Л.Отгонжаргал: Иргэдэд боломжийг нь бүрдүүлээд өгвөл иргэд хаана ч сайхан амьдарч болно

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

 

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлчилгээ хариуцсан дэд захирал Л.Отгонжаргал “Лидер эмэгтэй удирдагч” булангийн ээлжит зочноор уригдлаа. Тэрбээр уг нисэх буудлын үйлчилгээг шинэ төвшинд гаргаж чадсан удирдагч. 

 

-Хүн бүр л ажил үйлс нь бүтэмжтэй, сайхан амьдрахыг хүсдэг. Үүний тулд хувь хүн хэрхэн хичээх ёстой гэж бодож байна вэ? 

-Бид хүмүүний орчлонд мэндэлсэн мөчөөсөө л өөрийн түүхээ бичиж эхэлдэг. Өөдрөг сайхан түүх бүтээхийн тулд хамгийн утга учир бүхий гэж итгэсэн зорилтуудаа тавьдаг. Түүндээ хүрэхийн тулд хүссэн, хүсээгүй, төлөвлөсөн, төлөвлөөгүй, төсөөлсөн төсөөлөөгүй олон зүйлтэй нүүр тулдаг. Тэр бүхэн амьдрал, хүн чанарын хамгийн шударга шалгуур юм. Тиймээс хүн өөрийн амьдралын өчигдөр хийгээд өнөөдөр, мөн маргаашийн зорилгоо тодорхойлж түүнийгээ биелүүлэхийн төлөө мэдлэг оюун, ур чадвар, өөрт буй бүхий л боломж бололцоогоо дайчлан, сэтгэл гарган ажиллах ёстой гэж бодож байна. 

-Та “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл­чил­гээ хариуцан ажил­ла­хаа­саа өмнө уг нисэх буудлаар үйлч­лүүлж л байсан байх. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв даа?

-Би өмнө нь Энэтхэгт сурч байхдаа хүнд өвдөж, шууд нислэг байхгүй учир Бангкок, Сөүлээр дамжиж эх орондоо ирж байсан удаатай. Тухайн үед МИАТ-ын Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцонд суугаад манай иргэний агаарын тээврийнхний үйлчилгээ ямар сайн болохыг мэдэрсэн л дээ. Харамсалтай нь, өндөр хөгжилтэй, соёлжсон газраас ирж байгаа хүнд манай нисэх буудал таатай сэтгэгдэл, аятайхан мэдрэмж төрүүлж чаддаггүй байлаа. Учир нь гэрэл муутай, олон улсын стандартад нийцсэн тохижилт, тоног төхөөрөмж дутагдалтай байсан. Харин энд ажиллагсад нь дэлхийн хаана ч гологдохооргүй чадвартай, зүтгэлтэй, сэтгэлтэй шүү. 

-Монголчууд “Өөдлөх айл үүднээсээ” гэж ярьдаг. Ийм учраас Монгол Улсад зочилж буй гадаадынхан  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд  буугаад л ямар улс оронд ирэв гэж анхны дүгнэлтээ хийх нь дамжиггүй. Та ажлаа хүлээж авсанаас хойш уг нисэх буудлыг өнгө төрх, үйлчилгээг сайжруулахын тулд ямар ямар ажил хийж ирэв?

-Тийм ээ. Гадаадын иргэн эх оронд минь ирээд, анхны сэтгэгдлээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас авдаг. Ерөнхий менежерээр томилогдоод, эрх үүргийнхээ хүрээнд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж болохыг судалсан. Хийхийг хүсч байсан зүйлс маань миний эрх үүргийн хүрээнд багтаж байсан нь хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Ингээд тэр боломжуудаа ашиглаад, өөрчлөлт хийж эхэлсэн. Манай тусгай үйлчилгээний танхим тохижилт муутай, хоосон хананууд л зорчигчдийг угтдаг байлаа. Ийм газар хүнд ямар ч сэтгэгдэл, эерэг халуун дулаан мэдрэмж  төрүүлэхгүй шүү дээ. Тиймээс зорчигч, үйлчлүүлэгчдэд хандсан үйлчилгээг сайжруулахад нэн тэргүүнд анхаарал хандуулж ажилласан. 

