Г.Сэнгээ: Алдсан нэгнээ үзэн ядаж, дайрч давшилж, цаазал, шоронд хатаа хэмээхийг харж суух эцэг хүнд ямар хүнд байдгийг бие сэтгэлээрээ туулсан хүн л мэдэх байх даа

Эрэн сурвалжлах

Ц.ЭРДЭНЭ

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт ажиллагаа явуулах үеэр 7.5 тэрбум төгрөг олдсон тухай мэдээллийн мөрөөр манай сэтгүүлч Дархан хотод амьдрах аав Г.Сэнгээтэй нь утсаар холбогдож зарим зүйлийг тодруулсан байна.

-Сайн байна уу. Сэнгээ гуайн утас мөн үү?

-Тийм байна. Хэн гэж хүн хаанаас ярьж байна?

-Улаанбаатараас, “Монголын мэдээ” сонины сэтгүүлч тантай холбогдож хүүгийнх нь талаар зарим зүйлийг тодруулах гэсэн юм аа.

-Ах нь ханиад хүрээд, халуураад хэвтэж байна. Гэхдээ хүүгийнхээ төлөө хэдэн үг хэлэлгүй яах вэ. Үнэндээ юу болоод байгаагийн учрыг олохгүй сууна. Ээж нь өнгөрсөн зун цус харвасан, бие нь тааруу байдаг учраас болж буй үйл явдлыг сонсгохгүйг хичээвч, эх хүний зөн совингоор мэдээд байх шиг байна. Манайх дөрвөн хүүхэдтэй айл, Батдөл гурав дахь. Хүүхэд байхын хичээл сурлагандаа сайн, өөрийгөө их дайчилдаг, их зөөлөн зантай хүүхэд. Би насаараа төмөр замын байгууллагад ажиллаад тэтгэвэртээ суусан ахмад төмөр замчин. Миний үргэлжлэл болж Дөлөө маань төмөр замчин болсон. Гурван үеийн төмөр замчин. Хүүгээ хүний дайтай яваад нь баярлаж суусан болохоос өндөр дээд албан тушаалтнуудын золиос болж нийгэмд ад үзэгдэх юм гэж санаж байсангүй ээ, ах нь. Гутарч байна. Зөв яв, зөөлөн бай, нийгмийн сайн сайхны төлөө залуу нас,сурсан эрдмээ зориулж амьдрах ёстой гэж хүмүүжүүлсэн. Гэхдээ би , эцэг хүний хувьд хүүгээ маш сайн мэднэ. Би мэдэхгүй бол хэн мэдэх юм. Миний хүү шуналтай, нийгмийн өмч хөрөнгөд гар дүрэх хүн биш. Оюутан ахуй цагаасаа хөдөлмөр эрхэлж, төлбөрөө олдог, өөрийгөө хувцаслан илүү гарснаа ээждээ хадгалуулдаг хүү байсан. Тэр хэрээр мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэгэн. Ер нь манай хүүхдүүд их арвич хямгач.

-Та хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбоо барив?

-Түрүүхэн/2023 оны нэгдүгээр сарын 8/ ,12 цаг 40 минутын үед байх. Цагдаагаас дуудлаа, Эргэж ирээд яръя, санаа зоволтгүй л хэмээсэн.

-Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон тухай мэдээлэл нийгэмд тархсан. Энэ талаар нь асуусан уу?

-Асуулгүй яах вэ, юун мөнгө , хаана байсан юм гээд л асуусан. Манай гэрт юу боллоо гэж тийм их мөнгө бэлнээр байх юм бэ, аав гэж байсан. Би хүүдээ итгэж байна аа. Өөр газраас олдсон мөнгийг миний хүүгийн гэрээс олдсон мэтээр олон нийтийн сүлжээгээр цацаж, үзэн ядуулах сэтгэлийг нийгэмд төрүүлж байгааг гайхаж сууна. Монголын нийгэм үнэхээр хэцүү болж. Манай гэр бүлийн хаалгыг тогших хүртэл би эх орноо, улс үндэстнээ хөгжиж байгаа л гэж бодож явлаа. Нийгэм маань ингэтлээ ялзарсан гэж үү. Алдаж осолдсон нэгнээ амьд явахаас залхах хүртэл үзэн ядаж, дайрч давшилж, цаазал, шоронд хатаа хэмээн орилж байхыг харж суух эцэг хүнд ямар хүнд байдгийг бие сэтгэлээрээ туулсан хүн л мэдэх байх даа. Би яах вэ, гадаа гарч уйлж сэтгэлээ бага боловч онгойлгочихоод орж ирэх юм. Өвчтэй байгаа эх нь л. Нэгхэн шөнийн дотор танигдахгүй болтлоо хөгширч орхилоо. Эх хүн үрийнхээ төлөө ингэтлээ шаналж суугааг харах надад хэцүү байна. Хүмүүст хандаж хэлэхэд, хэн нэгнийг захиалгаар харлуулах, яллах, нухчин дарах амархан. Тэдний ард гэр бүл, үр хүүхэд, эцэг эх нь байдаг юм шүү.

-Батдөл харьцангуй залуу хүн. Тиймээс өндөр босготой УБТЗ-д орлогчоор ажиллах хэмжээнд хүртлээ өсч дэвжсэн нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаад байгаа болов уу. Хоёрдугаарт өндөр үнэтэй хаус худалдаж авах хэмжээний хөрөнгөтэй гэдэгт нь эргэлзэх хүн олон байгаа бололтой?

