Эрчим хүч дулаан үйлдвэрлэгч Энэ цагийн баатрууд

Нийгэм, Эдийн засаг

Цаг завгүй ажилладаг хүмүүсийн эгнээг илч гэрэл түгээгч эрчим хүчний салбарынхан тэргүүлж алхдаг. Цар тахал гэх аймшигт өвчний голомт үүсээд дээр дооргүй л энэ аюулын эсрэг тэмцэж байгаа үед эрүүлийг хамгаалахынхан тэр дотроо халдвартынхан, цагдаа, онцгойгийнхонтой зэрэгцэн 24 цагаар ажиллаж байдаг улсын онцгой бүс бол Дулааны цахилгаан станцууд.  Тэд өнөөдрийн энэ хэцүү цаг үед цаг нарыг умартан айл гэр, аж ахуйн нэгж бүхнийг гэрэлтэй, дулаан байлгах эрхэм үүргээ дээдлэн ажиллаж байна. Энэ удаа бид Дулааны гуравдугаар цахилгаан станцыг зорин очиж, оройн ээлжийн ажил хэрхэн өрнөдгийг сурвалжилсан юм.

Дулааны гуравдугаар цахилгаан станцын суурь 1966 оны арванхоёрдугаар сарын 3-нд тавигдаж,1968 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж нийслэл хотын үйлдвэр, албан байгууллага, ард иргэдэд дулааны эрчим хүчийг түгээж эхэлжээ. Энэ цахилгаан станц өндөр ба дунд даралтын гэсэн хоёр станцаас бүрддэг юм байна. Дунд даралтын станц 48 меговатт, өндөр даралтын станц 100 меговатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай. Дунд даралтын хэсэг нь 1966-1975 онд баригдаж цагт 40 атмосферийн даралттай 75 тонн уур боловсруулах чадалтай БКЗ-75-39 фБ загварын зургаан уурын генератор, цагт 12 мВт цахилгаан боловсруулах чадал бүхий ПТ-12-35/10М загварын дөрвөн турбогенератор болон тэдгээрт холбогдох төрөл бүрийн туслах тоноглол, тоног төхөөрөмжүүдийн хамтаар угсрагдан ажилд оржээ. Өндөр даралтын хэсэг нь 1976-1980 онд баригдаж, цагт 100 атмосферийн даралттай 220 тонн уур боловсруулах чадалтай БКЗ-220-100 4С загварын долоон уурын генератор, цагт 25мВт цахилгаан боловсруулах чадал бүхий ПТ-25-90-10М загварын дөрвөн турбогенераторыг тус, тусын туслах тоноглол, тоног төхөөрөмжүүдийн хамтаар угсран ашиглаж эхэлсэн. Тус цахилгаан станц нь зургаан кило­вольтын хүчдэлийн түвшинтэй 50Гц давтамжтай хувьсах цахилгаан эрчим хүчийг боловсруулж, зургаан киловольт хүчдэлийг 35/110 киловольтын түвшинд өсгөж агаарын шугамаар Эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдон Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 32 хувийг уур усаар түгээж технологийн уур хэрэглэдэг 60 гаруй компанийг үйлдвэрийн технологийн хэрэгцээний уураар хангахын зэрэгцээ 

• Цахилгаан үйлдвэрлэх

• Дулаан үйлдвэрлэх

• Дулаан түгээх

• Цахилгаанаар зохи­цуу­лалттай хангах

• Дулаанаар зохи­цуу­лалт­тай хангах гэсэн тусгай зөв­шөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа том айл аж.

Бүтэц зохион байгуулалтын хувьд тус компани нь: Хоёр алба, дөрвөн хэлтэс, гурван хэсэг, есөн цехээс бүрдэх бөгөөд нийт 960-аад ажиллагсадтай. Ажиллагсдын 65 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд ба нийт ажиллагсдын 45 хувь нь дээд, тусгай дунд боловсролтой чадварлаг баг хамт олныг бүрдүүлжээ. 

Сурвалжлах өдрийн оройн ээлжийн  жижүүрийн инженер Б.Баттүвшинтэй уулзав.

