Сант сумын Ардчилсан намын даргын амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарав

Эрэн сурвалжлах

    Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.Энэ талаар Ардчилсан намаас албан ёсны байр сууриа илэрхийлж, хэргийг үнэн зөвөөр шалгаж, шийдвэрлэхийг шаардаж байгаагаа мэдэгдэв.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Н.Лхагвадорж “Бидний журмын нөхөр, эрхэм ах бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Монгол Улсын энэ удаагийн сонгууль дарамт шахалт, тагнуул, байж болох бүх л дарамт доор үргэлжилж байна. Монгол төрийн сонгууль хүний аминд тултлаа дарамт, шахалт дор явж байгаа талаар та бүхэнд мэдээлэл өгье. Өчигдөр АН-ын эрхэм журмын нөхөр болсон Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга, сонгуулийн бүтцийн нэгэн эд эс болсон. Сонгууль эрхэлсэн анхан шатны байгууллагын дарга, иргэн Б маань урьд шөнө 22:00 цагийн үед Монгол Улсын сонгуулийн суртчилгааны 1-р тойргийн МАН-ын нэр бүхий таван гишүүний уулзалтын үеэр бусдын гарт амиа алдлаа. Иргэн Б танд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг бүрд байгаа эрх чөлөө, ардчиллын төлөө зүрх нь цохилдог хүн бүрийн өмнөөс эмгэнэл илэрхийлье” гэлээ.

УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшиж буй Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн, Г.Ганболд нарын оролцсон уулзалт өчигдөр орой болжээ. Дээрх хэргийгэнэхүү уулзалтын дараа буюу өчигдрийн 22.00 цагийн орчим МАН-ынхорооны гишүүн, СЕХ-нд бүртгэлтэй ухуулагч, Сант сумын гуравдугаар багийн малчин О гэгч үйлдсэн байна. Сэжигтэн Ардчилсан намынханд агсам тавьж, “УИХ-ын дарга оролцож байгаа уулзалтад та нар яагаад ордоггүй юм” гэх зэргээр дайрч доромжилсон бөгөөд талийгаачийн хоолойн тус газарт өшиглөснөөс болж төвөвх нь чихэгдэж нас барсныг олон гэрч баталж буй юм байна.

 

Энэ хэрэг явдал МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтын үеэр болсон нь санамсаргүй хэрэг биш гэж Ардчилсан намынхан үзэж байгаагаа илэрхийлэв. Одоогоор хэргийн газрын үзлэгийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас томилогдсон баг хийж буйбөгөөд цаашид энэ талаарх мэдээллийг хүргэхээ мэдэгдлээ.

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өрнөж буй энэ үед Ардчилсан намын гишүүний амь насанд халдсаныг тус намын олон мянган гишүүд ихэд зэвүүцэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь мянга мянган ардчиллыг дэмжигч, журмын нөхдийнх нь өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв. Мөн өнөөдөр 21.00 цагт байгаа газар бүрийнхээ талбайд зул өргөж, эмгэнэл илэрхийлэхийг уриаллаа.