Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөөн дэх хас тэмдэг Оросын сошиал хэрэглэчдийн анхаарлыг татжээ

Улс төр

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр сайдынхаа Монгол Улсад хийж буй айлчлалын талаар өөрийн Телеграм хуудсанд мэдээлжээ.

Ингэхдээ тэр тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавровын Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж буйг харуулсан гэрэл зургийг хавсаргасан байна.

Сонирхолтой нь уг зураг дээр тэдний уулзсан хүндэтгэлийн гэрийн голд байрлуулсан ваарны бөөрөн дээр дүрслэгдсэн хас тэмдэг тод гарчээ.

Оросын сошиал хэрэглэгчдийн анхаарлыг уг хас тэмдэг илүү их татаж, янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна.

“Энэ зургаас ваарыг хасаад нийтлэх ухаан Марияд байсангүй”, “Самовар дээр яагаад хас тэмдэг байгаа юм бэ?”, “Тогоон дээр хас тэмдэг байна. Ямар инээдтэй юм бэ?”, “Хүний бие дээр байж болдоггүй, вааран дээр байж болдог юм уу?” гэх зэргээр Захаровагийн дагагчид сэтгэгдлээ бичицгээжээ.

Мөн зарим уншигч “Монгол бол неонацизмын өлгий нутаг. Нацизмаас цэвэрлэх цаг болсон”, “Нацизмын бэлгэдлийг сурталчилсан хэргээр Захаровад долоон жилийн хорих ял өгөхийг шаардаж байна” гэх зэргээр хошигносон байна.

Бас нэг уншигч “Хас тэмдэг бол Хакас, Тува, Буриадын тамганууд дунд байдаг, аз жаргалыг илэрхийлсэн утгатай гэж эрдэмтэд тайлбарладаг” гэж бичжээ.

Өөр нэг нь “Хас бол манай славяны тэмдэг. Өөр утга агуулгатай. Гитлер үүнийг гуйвуулан ашигласан юм” гэж мэдэмхийрсэн байна.

 

Эх сурвалж: nakanune.ru