НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

Эрэн сурвалжлах

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Жил болгон зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр болдог. Хүүхдийн баяраар НМХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийдэг. Энэ жил коронавирусийн халдвартай холбоотойгоор Хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр шийдсэн. Энэ шийдвэрийг дагаж мөрдөж ажиллана. Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг хийхдээ томоохон супермаркетуудын бэлэгний чанар, аюулгүй байдал шаардлага хангаж байна уу гэдгийг шалгаж байгаа. Нийтдээ 449 газрыг хамруулж, хяналт хийсэн. 559 зөрчил илрүүлж, 74 хувийг нь арилгуулах арга хэмжээ авсан. 

91 нэр төрлийн 160 бүтээгдэхүүнээс дээж авч, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораториар шинжлүүлсэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын ахлах байцаагчийн 41 албан шаардлага, 65 албан даалгаврыг хүргүүлсэн. Хадгалалтын горим зөрчигдсөн 9 төрлийн 34 кг, 71600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг утсгуулах арга хэмжээ авсан. Дээрээс нь 65 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулиар 37 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулж ажилласан. Шалгалтын явцад шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1.1 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлсэн. 

"Алтан жолоо импекс" компанийн "Сансар" сүлжээний хүүхдийн бэлгэнд орсон "Haribo" чихрийн шошгын мэдээлэл зөрчилтэй байсан. "Home plaza" компанийн бэлгэнд боосон байсан "Silk road" компанийн таван төрлийн чихэр хаяг, шошгын зөрчилтэй байсан. Гэх мэт шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан" хэмээлээ.  

Түүний дараа Эрүүл ахуй,  халдвар хамгааллын Улсын ахлах байцаагч Одончимэг "Энэ жилийн Эх үрсийн баяраар нийтийг хамарсан, зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гэр гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байна. Энэ өдрүүдэд томоохон худалдааны төвүүдэд бэлэг боох үйл явц эхэлчихэж. Бэлэг сонгохдоо хүмүүс сав, баглаа боодол, хаяг шошгын мэдээлэл байна уу, хадгалах хугацаа нь хэтэрсэн үү гэдгийг сайтар нягталж, шалгаарай. Болж өгвөл хүүхдийнхээ бэлгэнд чихэрлэг зүйлс ихээр боолгох нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй шүү. Тоглоом, ном, сэтгэхүй хөгжүүлэх зүйлсийг бэлгэндээ түлхүү боовол зүгээр" хэмээн зөвлөлөө.