Хятад ДЭМБ-д нэмж 30 сая ам.доллар хандивлана

Дэлхийн мэдээ

БНХАУ COVID-19-тэй тэмцэх ажилд туслахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) нэмж 30 сая ам.доллар /83.5 тэрбум төгрөг/ хандивлана гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунюун мэдээллээ. 

Хятад гуравдугаар сарын 11-нд 20 сая ам.долларыг ДЭМБ-д хандивлаад байсан ба Хуа Чунюуны хэлснээр энэхүү хандив нь хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад хэрэглэгдэх юм.

НҮБ-аас хэрэв хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхгүй бол халдварын хоёр дахь давлагаа эргэн хөгжингүй орнуудыг нөмөрнө гэж анхааруулаад байсан.

Харин Их Британи улс дөрөвдүгээр сарын 14-нд хөгжиж буй орнуудын коронавирустэй тэмцэх ажилд туслах зорилгоор 200 сая фунт стерлинг /690 тэрбум төгрөг/ хандивлахаа мэдэгдсэн юм.

БНХАУ-д одоогоор 82'798 хүн халдвар авч, 4632 хүн нас бараад байгаа бол Их Британи улсад 133'495 хүн халдвар авч 18'100 хүн нас бараад байна.