Өнөөдрийн байдлаар 21189 иргэнээ татан аваад байна

Улс төр

Монгол Улсын Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцож КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй КОВИД-19 халдварын цар тахлын эрсдэл өндөр байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын “хоёрдугаар давалгаа” гарч байгааг анхааруулж байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс КОВИД-19 халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Манай улсад Өнөөдөр байдлаар халдвартын клиникт эмчлэгдэж буй 11 хүн байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 10, хүндэвтэр 1 хүн байна.
Улсын онцгой комиссын Шуурхай штаб байгуулагдсанаас хойш гадаад улсаас эх орондоо буцах хүсэлт бүхий 29759 өргөдөл ирүүлээд байгаагаас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 54 улсаас 14 мянга орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Улсын онцгой комиссоос зохион байгуулсан 61 удаагийн захиалгат нислэгээр – 12,295, төмөр зам, авто замын хилийн боомтоор – 8,894, нийт 21,189 иргэнийг гадаадын 53 улсаас татан авч тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулаад байна.

Нийслэлд 28 зочид буудал, 5 амралтын газар, 2 сувиллын газар, 4 эмнэлэг, 1 дотуур байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна. Тусгаарлах байруудын зэрэглэл, орчны нөхцөл харилцан адилгүй байгаа. Мөн орон нутагт нийт 7 зочид буудал, 2 амралтын газар, 2 дотуур байр, 2 эмнэлэг сувиллын газрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна.

КОВИД-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээг 2020 оны 1 дүгээр сараас хойш нийт 11 удаа, мөн хилийн автозамын “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтод коронавиурст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийн үнэлгээ, 21 аймаг, гамшгаас хамгаалах улсын 8 албанд хариу арга хэмжээ авах чадавхын үнэлгээг тус тус хийсэн бөгөөд “Өндөр” эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба