Р.Батжаргал: Анхны жил 23 -хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Улс төр

 Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга, Баянгол сумын  ИТХ-ын дарга Р.Батжаргалтай орон нутгийн хөгжлийн асуудлаар онцолж ярилцлаа.  

-Хэдэн жилийн өмнө аймгийн ИТХ-ын индэр дээрээс Таныг  “Арматур, цемент хоёр байхад л улс  хөгжинө” гэхэд олон хүн доогтой нь аргагүй инээж байсныг санаж байна.  Өнөөдөр танай сумыг хараад Таныг хэлсэн үгнийхээ эзэн болжээ хэмээн бахархах сэтгэл төрлөө.   

-Баянгол сум бол  Сэлэнгэ аймгийн үүд нь ч, хоймор нь ч. Энэ утгаараа манай сумын хөгжил дэвшил  Сэлэнгэ аймгийн нүүр царай нь болох учиртай. Үүний төлөө бид  хичээсээр ирсэн гэдгээ онцлох байна.  Ардчилсан нам 2016 оны  арваннэгдүгээр сард орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, 27 суудлаас 23-ыг нь авсан.  Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хамт олон  ажлаа иргэдтэйгээ уулзаж, тэдний санаа бодлыг сонсохоос эхэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ  хамтран  ажиллах  хөтөлбөрөө боловсруулж, хэд хэдэн төрлийн  судалгаа хийж улмаар багуудын иргэдийн нийтийн хурлыг зарлан, хурлаас  гарсан шийдвэрүүдийг эхнээс нь  хэрэгжүүлсэн.  Бидний ажил  САА байсан тэр л үеийн хур хогийг цэвэрлэхээс  эхэлсэн.  Сумын төвийн арын дэнж тэр чигээрээ хогийн хонхор байсан гээд төсөөл дөө. Иргэд ч  дэмжиж,  аж ахуйн нэгжүүд ч хөдөлсөн.  

