СОНСГОЛЫНХОО БЭРХШЭЭЛИЙГ АВЬЯАСААРАА ТОРДОЖ ЯВАА БҮСГҮЙ

Соёл урлаг, Спорт

“Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс "тэнцлээ" гэсэн хариу аван инээмсэглэн зогссон сурагч охин Б.Алтансувдыг эчнээ таних хүн цөөн биш. Cургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцахыг хүссэн ч сонсголгүй гэсэн шалтгаанаар өөрийн багын мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч сонирхлоо дагаж хувцас дизайны мэргэжлээр суралцжээ. Гэсэн ч тэрбээр урлагийн хүн болох мөрөөдлөө орхисонгүй. Саяхан нээлтээ хийсэн “Seasons of Love” кино контентод гол дүрд тоглож, уг кинонд өөрийн бүжиглэх чадвараа ч давхар харуулсан байна. Тэрбээр хэлэхдээ “Монголд анх удаа сонсголын тусгай хэрэгцээт иргэн киноны гол дүрд тоглосон явдал байж магадгүй. Мөн кино бүх хүмүүст зориулагдсан бөгөөд сонсголын тусгай хэрэгцээт иргэд хүлээн авч үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Энэ кинонд тоглосон нь өөртөө итгэх итгэлийг минь нэмээд зогсохгүй киног үзэж байгаа сонсголын тусгай хэрэгцээт иргэдэд бас нэгэн итгэл болох байх гэж найдаж байна” гэсэн юм.