Их, дээд сургуулиуд цахимаар хичээллэж дотуур байрны оюутнуудын халууныг шалгаж эхлэв

Бусад

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-17-ны хооронд   түр зогсоосон билээ. Тэгвэл хорио цээрийн дэглэм мөрдөгдөх хугацаанд  их, дээд сургуулиудын хичээл, сургалт цахимаар орж эхлэв. Танхимын хичээлийг цахимд шилжүүлсэнтэй холбоотойгоор Wi-Fi болон mobile internet орчныг сайжруулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн холбогдох байгууллагууд үзжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр, төрийн өмчийн дээд сургуулиуд сургалтын удирдлага мэдээллийн систем ашиглан онлайнаар сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлжээ. Мөн зарим их, дээд сургууль цахим Google meet, Classroom, White board online, Zoom платформыг ашиглаж хичээлээ явуулж буй юм байна. Үүнээс гадна оюутны дотуур байранд ариутгал халдваргүйтгэл хийж, эмч сувилагчид дотуур байрны оюутнуудын халууныг шалган, зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.