Өвгөд хөгшид маань данхтай цайгаа, халуун боорцгоо барьж ирээд л сэтгэлийн дэм өгч байлаа, бидэнд. Энэ сайхан сэтгэлийг хараад бахархан огшиж, нүдэнд минь нулимс хурах үе цөөн биш байлаа.  Баянголчууд тавхан хоногийн дотор 80 жил овоолсон  хогоо цэвэрлэж чадсан.  Одоо хогийн хонхор байсан газарт  ногоо  халиурсан, цэлийсэн  хөндий болсон. Магадгүй гучин  жилийн дараа орон сууцны  хорооллууд эсвэл үйлдвэрлэлийн хот  сүндэрлэх биз. Бидний дараагийн асуудал эрүүл мэндийн төвийн барилгыг өргөтгөн шинэчлэх явдал байв.  Гэвч суманд   шинээр эмнэлгийн барилга барих төсөв байгаагүй. Ер нь манай сум  ардчилсан засаглалтай  учраас гадуурхагдан төр, төсвийн байгууллагын ажилчдын цалингаас өөр төсөвгүй явж ирсэн.  Гэтэл бид ажил хийж, сум орон нутгаа хөгжүүлэх ёстой биз дээ. Тиймээс  суманд үйл ажиллагаагаа явуулдаг  “Тод ундарга” ХХК-ийн захиралтай уулзан,  нийгмийн хариуцлагын хүрээнд  Баянгол сумын баялгийг ашиглаж байгаагийн хувьд  эрүүл мэндийн барилга дээр хөрөнгө оруулалт хийх,   хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмжөөр хангахыг хүссэн. Үүний үр дүнд   2,8 тэрбум  өртөг бүхий  Яаралтай тусламжийн төвийг ашиглалтад хүлээж авсан.  Бидний шийдэж чадсан гурав дахь том ажил бол  инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилсэн явдал.  Мөн л аж ахуйн нэгжүүдийнхээ  эдийн засгийн тусламж дэмжлэгтэйгээр  хөрөнгө мөнгөний нь асуудлыг шийдсэн.  Баянгол  1980-аад оноос хойш 2017 он хүртэл  өвөлдөө “хөлдүү” сум байсан.  Үүний араас Ахмадын өргөө,  Соёлын төвийн барилгын ажил залгасан. Одоо есдүгээр сарын 1-нд шинэ Соёлын төв маань ашиглалтад орно. Гадна зам талбай, тохижилтын ажилд  цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүд, Онцгой байдлын албаны албан хаагчид маш их тусалсан.  Ер нь баянголчууд шинэ Соёлын төвтэй болох гэж маш их хичээсэн дээ. Урлаг соёлын байгууллагууд, хамтлаг дуучид манай хуучин соёлын төвийг маань жижигхэн, хуучин гэж голоод ирдэггүй байсан юм. Одоо манайхыг алгасч, голж гүйхгүй байх аа.   Сум орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт  гэдгийг “Тэнд нэг байшин барих газар байх юм. Түүн дээр  юу барих вэ”  гээд  амаа ангайж суух биш иргэдийнхээ оролцоотойгоор  ИТХ-ын төлөөлөгчдийн санал дээр тулгуурлан хөгжлийн  ойрын болон хэтийн төлвөө цаасан дээр буулгаж, түүнийгээ ажил хэрэг болгох явдал юм.  Үүнийг мөрийн хөтөлбөр ч гэж ойлгож болно. Ингэж ажилласны үр дүнд   боловсрол, эрүүл мэнд, ахмад, залуучууд, орон нутгийн хөгжлийн суурь болсон дэд бүтцийн асуудлыг шийдэж чадсан гэж  бардам өгүүлэх байна.  Хамгийн гол нь энэ бүхнийг улсын төсвийн хөрөнгөөр бус  дотоод нөөц бололцоогоо ашиглан  нийгмийн хариуцлагын хүрээнд  аж ахуйн нэгж, төр төсвийн  байгууллагууд,  иргэдээ түшиглэсэн нь   баянголчуудын  амжилтын нууц ч байж мэднэ. Энэ дашрамд үнэн бөгөөд гашуун нэг баримт хэлье. 2016 оноос өмнө Орон нутгийн хөгжлийн сан 200-300 сая төгрөгийн төсөв хуваарилдаг байсан бол 2017 онд АН сумын ИТХ-д ялалт байгуулсан чинь нөгөө сангийн төсвөө 23-хан сая төгрөг болгон танасан гээд бод доо. Энэ мөнгөөр хэн яаж, сумаа хөгжүүлэх вэ... Эрх баригч намын энэ мэт ажил сум, орон нутгийн цаашлаад улс орны хөгжилд ихээхэн саад чирэгдэл болж байдаг л даа. 

-Баянгол сумын нийгмийн хариуцлагын хүрээнд  хөгжлийн асуудлаа шийдэж ирсэн туршлагыг тань бусад сумдад хэрэгжүүлэхсэн? 