Үзүүлж буй үйлчилгээний чанараас зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ихээхэн шалтгаалдаг. Ингээд 2018 оныг “Хэрэглэгчдийн сэтгэл ханам­жийг дээшлүүлэх жил” бол­гон зарлаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, нэр төрлийг нэмэгдүүлэх, нисэх буудлын заал танхимын тав тухыг дээшлүүлэх, тусгай үйлчилгээний танхимуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор олон ажил санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Сенгерила арт” уран зургийн галлерейтэй хамтран Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн бүтээлүүдээр тусгай үйлчилгээний газруудынхаа ханыг чимэглэж, урлаг, уран сайхнаар дамжуулан эх орноо зөв эерэгээр сурталчлах болсон. Эдгээр бүтээлээс сонирхсон зургаа онлайнаар худалдан авах боломжийг ч нээлттэй болгож өгсөн. 

Түүнчлэн Монголын үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидтэй хамтран долоо хоногийн хоёр өдөр үндэсний өв соёл урлагийг сурталчлах тоглолт зохион байгуулдаг боллоо. Зорчигч үйлчилгээний ажилтнуудынхаа дотоод нөөц бололцоонд тулгуурлан “Бизнес танхим”-даа “Нүүдэлчин монгол гэр, соёл”-ын макет  урлаж, XVIII болон XIX зууны үеийн хувцас өмсөж, зургаа авахуулах булан ч байгуулсан. Энэ нь дотоодын зорчигчдод маань их таалагдсан л даа.

Үйлчилгээний ажилтнуудаа гадаад, дотоодын сургалтын төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бус сургалтуудад хамрууллаа. Инчёон хотод болсон сургалтад би дан үйлчилгээний ажилтнуудаа авч очсон юм. Өмнө нь менежерээс доош албан тушаалтнууд сургалтад хамрагдаж байгаагүй учир тэд нэлээд гайхаж байсан шүү. 

-Үйлчилгээний ажилт­нуудаа гадаадад сургахаас гадна тэдний ажиллаж амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн хангамжийн тал дээр ахиц гаргаж чадсан уу?

-Аливаа байгууллагад нийгмийн хангамж, сургалт хөгжүүлэлт зэрэг зүйлс дандаа мэргэжилтэн болон үндсэн ажилтнуудад л хүрдэг, үйлчилгээний ажилтнууд орхигдоод байдаг нь анзаарагддаг л даа. Манайд ч ялгаагүй тийм л байсан. Жишээ нь нисэх буудлын шалыг 30 жил угааж арчилсан, ажилдаа сэтгэл, зүтгэлтэй хэрнээ айлын хашаанд, хүний амбаарт амьдарч буй хүн хүртэл байсан. Судалгаа хийж үзэхэд 20-иод айл байснаас аравт нь гэр олгоё гэж шийдсэн юм. Энэ хүрээнд үйлчилгээний ажилтнуудтайгаа холбоотой гурван асуудлыг шийдвэрлүүлэх зорилт тавьсан. Нэгдүгээрт:  Үйлчилгээний ажилтнуудаа гадаадын сургалтад хамруулъя. Хоёрдугаарт:  Арван хүнд гэр олгоё. Гуравтдугаарт:  Нүүрс, түлээний мөнгө үйлчилгээний ажилтнуудад олгодог болъё гэсэн юм. Энэ саналаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд танилцуулахад маш сайхан хүлээж авч шийдвэрлэж өгсөн л дөө. Хөрөнгө санхүүтэй холбоотой ажлууд байсан тул гэр олгох ажил маань сунжирч удааширсан ч өнгөрсөн оны сүүлчээр таван хүнд гэр олгуулж чадсан. Таван айлыг ч гэсэн өөрийн гэсэн гэртэй болгосондоо баяртай байгаа. 