-Өнөөдрийн байдлаар манай  ашиглалтын хоёрдугаар ээлж  93 хүний бүрэлдэхүүнтэйгээр   халдвар хамгаалалтын дэглэмээ бариад хэрэглэгчдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэн, цахилгаан, дулаанаар ханган ажиллаж байна. Манай ажичлдын хувьд 24 цагаар дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа. Шөнийн ээлжинд ажиллахад өдрийнхөөсөө ялгаатай нь хэрэглэгчдээ дулаан хонуулахын тулд дулааны хэрэглээндээ түлхүү анхаардаг. Дулааны цахилгаан станц хэвийн ажиллах гол бүтээгдэхүүн бол ус, түлш юм. Ингээд манай ажил түлшин цехээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, зуух руу түлшээ өгнө. Химийн цех гэж бий. Энэ цех маань түүхий усыг станц руу татаад химийн бүх процессуудаар дамжуулаад, цэвэр ус болгон   зуух турбин руу өгч цааш дамжуулна. Энэ түлш ус чинь зуухан дээр очиж халаад,  уур болон турбин цехээрээ дамжаад турбинээс манай гол бүтээгдэхүүн болох үйлдвэрийн уур, дулаацуулгын уур, цахилгаан энэ гурван гол бүтээгдэхүүн гарч хэрэглэгчийн гэрт очдог. Энэ дөрвөн үндсэн цехийнхээ найдвартай ажиллагааг хангахын тулд цахилгааны, кипавтоматикийн, засварын гээд нийт 10 цехийн үйл ажиллагаа нийлж байж хэрэглэгчдээ бүтээгдэхүүнээр найдвартай хангадаг. Төвийн бүсийн эрчим хүчний системд ТЭЦ-4, ТЭЦ-3, Дархан, Эрдэнэт, ДЦС-2 энэ бүх станцууд нь нэг схемд холбогдсон байдаг. Бүгдээрээ үйлдвэрлэсэн цахилгааны эрчим хүчээ нэг шугаманд өгнө гэсэн үг. Энэхүү эрчим хүчээ өгч байгаа шугамуудыг айл өрх, хэрэглэгчдэд түгээх дамжуулах гэсэн хоёр байгууллага дамжуулдаг. Эрчим хүчний системийн энэ бүх байгууллагуудыг Диспетчерийн үндэсний төв удирддаг. Өдрийнх ч бай, шөнийн ч бай гадна агаарын темпаратур тэдэн градус байхад станцаас гарч байгаа дулааны темпаратур   цахилгааны ачаалал хэрэглэгч дээр тэдэн меговатт хэрэглээ авч байна, станцууд тэдэн меговатт үйлдвэрлэх шаардлагтай байна гэдгийг Диспетчерийн үндэсний төв бүгдийг зохицуулаад бид нарт өдөр бүр горим тогтоож өгнө. Жишээлбэл танайх цахилгаан эрчим хүчийг тэдэн меговатт гаргаарай, дулааны эрчим хүчийг тэдэн целс тэдэн тонн гаргаарай гэж өдөр болгон горим өгдөг. Түүний дагуу л  ажилладаг. 

Жижүүрийн инженер ерөнхий горим болоод ямар ямар шат дамжлагаар хэрэглэгч бид гэрэл, дулаанаа авч байгаа талаар ойлголт өгсөн бол цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэлтийн хамгийн эхний үе шат Түлш дамжуулах цехийн ээлжийн мастер Ч.Марат тун завгүй бөгөөд дуу чимээ ихтэй ажлынхаа талбараас цөөн зүйлийг тодотгов. 

 

-Манайх нийтдээ ашиглалтын дөрвөн ээлжтэй, засварын хоёр бригадтай, 128 ажиллагсадтай, станцын технологийн анхдагч цех. Бидний ажлын үндсэн үүрэг бол Багануурын уурхайгаас ирсэн нүүрсийг чиг үүрэг, стандартын дагуу хүлээн авч буулгаж, талбайд хадгалж, дундын зуухнуудыг стандарт хангасан нүүрсээр тасралтгүй хангах үүрэгтэй. Оройн ээлжинд шит бутлагч хоёр хүн, вокан хөмрөгчийн гурван машинч, 13 машинч, хоёр тракторчин ажиллаж байна. Багануурын уурхайгаас гэрээгээр хоногт дунджаар 40-50 вагон нүүрс буудаг. Өвлийн улиралд хүндрэлтэй нь уурхайгаас ачигдсан нүүрс нь өөрөө хувийн чийгтэй учраас вагоны төмөр чиргүүлийн дотор хэсэгт наалдаж буулгахад хэцүү байдаг. 

Үүний дараагаар түлш дамжуулах цехийн дамж­лагын машинч Ж.Мөнх­баяртай уулзлаа. Тэрбээр  хамгийн холоос ажилдаа ирдэг ажилчдын нэг нь ажээ. 

 

-Өглөөний гараатай үедээ 05.50 цагт гэрээсээ гараад, ажилдаа 07.00 цагт ирж, өөрийн ажлыг хүлээн авахад бэлтгээд, ээлж солилцдог. Хорио цээрийн энэ үед манай байгууллага дотооддоо зохицуулалт хийснээр, шөнийн ээлжийн ажил 19.00 цагаас эхэлж байгаа болохоор 16:40 цагт гэрээсээ гарч, ажилдаа ирдэг. Анх ажилд орж байхад үйлдвэрийн дуу чимээ болон өглөө, оройн ээлжиндээ дасах гээд бага зэргийн хүдрэл байсан. Одоо харин ч дуу чимээ болоод өглөө оройдоо бүүр дасчихсаан... гээд үл ялиг мушийх энэ залуу “Станцад ажилладаг гэхээр сайхан санагддаг шүү” хэмээсэн.  Ажлаараа бахархаж, хийж байгаа ажилдаа улам тэмүүлж яваа тэр залуугаар бахархах сэтгэл төрсөн.

 

Түлш дамжуулах цех

/COAL HANDLING SHOP/

 

Уурхайгаас нүүрсийг хүлээн авах, нүүрсний чанар, тоо хэмжээнд хяналт тавьж, нүүрсний нөөцлөлтийг механикжсан аргаар алдагдал багатайгаар гүйцэтгэж, цаг тухайд нь зохих боловсруулалт хийж бэлтгэн зуухыг нүүрсээр тасралтгүй хангах үүрэгтэй. Цагт 25-30 вагон нүүрс буулгах хоёр хөмрөгч, 180-900 тонн нүүрс дамжуулах хүчин чадалтай 21 туузан дамжлага, цагт 250-600 тонн нүүрс бутлах дөрөв алхан бутлагч, 170 мянган тонн нүүрс нөөцлөх ил талбай, 14 бульдозер, 275-480 тонн нүүрс дамжуулах хүчин чадалтай зургаан займчин тэжээгчээр тоноглогдсон.

 

Дунд даралтын зуухан цехийн ээлжийн мастер Б.Ууганхүү 16 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. Энэ шөнийн ээлжийн мастер тэрбээр:

-Манай ээлж нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй. Зургаан зуухтай, өвлийн ид ачааллын энэ үед бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. 

Халдварт өвчний үед ч ачааллаа дагаад үүрэг, хариуцлагаа тодорхой хэмжээнд ахиулаад ажиллаад явж байна. Хорио цээрийн дэглэмтэй уялдуулаад ажлын цагийн хувьд бага зэрэг өөрчлөлт орсон. Орой 20.00 цагт ээлжээ солилцдог байсан бол одоо 19.00 цагт ээлжээ солилцож байгаа. Ингээд шөнийн гараа маань 19 цагаас маргааш өглөөний 08.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09.00 цагт бууна гээд амралтын өдрүүдэд 13 цаг ажиллаж байна гэсэн үг.   Ээлжинд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хувийн болон ажлын байрны ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм сахих шаардлага нэмэгдсэн хэмээн ярилаа. 

 

Дунд даралтын зуухан цех 

/MEDIUM PRESSURE BOILER SHOP/

 

Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалтыг хийж, зуухны галын хотолд шатаан нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 39 АТА даралттай, 440 градусын халуунтай уурыг боловсруулж хэт халсан уураар уурын турбиныг тасралтгүй хангах үүрэгтэй. Цагт 40 атмосферийн даралттай 75 тонн уур боловсруулах хүчин чадалтай БКЗ-75-39 фБ загварын зургаан уурын генератор болон тэдгээрт хамаарах бусад туслах тоноглолуудаар тоноглогдсон.

Дунд даралтын турбин цехийн ээлжийн дарга Н.Хүрэлтулга 2000 оноос тасралтгүй   ажиллаж байгаа ажээ. 

