Белорус: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л нөхцөл байдлыг тогтворжуулна

Дэлхийн мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас Белоруст үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдлыг  жагсаал, хориглолтоор биш харин Үндсэн хуулийн шинэчлэлээр тогтворжуулна гэж Белорусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы улс төрийн  мэтгэлцээн дээр мэдэгдлээ. Тэр бас гадаад улс орнууд Белорусийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй байхыг сэрэмжлүүлсэн байна.

“Белорусь улс өмнө нь нэг бус удаа тохиож байсан ийм нөхцөл байдлыг өөрийн ард түмнээр, өөрсдөө шийдвэрлэнэ. Гэхдээ жагсаал цуглаан, хориглолтоор биш, соёлжсон яриа хэлэлцээрээр, үүн дотроо манайд хэдийнээ эхлээд байгаа Үндсэн хуулийн шинэчлэлийн явцаар шийднэ” гэжээ.

Ноён Макей бусад улс орнуудыг энэ асуудалд “мэргэн ухаан, тэвчээртэй, алагчлахгүй” байхыг уриалсан байна. Түүнийхээр бол Белорусийн эсрэг тавьсан улс орнуудын хориг нь харин ч эсрэгээр нөлөөлнө гэнэ. Белорусийн Гадаад хэргийн сайд барууны орнуудыг  тус улсад бий болсон нөхцөл байдлыг ашиглан  “өнгөт хувьсгал хийх”, “эмх замбараагүй байдал, дур зоргоороо авирлах байдалд автуулахыг оролдож байна” гэж буруутгасан байна.

Белорусийн Үндсэн хуульд шинэчлэл хийнэ гэж Ерөнхийлөгч Александр Лукашенко бас амласан юм.  Харин энэ шинэчлэл хэзээ эхэлж, ямар ямар өөрчлөлт оруулах талаар дурдаагүй байна.

Белоруст  наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Александр Лукашенко ялсныг  сөрөг хүчин албан ёсны бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүйгээс олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан эхэлсэн юм. Эсэргүүцэгчид шинэ сонгууль явуулах, жагсагчид, эсэргүүцлийн хөдөлгөөнийхний эсрэг хүч хэрэглэсэн явдлыг мөрдөн шалгах, улс төрийн хоригдлуудыг суллах шаардлага тавьж байгаа юм.

Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш хууль сахиулагчид 9,4 мянган хүнийг баривчлан саатуулаад байгаа юм. Энэ хугацаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 800 гаруй хүн бэртэж гэмтжээ.