-Манай ИТХ-ын төлөөлөгчид өмнөх  үеэ бодвол маш их залуужсан.  Орчин цагийн залуучууд сэтгэхийн хэрээр эрсдэлээс айхгүй  зоригтой байдаг юм байна гэдгийг  өнгөрсөн дөрвөн жил надад харууллаа. Манай 27 төлөөлөгч  нэг хүний шийдвэрээр  бус хамтын шийдвэрээр явдаг, хурлын үед өөрийн бодож, сэтгэж яваа зүйлээ  чөлөөтэй ярьдаг, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө өөрийгөө дайчилдаг нь Баянгол сум богино хугацаанд хөгжиж дэвшихийн суурь болсон гэж би хувьдаа үзэж байна.  Дээр нь нийгмийн хариуцлага гэдгийг сумын иргэн бүхэнд ойлгуулж чадсан явдал. Ногоочин, малчин хэн байх нь хамаагүй нийгмийн өмнө  хариуцлага хүлээдэг байх ёстой. Түүнчлэн байгалийнх нь баялгаас хүртэж байгаа нь үнэн юм бол орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх ёстой гэдгийг  уул уурхайн компаниудад  ойлгуулсан.  Үнэндээ  ад үзээд байдаг нинжа нараас ч “... орон нутагт ийм ажил хийх гэж байна хөрөнгө оруулалт хийнэ үү” гэхээр “Тэгье” л гэдэг юм байна лээ.   Сум, орон нутаг нь нүдэн дээр нь хөгжөөд ирэхээр иргэд санаагаараа би  ийм ажил хийе гээд зураг, төсөв, төлөвлөгөө, мөнгөө бариад ирдэг.  Томоохон ажил дээр нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбоод өгөхөөр тэд хамтарч чаддаг. Ер нь сэтгэл гаргасан хүн л ажил хийдэг.  Хамгийн гол нь бүгдтэй нь  ойлголц гэж хэлмээр байна. Баялаггүй орон нутаг гэж байхгүй. Гагцхүү  баялгаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулах явдал. 

-Шулуухан хэлэхэд,  орон нутагт Засаг даргын эрх мэдэл хэмжээлшгүй байдаг  нь нууц биш. Яагаад тэр вэ? 

-“Өмнөх ИТХ-ын дарга юу ч хийдэггүй байсан. Гэтэл та галч, сантехникч гээд  хийхгүй ажил алга” хэмээн магтах нэгэнтэй таарч л байлаа.  Ажил хийж явахад хүн магтах гоё л юм билээ. Орон нутагт магтуулах тохиолдол ер нь л ховор шүү.  Тогтолцооны хувьд Нутгийн удирдлагын ордон буюу ИТХ нь дээрээ байдаг.  Засаг дарга нь Иргэдийн хурлаас гарсан хамтын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.  Амьдрал дээр төсвийг  захиран зарцуулах эрх мэдэл Засаг даргад байдаг учраас  нэгдүгээр хүн гэж хардаг байж мэднэ.  Баянгол сумын тухайд орон нутгийн сонгуульд хэдийгээр Ардчилсан нам ялсан ч иргэдийнхээ төлөө ажиллаж чадах төрийн албан хаагчийг  сонгосон. 

Манай ИТХ-ын  27 төлөөлөгч шинээр сонгогдсон  Засаг даргаа дундаа суулгаж байгаад иргэдийн хурал, орон нутгийн шийдвэр хоёр  уялдаатай хамтарч ажиллах ёстой гэх байр суурь дээр нэгдэж чадсан.   Манай баг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хоёр  жил хоёр  сарын дотор хэрэгжүүлж дуусгасан. Хамгийн гол ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр харилцан ойлголцож, хамтарч ажиллаж чадсан явдал. 

-Монгол Улсын улс төрийн тогтолцоо аливаа сонгуульд ялалт байгуулсан нам, засгийн эрхийг барьж буй. Орон нутагт ч ялгаагүй. Баянгол үүнийг эсрэг явж чадсан нь сайшаалтай хэдий ч  төсөв, хөрөнгөний асуудал дээр “хавчигддаг” юм байна гэх ойлголтыг Та надад төрүүлсэн? 

