Гадаад харилцааны яам Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлав

Улс төр

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон билээ.

Энэ хугацаанд гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудаас Гадаад харилцааны яаманд тусламж болгон хандивласан амны хаалт /маск/-аас аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн тээврийн цагдаагийн газарт тус тус тусламж болгон хандивлахаар шийдвэрлээд байна.

 

Энэхүү арга хэмжээний эхлэл болгож өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав 10000 ширхэг амны хаалтыг Нийслэлийн түргэн тусламжийн төвд гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус төвийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүслээ.