Танилц, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Энхбайгаль

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Бямбасүрэнгийн Энхбайгалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжил (хот, бүсчилсэн хөгжил, орон нутаг)-ийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр өчигдөр томилсон байна. 

Б.Энхбайгалийг эдийн засаг, хөдөө аж ахуй, бүсчилсэн болон орон нутгийн хөгжил, улсын хөгжлийн бодлого, төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн, төрийн бодлого боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн, судалгааны байгууллагуудыг толгойлон ажиллаж байсан туршлагатай гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. 

Удирдлагын академид олон жил багшилсан, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор,  Англи, Түрэг, Франц  эл бүсгүйг Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн охин гэдгээр нь монголчууд  сайн мэддэг. Ямар ч өнцгөөс харсан Д.Бямбасүрэн сайдын байр суурь харагддаг  хэмээн шүүмжлэх нэгэн байх ч  шаггүй  улстөрч  байж мэдэх тэрбээр эдийн засагчийн мяндсан ухаанаар төрийн тэргүүнд зөвлөх биз ээ.  

Б.Энхбайгаль нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал,  Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн Ахлах судлаач, захирал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны Тэнхимийн эрхлэгч, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхимд Багшаар ажиллаж байсан. 

УИХ-ын Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого (2040 он хүртэлх)-ыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн, БСШУЯ-ны Дээд боловсролын Зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны Академийн Захирлуудын Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Удирдахуйн ухаан, төрийн удирдлагаар Докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргын сонгуульт ажилтай өнөө цагийн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Хийсэн зүйлтэй бүтээсэн бүтээлтэй улс төрийн өндөр боловсролтой Б.Энхбайгалийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хот, бүсчилсэн хөгжил, орон нутгийн асуудалд чухал шийдвэр гаргахад ямар төвшинд зөвлөж, хамтарч ажиллахыг харах л үлдлээ. 

 

С.Сарангуа