхөөс соруулсан бохирын хэмжээ. Цаана нь соруулуулах сонирхолтой ч талхныхаа мөнгийг яая гэж буй айл өрх хэдэн  зуугаараа бий. Тэр бүх айлын бохир хальж тэр хэмжээгээр улаанбаатарыг бохирдуулсан гэсэн үг. Хүн өдөрт 200-400 грамм ялгадас  ялгаруулдаг аж. Энэ хэмжээний ялгадаст 200 их наяд ротовирус, 20 тэрбум бактер, 100 мянган шимэгч хорхойн өндөг байдаг гэсэн судалгаа гарчээ.  Бохирдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг гээд дурдаад байвал үтэр түргэн Улаанбаатараас нүүмээр санагдах  биз. 

ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Батдэлгэр “Урин дулааны улирал ирэхэд шар усны үер болох аюул нь эрсдэл ихээр дагуулдаг. Шар усны үерийн ус нь  ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр. Мөн шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог. Орчны (ус, хөрсний) бохирдол нь шууд бус замаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй. Ялангуяа халдварт шар, суулга өвчин, амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин тусах нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй. Иймд иргэд хувийн ариун цэврийг чанд сахих нь аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах , урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга болдог” гэв. Тиймээс иргэд минь эрүүл аж төрөхийг хүсч  байгаа бол ариутгал халдваргүйжүүлэлтийг дулааны улиралд сард 1-2 удаа харин өвлийн улиралд нэг удаа хийж хэвшээрэй. Ингэхдээ жавелины уусмал аль эсвэл хлорын шохойн уусмалаар хашаа хорооныхоо бохирдсон хөрсийг буюу нүхэн жорлон, муу усны нүхээ  халдваргүйжүүлэх хэрэгтэй юм байна

Ахуйн хүрээнд таван процентийн хлорын уусмалаар халдваргүйжүүлэх ажлыг хийх нь зохистой. Энэ нь 100 грамм усанд агуулагдах хлорын агууламж нь таван  милограмм байна гэсэн үг. Халдваргүйтгэл хийх талбайн хэмжээнээс хамаарч уусмалаа бэлтгэх аж.

 Үерийн дараа ямар өвчин дэгдсэн тухай, хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирсон тухай сонсох бол гэхээс яс хавталзаж л байна шүү. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 28. Пүрэв. №030 (5948)