-Бидний цөөхөн монголчууд намчирхаж талцаад яах юм бэ. Сонгууль болоод л өнгөрнө, амьдрал энэ л хонхортоо үргэлжилнэ биз дээ. Ямар нэр дэвшигчээ дагаад төрийн ордонд очоод суух биш. Намчирхахгүйн тулд Иргэдийн хуралд  27  суудал авч олонхи болсныхоо дараа ямар хүнээр Засаг дарга тавих вэ.  Дотроосоо тавих уу,  яах вэ  уу гэх тухайд бид маргаан мэтгэлцээнтэй  10 хоног ярилцсаны  эцэст  С.Ариунбат гэдэг залуу дээр тогтон 100 хувийн  саналаар  дэмжсэн. Бид алдаагүй,  одоогийн байдлаар 2030 он хүртэлх сумынхаа  хөгжлийн  төлөвлөгөөг боловсруулчихсан, түүнийхээ дагуу ажиллаж  байна. Миний  олж харсан зүйл гэвэл  аливаа сум инженерийн шугам сүлжээ болон үерийн далангаа зөв шийдвэл зөв хөгждөг юм байна гэдгийг ойлгосон.  Өмнөх Засаг дарга нараас маань хэн ч энэ асуудлыг барьж аваагүй.  Харин Засаг дарга С.Ариунбат залуу хүний зориг гарган барьж аваад энэ их ажлынхаа ард нь гарч чадсан. Сумын иргэд “Манай дарга нар худлаа ярьдаггүй, хэлсэн л бол хийдэг” хэмээн магтах болсон байна лээ. Үүнд их урамшиж сууна. Иргэд маань дэмжиж, хамтдаа зүтгэж байгаа учраас л Баянгол сум хөгжиж, дэвжиж буй хэрэг. 

-Баянгол сумын 2030  хөгжлийн  төрх цаасан дээр хэрхэн бууж байна ?

-Хөгжилд тушаа болж буй зүйл гэвэл  газар төлөвлөлтийг их буруу хийж иржээ. Тиймээс юун түрүүнд үүнийг  зохицуулах ёстой.  Бидний дараагийн зорилго бол иргэн бүрийг орлоготой байлгах явдал.  Боломж байна.  Баянгол сум маш сайн дэд бүтэцтэй. Ногоочид маань тарьсан ногоогоо явуулын иргэдэд зах зээлээс хямд үнээр борлуулж эхэлсэн. Одоо бидэнд хадгалах сав маш чухал. Төв замаас алс сумдын ногоочид Улаанбаатар орохгүйгээр манайд нийлүүлэх болсон. Энэ бол алдаж болохгүй боломж. Эдийн засгийн суурь маань ингэж бүрдэж байгааг бид алдаж болохгүй.  Эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж гэмээнэ Баянгол сум зовлонгүй хөгжинө.  Хийх ажил их байна,  дан ганц ногоо хадгалах савнаас гадна нөөшлөх үйлдвэр хэрэгтэй. 

-Та ажлаа танилцуулж явахдаа  тендер гэдэг  зүйлийг өвөл зарладаг байвал их ажил амжуулна аа хэмээсэн. Энэ  бас л нэг санаа шүү?

-Ер нь тендерийг  өвөл зарлавал өгөөж нь их.  Монгол Улсын цаг агаарын нөхцөл  байдал үүнийг хэлээд байна.  Яагаад гэвэл арваннэгдүгээр  сараас  нэгдүгээр  сарын хооронд зарлах аваас  тендер авсан компаниуд  хүйтний улирлыг далимдуулаад бэлтгэлээ хангаж амжина.  Мөн тендер авсан компаниудад өгч байгаа мөнгөө гурав  хуваадгаас болоод ажил маш их  цалгарддаг. Үүнийг  зохицуулмаар байна.  Тэгэхгүй бол хавар тендер зарлангуут нэг компани нь гүйж, гүйж байгаад тендерээ авдаг,бэлтгэл хангах гэсээр өвөлтэй залгадаг. Дараа хавар нь мөнгөний ханш өснө, компани ашиггүй ажиллахаас айж чанаргүй зүйлээр ор нэр төдий ажлаа хийдэг.  Тэгээд л тэр жилийн ажил байхгүй болдог. 

-Танайд тийм тохиолдол гарч байв уу ?