-Миний хүү Батдөл бол өөрийн гэсэн бизнестэй. Үүнийг нь ойр дотныхон нь мэддэг. Дөлөө дээд сургуулиа төгсөөд л бизнес хийж эхэлсэн. Интернет тоглоом гэж зүйл дөнгөж гарч ирж байхад Дарханд ПС тоглоомын газар ажиллуулж эхэлсэн. Одоо ч ажиллуулж буй. Бизнес нь ч амжилт олохын хэрээр урамшин эргэлтийн хэдэн төгрөгтэй болмогцоо хүнсний найман нэрийн барааны дэлгүүртэй болсон. Бас фитнес клуб нээсэн. Газар тариалангийн салбарт ч амжилт олсон. Багагүй талбайд төмс, лууван тариалж Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлсээр ирсэн. Ер нь огт зүгээр суудаггүй нөхөр. Тархи нь ч сийрэг. Хүү гэр бүлийнхээ хамтаар 2014 онд Улаанбаатарт шилжин суурьшиж, үл хөдлөхийн бизнес эрхлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалан хүүтэй мөнгө зээлүүлэх, банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгөө алдах дөхсөн иргэдийн хөрөнгийг чөлөөлөх, жижиг бизнес эрхлэгчдэд хоногийн хүүтэй мөнгө зээлүүлэх зэргээр санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг. СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, нэг үе. Бас койны зах зээлд хөл тавьж чамлахааргүй хөрөнгө босгосон. Энэ бүхэн түүний гэр бүлийн бизнес. Хүү албан ажлаа хашиж, эхнэр нь бизнесээ авч явдаг.

-Батдөлийн ажлын гараа хэдэн онд, хаанаас эхэлсэн юм бэ?

-Миний хүү 2010 онд Дархан –Уул аймгийн Орхон өртөөнөөс ажлынхаа гарааг эхэлсэн. Толгойт өртөөнд ч байсан. Боловсрол мэдлэгийн хувьд хүний дор орохооргүй нэгэн. Төмөр замын мэргэшсэн цөөн инженерүүдийн нэг. Шинжлэх ухаан технологийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй. Мэргэшсэн инженерийн хувьд хэд хэдэн тээврийн компанид зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Энэ бүх бизнес нь хаус худалдаж авах хэмжээний мөнгөтэй болгосон гэж бодож байна.

-Хаус худалдаж авах гэж байсан юм уу, авчихсан юм уу?

-Миний нас өндөр учраас хүүгийнхээ бизнест хошуу дүрдэггүй ээ. Миний ойлгосноор олон хүүхэдтэй учраас хаустай болъё гэж эхнэртэйгээ ярилцаж байсан юм билээ. Хаусны тухай асуудал яригдаж байгаа бол гэрээ хэлцэл төдий байсан байж мэднэ. Хаус худалдаж авсан бол “аав, ээж ирж үз” гэх байсан шүү дээ.

-Хамгийн сүүлд “Батдөл нь хүүхэд байхдаа орон байрны хулгайн хэрэгт холбогдож, жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан ” гэх мэдээлэл цацагдсан. Та үүнийг олж уншсан уу?

-Юу гэнэ ээ. Арай ч дээ. Ядарч яваа нэгнээ ингэж дэвсэлж болохгүй шүү дээ.Тэр хэрээр нийгэм энэ хүнийг үзэн ядна. Хуулийн байгууллага үнэнийг шүүнэ. Хожмын өдөр үнэн ялах нь дамжиггүй. Алдаж эндсэн бол хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээх учиртай. Миний хүү алдаж,буруу замаар явсан бол өмөөрөх эрх надад үгүй. Дөлөө залуу хүн. Тэр хүнд амьдрах, амьд явах эрх бий. Бас гэр бүл дөрвөн хүүхэд нь байна. Тэдэнд нь мөрөөрөө амьдрах эрхийг нь өгөөч. Олонд адлагдах шиг аймшигт зүйл үгүй. Сургуульд сурдаг хүүхдүүд нь цахим орчинд аавыг нь хэрхэн зүхэж байгааг уншиж л байгаа шүү дээ. Ач нар маань Батдөлийн хүүхэд болж төрснөөрөө нийгэмд адлагдах ёсгүй. Ийм зүйл тохиож буйд хөгшин би үнэхээр айж байна.

-Танай бэрийг хэн гэдэг вэ. Сү.Батболдын эхнэрийн дүү гэх яриа яваад байгаа?

-Манай бэрийг Сайнбилэг гэдэг. Бээлийн чинээ жаахан охин манай босгыг алхсан. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн хүний сайхан хань. Сайн ч охин. Батдөл хүний дайтай аж төрж, ардаа санаа зовохгүйгээр ажил албаа хашиж ирсэн нь бэрийн маань гавьяа. Дулааны инженер мэргэжилтэй. Миний бэр Ерөнхий сайд асан Сү.Батболдын хамаатан биш ээ. Тийм бол надад сураг сонсогдох байлгүй дээ.

-Танайх Дарханд хаана амьдардаг вэ?

-Хуучин Дарханд. Гандангийн урд талд. Энэ байрандаа удаж байна. Дөрвөн хүүхэд маань өсч өндийсөн, ач зээ нар маань эрүүл саруул өссөн буянтай байр.

-Дөлөөгийн ах Баттулга гэж байна уу?

-Байна аа. Миний том хүү.

-С.Баттулгыг хувьдаа арван компанитай гэж бичсэн байна лээ?

-Миний хүү математикийн багш мэргэжилтэй. МУИС төгссөн. Шарын голын ЕБС, Дархан хотын нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад Төмөр замын дээд сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар томилогдсон. Түүнд хувийн компани байхгүй ээ. Ажилгүй байхдаа найзынхаа компанид ажиллаж байсныг нь эндүүрсэн байх.