Н.Номтойбаярыг өнөөдөр суллах уу

Эрэн сурвалжлах

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг суллахаас гарцаагүй. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс нэр дэвшигч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр зургадугаар сарын 26-ны өдрийг (УИХ-ын ээлжит сонгуулийг дуусах хүртэл) хүртэл цагдан хорих шийдвэр гарган, саатуулаад байгаа. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг өөр бусад холбогдох хуульд заагаад өгчихсөн байгаа юм.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг зөрчил болон гэмт үйлдлийнх явцад (үйлдэл дээр нь) нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих”-ыг хориглоно гэж заасан байдаг.

Тэгэхлээр өдгөө саатуулчхаад байгаа нь эхний удаа хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Үүнийг нь бататган Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй шүү дээ. Гэм, буруутай эсэх тухай нь шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" хэмээсэн.

Энэ нь шүүхээс Н.Номтойбаярыг хорих шийдвэр гаргасан ч нэр дэвшигчээс хасаагүй гэсэн үг. Харин өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Тэгвэл Н.Номтойбаяр хэрхэх вэ. Сонгуулийн ерөнхий хорооны журамд өмнө нь нэр дэвшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэмлэхийг нь гардан авах боломжтой тухай заасан байв. Харин сүүлд өөрчлөлт оруулахдаа нэр дэвшигч зөвхөн өөрөө үнэмлэхээ гардан авахаар тусгасан байдаг. Тэгэхлээр нэр дэвшигч Н.Номтойбаярыг саатуулчихаад, өдгөө нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах боломжийг хааж, дахин хууль зөрчих гээд байна уу. Эсвэл хууль зөрчсөн эхний алхамаа цайруулахын тулд нэр дэвшигчийг үнэмлэхээ гардан авах боломжоор хангаж, суллах уу.