​Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

Нийгэм, Эдийн засаг

Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү ирэх лхагва гаригт Монгол Улсад айлчлах талаар тус улсын “The Mainichi” сонин мэдээллээ.

Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр Мотеги  Тошимицү манай улсад хийх айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн энэ үеэр Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудалд Монгол Улсыг зуучлагчийн байр сууриас оролцож, хамтран ажиллах санал тавина гэж мэдээллээ.  

Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ хулгайлах асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа мэдэгдсэн бөгөөд тэрээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ынтай энэ асуудлаар урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Японы “The Mainichi” сонин Сүга Ёшихидэгийн Засгийн газрын энэхүү хүчин чармайлт нь Абэ Шинзогийн үеэс өвлөгдөн ирсэн байр суурь бөгөөд тус улс Хойд Солонгостой ойрын харилцаатай Монгол Улсыг энэ асуудалд эртнээс зуучлагчаар оролцуулах сонирхолтой байсаар ирсэн гэдгийг онцолсон юм.

Хамгийн гол нь Японы Гадаад хэргийн яамнаас Мотеги  Тошимицүгийн айлчлалын хүрээнд “COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Япон болон Монгол Улсын хооронд тогтоосон агаарын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг бууруулах арга замын талаар ярилцахаар төлөвлөж байна гэсэн юм. Үүнээс өмнө 2019 оны зургадугаар сард Японы Гадаад хэргийн сайд асан Коно Таро Монгол Улсад айлчилж байв.

Дашрамд дурдахад, Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Япон улсад айлчилсныхаа дараа аравдугаар сарын 7-нд буюу ирэх лхагва гаригт Монгол Улсад айлчлахаар болсон. Тиймээс Мотеги  Тошимицү болон Майк Помпео нарын манай улсад хийх төрийн айлчлал давхцахаар болж байна. Монгол Улсад зэрэг ирэх их гүрнүүдийн эдгээр өндөр албан тушаалтнууд аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо АНУ, Энэтхэг, Япон болон Австралийн Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талт уулзалтад оролцох юм. Энэхүү дөрвөн улс 2017 оноос эхлэн Энэтхэг-Номхон далайд хэрэгжүүлж буй Бээжингийн бодлогын эсрэг  идэвхтэй нэгдэх болсон. Тиймээс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын араас бүс нутгийн хэмжээнд манай урд хөрштэй сөргөлдөх болсон их гүрнүүдийн өндөр албан тушаалтнууд айлчлах болсон нь барууны томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж эхлээд байна.     

Эх сурвалж: The Mainichi