...Ерөнхий менежерээр томилогдоод, эрх үүргийнхээ хүрээнд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж болохыг судалсан. Хийхийг хүсч байсан зүйлс маань миний эрх үүргийн хүрээнд багтаж байсан нь хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Ингээд тэр боломжуудаа ашиглаад, өөрчлөлт хийж эхэлсэн. Манай тусгай үйлчилгээний танхим тохижилт муутай, хоосон хананууд л зорчигчдийг угтдаг байлаа...

-Аливаа ажил санаачлан хийхдээ хөрөнгө санхүүгээ яаж  босгосон юм бэ?

-Ямар ч ажлыг хийхийн тулд сэтгэл зүтгэлээс гадна хөрөнгө мөнгөний асуудал дээгүүрт тавигддаг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор  ажил хийх гэж байгаа бол санхүү шаардлагатай болдог. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж, байгууллагын төсвийг хэмнэж ажиллалаа. Тухайлбал, “Брик” хаус” тоглоомын төвтэй хамтран “Хүүхдийн өрөө”-ний тоглоомуудаа эрүүл ахуйн шаардлага хангасан, дэлхийн стандартад нийцүүлэн шинэчлэх зарчмаар хамтарч ажилласан юм. Мөн зогсоолын асуудал байна. Та бүхэн мэднэ дээ, нисэх буудлын авто машины зогсоол маань нийт 350 машины багтаамжтай,  гэтэл өдөрт дунджаар олон улсын нислэг ирэх явах үед зогсоолын хүрэлцээ муу байдаг байсан. Учир нь уг зогсоол дээр ажилчдын бараг 250 орчим машин тавьчихаар яаж багтах вэ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “ажилчдын авто зогсоол”-ыг хийхээр судалгаа хийж 12 сая төгрөгөөр хийгдэх төсөвтэй байсан ажлыг ажилтнуудынхаа хүчээр долоон сая төгрөгөөр 300 орчим автомашины хоёр зогсоолын ажлыг хийж гүйцэтгэсэн гээд олон ажлууд байнаа.

-Нийслэлд манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг. Шийдэх ёстой тулгамдсан асуудал асар их байна. Та нийслэлийн иргэний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нийслэл хотод нийт өрхийн 69,9 хувь нь гэр хороололд амьдардаг судалгаа бий. Улаанбаатар хотын гэр хороололд гэхэд 200 мянга гаруй өрх амьдарч байна. Үүний 10 гаруй хувь нь буюу 21 мянга гаруй өрх нь орчин үеийн орон сууц хамгийн их баригдсан Хан-Уул дүүрэгт амьдардаг. Хамгийн гол нь төр нөхцөл боломжийг бүрдүүлээд өгвөл гэр хороолол болон орон сууц, хотын төв ба захад ч ялгаагүй сайхан амьдарч болно. Гэр хороололд сайхан амьдарч болдгийн үлгэр жишээг өөрсдийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөөрөө харуулж, үлгэрлэж байгаа өрх олон бий. Гэвч иргэдээс шалтгаалахгүй тэдний эрх мэдэл хөрөнгө чинээ хүрэхгүй асуудлууд үүнд саад болж байгаа. Үүнийг дүүрэг болоод Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид шийдэж өгдөг шүү дээ. Одоо тэднийг сонгох сонгууль болох гэж байна. Иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг олж ажиллаж чадах сэтгэлтэй, чадвартай, ажил хэрэгч хүмүүсийг сонгоосой гэж бодож байна. Нөгөө талаасаа хотын иргэн бүр “Хот бол би” гэсэн сэтгэлээр хандвал хотын хөгжил нэг их хол биш. Гэрээсээ гараад хогоо хаяхаас эхлээд л “Энэ хот бол миний амьдардаг гэр шүү” гэсэн хандлага л бидэнд дутагдаад байна уу гэж хардаг.