 

Миний хариуцан ажиллуулдаг энэ хэсэг маань цахилгаан үйлдвэрлэн, цахилгааны эрчим хүч, дулааны эрчим хүчийг усаар, уураар гэсэн хоёр хэлбэрээр түгээдэг. Айл өрхөд гэрэл болоод хэрэгцээний халуун ус, халаалтыг, уураар гэдэг нь үйлдвэрүүдийг уураар хангах үндсэн чиглэл зорилготой. Шөнийн ээлжинд дөрвөн турбин генератор дээр нэг нэг машинч, доор туслах тоноглол тэжээлийн усны насос дээр нэг хүн, сүлжээний усны тоноглол гээд дулаанчлалын тоноглолыг хариуцсан нэг хүн байгаа. Манай станц тусдаа дулаанчлалтай. Тиймээс станцыг хариуцсан дулаанчлалын байгууламж бий. Түүнийг хариуцсан нэг хүн ажилладаг. Станцын хаягдал  усыг хуримтлуулаад буцаагаад ашигладаг тийм тоноглол байдаг үүнийг хариуцсан нэг хүн. Ингээд надтай нийлээд есөн хүн ажиллаж байна. Манай станцын ажил ихээхэн онцлогтой. Ямар ч баяр наадам хамаарахгүй ээлж таарсан бол ажлаа хийж л явдаг. Ялангуяа өвлийн ачааллын үед бүх тоноглол өндөр ачаалалтай явдаг учраас илүү их хариуцлага шаарддаг. 

Дунд даралтын турбин цех 

/MEDIUM PRESSURE TURBINE SHOP/

 

Уурын зууханд боловсруулагдсан хэт халсан уураар турбиныг ажиллуулж цахилгаан эрчим хүчийг боловсруулж, дулааны эрчим хүч болон технологийн хэрэглээний уураар хэрэглэгчдийг хангах үүрэгтэй. Цагт 12 меговатт цахилгаан эрчим хүч боловсруулах хүчин чадалтай ПТ маягийн дөрвөн ширхэг турбин болон түүнд хамаарах бусад туслах тоноглол, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахад зориулагдсан сүлжээний найман ширхэг халаагч, хувьсах зарцуулалтын дөрвөн ширхэг насостой.

Өндөр даралтын зуухан цехийн ээлжийн дарга С.Анхбат энэ станцад таван жил гаруй ажиллаж байгаа юм байна.

 

-Манай өндөр даралтын зуухан цехийн гол үүрэг нь нийт  БКЗ-220 маркийн долоон зуухтай. Эдгээр зуухнууддаа байнга хяналт тавьж найдвартай ажиллагааг хангаж ажиллах нь манай хамгийн гол зорилго.  Зуухнууд маань бүгд эргэх механизмтай өндөр хүчдэлээр ажилладаг учраас тоноглолууд дээр доргио гарах, холигч халах, хөргөлтүүд нь доголдох зэрэг эрсдэлээс болж ажил хүндэрч болно. Энэ бүгдээс л урьдчилан сэргийлж үзлэг шалгалтыг байнга хийж, найдвартай ажиллагааг хангаж ажилладаг даа. Мөн найдвартай ажиллагаа хангаж ажиллахын зэрэгцээ цар тахал  өвчин гарсан энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чанга сахин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ажлын бус цагаар олон нийтийн газар, хамаатан ах дүүсийнхээрээ очихгүй, “Ажил, гэр” гэсэн дэглэмийг мөрдөж байгаа. Ажлын байранд ирэхэд нь бас ажлын явцад хоёр цаг тутамд халууныг хэмжиж, амны болон нүүрний хаалт зэргийг тогтмол зүүлгэн хэвшүүлж, ажиллах орчинд гар ариутгагч байрлуулсан. Олноороо нэг дор бөөгнөрч, цугларахгүй гэдэг үүднээс ээлжийн дарга нартай нэг нэгээрээ ажлаа танилцуулж, зааварчилгаагаа аваад, ажлаа эхэлдэг болсон. 

Өндөр даралтын зуухан цех 

/HIGH PRESSURE BOILER SHOP/

Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалт хийж, зуухны галын хотолд шатаан нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 100 АТА даралттай, 540 градусын халуунтай уурыг боловсруулж хэт халсан уураар уурын турбиныг тасралтгүй хангах үүрэгтэй.Цагт 100 атмосферийн даралттай 220 тонн уур боловсруулах хүчин чадалтай БКЗ-220-100 загварын долоон уурын генератор болон тэдгээрт хамаарах бусад туслах тоноглолуудаар тоноглогдсон.