-Тэгэлгүй яах вэ.  Манайд хэд хэдэн ийм  тохиолдол гарсан. Жишээ нь инженерийн шугам засах тендер зарлаж,  нэг компани авсан.  Харамсалтай нь өнөө компани  зөвхөн цэвэр усны шугам сольчихоод  50 сая төгрөг сул авчихаад яваад өгсөн. Бид  хохироод үлдсэн. Том тендерийг аймаг шалгаруулдаг ч   яг үнэндээ бол  аймгийнхан  ирж хянахгүй, тэд энд  ирж амьдрахгүй.  Тиймээс сум, орон нутагт нь мэдлийг нь өгөөч  гэж хүсмээр байна. 

-Босоо тогтолцоог сум, орон нутагт хэрэгжүүлэх нь дэмий  зүйл шиг санагдсан. Та надтай санал нийлэх үү?    

-Нийлнэ. Үнэн хэрэгтээ  Засаг даргыг Иргэдийн хуралтай нь хамт хүчгүй болгож байна. Засаг дарга нь  арга хэмжээ авах гэхээр газрын алба нь босоо, багш ажилчид нь босоо, нийгмийн халамж, татвар нь босоо учраас шийдэх хууль, эрх зүйн үндэс байхгүй байна.  Алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох гэхээр  “чи намайг халж чадахгүй, эрх нь ч чамд байхгүй” гээд гараад явдаг. Тиймээс  босоо тогцолцоог  хэвтээ болгох хэрэгтэй байна. Орон нутаг татвараа,  нийгмийн даатгалаа мэддэг байх ёстой. Орон нутгийн  эрхүүдийн ихэнхийг аймаг нь аваад явчихсан болохоор суманд  шийдвэр гаргах эрх байдаггүй. Тухайлбал, бичил уурхайн 151-р тогтоол байна. Аймгийн ИТХ-аар  хэлэлцэгдэнэ гэхээр Баянголоос сонгогдсон ганцхан төлөөлөгч байдаг. Тэр хүний санал олонхийн дэмжлэг авч   чадахгүй учраас хаягддаг.   Баянголчууд  байгалийн дархан цаазтай газраа ухуулмааргүй байхад  аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн хурал шийдвэр эсрэгээр  гараад  ухуулах жишээний.  Сум ямар ч  эрх мэдэл байхгүй юм чинь ухуулаад л  толгой сэгсэрч гаслахаас цаашгүй. Голын эхэнд алтын зөвшөөрөл өгөөд, ууланд  модон дотор хайрга дайрганы зөвшөөрөл өгөөд л байгаа шүү дээ.  Сум яаж чадахгүй л  байна. Сум газрын асуудал хөөцөлдөөд явахаар өөдөөс Зөрчлийн тухай  хууль ярьж байна. Жишээ нь Баянгол сумын нутаг дэвсгэрт Ар зүрх гээд  ганц нөөцтэй хадлангийн талбай  буй. Гэтэл түүн дээр  хайгуул хийнэ, зөвшөөрөл н энэ байна гээд ороод ирсэн.  Бидэнд мэдэгдэхгүйгээр  сонгон шалгаруулалтын талбай хэмээгээл  дээгүүрээ яам нь тендер зарлаад дуудлага худалдаа оруулсан байсан.  Захирал нь  яамны зөвшөөрөлтэй бичгээ бариад ирсэн. Түүнийг сумын  ИТХ  батлахгүй бол Зөрчлийн хуулиар байгаль орчны байцаагч Засаг дарга хоёр  нь 10 саяар торгууль хүлээх болчихоод байгаа. 

 

-Баянгол сум малчин, тариаланч хоёрынхоо үл ойлголцлыг хэрхэн шийдэв?

