Путины хөргийг сүмийн хананд шигтгэв

Дэлхийн мэдээ

Москва хотноо үнэн алдартны том сүмийн хананд ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөргийг шигтгээгээр урлан дүрсэлжээ. Мөн Оросын алдартай удирдагч нарын хөргийг Христ болон Гэгээн Мари нарын хамт дүрслэн шигтгэсэн байна.

Зэвсэгт хүчний сүмийн дотоод заслыг ирэх тавдугаар сарын 9-нд болох Аугаа их ялалтын баярт зориулан чимэглэж байгаа аж. Зэвсэгт хүчний сүм нь Москва хотын гадна цэрэг, армийн сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын баярын 75 жилийн ойд зориулан барьжээ. 100 метр өндөр, алтлаг өнгөтэй зургаан бөмбөгөр оройтой тус сүм нь Оросын үнэн алдартны шашны гурав дахь том сүм аж.

Түүнчлэн энэ сүмд Крымын хойгийг 2014 онд Украинаас буцаан авсныг бэлгэдсэн “Крым бол манайх” гэх уриа шигтгэсэн ба Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Аюулгүй зөвлөлийн дарга Николай Патрушев нарын хөргийг ч дүрсэлжээ.