Өндөр даралтын турбин цехийн хоёрдугаар ээлжийн дарга Ө.Бат-Эрдэнэ:

 

-Өнөөдөр шөнийн ээлжийн гараанд 48 ажилчин байна. Миний удирдан ажиллаж байгаа өндөр даралтын хэсэг дээр бол  турбины таван машинч, таван туслах машинч гээд надтай нийлээд 11хүн ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Манайхан бол цахилгаан, дулаан хоёрыг зэрэг үйлдвэрлэдэг яг зангилаа хэсэг дээр нь ажиллаж байгаа хүмүүс юм. Өнөөдрийн байдлаар ачаалал нь 121 меговаттай, дулааны ачаалал нь 5000 тонн усыг 124 градус хүртэл халааж байна. Ер нь  бол манай станцын хүчин чадал оргил ачаалалдаа хүрсэн. Энэ жилийн хувьд эрт хүйтэрсэн болохоор дулааны ачаалал эрт нэмэгдсэн түүнийгээ дагаад ч гэсэн цахилгааны ачаалал ихэссэн.  Тиймээс манай станц бүрэн хүчин чадлаараа ажиллаад явж байгаа. Бид ажлын байран дээрээ хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар явдаг. Тухайлбал, ажлын долоо биш бид найм хоног ажилладаг. Хөл хорио хязгаарласан ийм үед эрчим хүчээр таслахгүй байх, тасралтгүй найдвартай ажиллах гэдэг бол нэн тэргүүний зорилт болсон.

 

Өндөр даралтын турбин цех 

/HIGH PRESSURE TURBINE SHOP/

Станцыг техникийн усаар тасралтгүй хангаж, цахилгаан эрчим хүчийг боловсруулж, дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах үүрэгтэй. Цагт 25 меговатт цахилгаан эрчим хүч боловсруулах хүчин чадалтай ПТ маягийн дөрвөн ширхэг турбин, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахад зориулагдсан сүлжээний найман ширхэг халаагч, хувьсах зарцуулалтын таван ширхэг насостой.

 

Цахилгаан цех /ELICTRICAL SHOP/

Цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх үүрэгтэй. Өндөр даралтын хэсгийн генераторын суурилагдсан хүчин чадал 100 МВт, дунд даралтын хэсгийн генераторын суурилагдсан хүчин чадал 48МВт. Станц нь эрчим хүчний системтэй 35 киловольтын шугамаар холбогдож 6/35/110 киловольтын шугамуудаар хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг.

 

Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех 

/HEAT CONTROL AND AUTOMATION SHOP/

Цахилгаан станцад суури­лагд­сан халуун, түвшин, зарцуулалт, даралт, сийрэг­жил­тийг хэмжих хэрэгслүүд болон тоноглолын компьютерийн хяналт-удирдлагын систем, хаалт арматуруудын автомат удирдлага, хамгаалалтын сис­темүүдийн засвар үйлчилгээ, баталгаажилт болон бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

 

Хими цех /WATER TREATMENT SHOP/

Техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан давсгүйжүүлсэн, химийн цэвэр болон зөөлөрсөн усаар станцыг тасралтгүй хангаж уур-ус, түлш, тосны чанарын нормыг хангуулах үүрэгтэй. Цагт 150 тонн давсгүйжуулсан ус, 120 тонн химийн цэвэр ус, 300 тонн зөөлөрсөн ус боловсруулах хүчин чадалтай.

 

Механик цех /MECHANICAL SHOP/

Металл хийц боловсруулах, хүчил төрөгч, ацетлин үйлдвэрлэх, станцын сантехник, өргөх зөөх механизм болон гал унтраах суурилагдсан тоноглолын засвар үйлчилгээ, бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

Их хотынхоо иргэд аж ахуйн нэгжийг эрчим хүч, цахилгаанаар хангах хэцүүхэн бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж яваа энэ хамт олны ажил үйлсийн нэгэн оройг сурвалжилсан минь энэ. Тэд  цахилгаан, эрчим хүчээр дамжуулан гэрэлтэй, дулаахан аж төрөх, ажиллах гээд бүх л боломжийг минь танд бас надад бүрдүүлж өгч байгаадаа тун чиг сэтгэл хангалуун байх ажээ.  Илч гэрэл түгээж их хотоо гэрэлтэй, дулаан байлгах их үйлс бүтээгч тэд бол яах аргагүй их өглөгийн эзэд билээ.

                                           

                        

Э.Бат-Эрдэнэ