-Их амархан шийдсэн. Эхлээд малчин, тариаланчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан чинь бөөн хэрүүл болоод үр дүнгүй тарцгаасан. Тиймээс малчидтай дангаар нь уулзаж, санал бодлыг нь сонсч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тариа бол стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Тиймээс тариалангийн талбайд малаа оруулсан иргэдэд ийм шийтгэл оногдуулдаг юм байна гэж ирээд л хуулийн зүйл заалтыг нь танилцуулсан. Дараа нь тариаланчидтай уулзаад “ Мал бол үндэсний баялаг”. Мал руу дур мэдэн халдах нь ийм ийм хуулийн заалтыг зөрчиж буй хэрэг гэж ирээд л  мөн л хуулийн заалтыг танилцуулсан.  Ингээд нэгдсэн уулзалтаа дахин зохион байгуулсан. Амжилтад ч хүрсэн. Ер нь бол   газар тариалан, мал аж ахуй хоёр  зэрэгцэн зөв орших ёстой.  Зөв бодлого үгүйлэгдэж байгааг хэлэх ёстой. Малчид эрчимжсэн мал аж ахуй руу шилжихгүй бол Монгол Улс малын бэлчээрээ дийлэхээ болино.  Баянгол сум  гэхэд бэлчээрийн даацгүй болоод байгаа. Тиймээс зөв бодлогоор зохицуулагдаж хамт хөгжих ёстой. 

-ЖДҮ дэмжих сангийн зээл жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй байна гээд  асуудал боссон. Ажил хийж буй хүнд нь хуваарилах тал дээр орон нутгийн удирдлагуудын байр суурийг сонсоогүйгээс асуудал үүссэн байж мэднэ?   

-ЖДҮ дэмжих сангийн зээл  10-50 сая  л байх ёстой юм. Юун  800 сая, тэрбум. Сум, орон нутгийн удирдлагуудад  зээлийн эрхийг нь өгчихвөл  ИТХ нь хуралдаад л хэнд зээл олгох тухай шийдвэрээ гаргахад л хангалттай.  Зөв хүндээ  ч хүрч чадна гэж бодож байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийг буруу хүмүүст өгсөнөөс болж  маш олон жил зээл  өгч чадаагүй.   Үнэндээ бол  ЖДҮ-ийнхэн их мөнгө нэхдэггүй шүү дээ, маш бага хэмжээний  зээл авдаг.  Тэхээр ЖДҮ-ийн зээл өрхийг дэмжих бага хэмжээний зээл байх ёстой. 

-Та  аймгийн ИТХ дээр  аливаа улсын хөгжлийн суурь бол арматур цемент юмаа гэж хэлж байсныг санаж байна. Таны бодол үнэхээр зөв байсан байна уу,  өнгөрсөн дөрвөн  жилд , цемент хоёрынхоо  үр шимийг үзэв үү ?

-Зөвхөн би биш, манай сум даяараа иргэж бүхэн арматур цемент хоёр  бол хөгжил юм аа гэдгийг харж  байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхдөө шороо бужигнасан замаар явдаг байсан бол одоо үгүй.  Айлууд хашааныхаа үүдийг,  дэлгүүр болгон машины  зогсоолоо цементелж байна. Энэ бол хөгжил. Намайг  шоолж байсан хүмүүс  одоо хүлээн зөвшөөрсөн  

-Орон нутгийн сонгууль удахгүй эхэлнэ. Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргын хувьд багаа хэрхэн бүрдүүлэх вэ?

-Сүүлийн үед сэтгэл зовоож байгаа асуудал бол наадах чинь байна. Сумын төлөөлөгч хийж үзээгүй, зовлонг нь мэдээгүй байж том дарга хийх гэсэн нөхдүүд олон байна.  Бид тэднээс сална.  Хэн нэгэн дарга нарын цүнх барьж гүйсэн хүн, хэн нэгэн хүнд хов зөөсөн хүнийг улс төрд  оруулж болохгүй. Түүний  оронд нь  аймаг,  сум,  орон нутагт ажиллаж үзсэн, асуудлуудыг нь мэддэг, шийдэх арга замыг нь олж хардаг  залуучуудыг сонгож сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй. Үүний   тулд эртнээс бэлдэх хэрэгтэй  байна. 

 

М.ДАВААДУЛАМ