Ирэх сараас Япон руу нэвтрэх боломж нээгдэнэ

Нийгэм, Эдийн засаг

 

Kyodo News. Японы Засгийн газар ирэх сараас эхлэн урт хугацааны буюу хамгийн багадаа гурван сарын аяллын визээр ирж байгаа гадны жуулчдыг хилээр нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар Kyodo News агентлаг мэдээллээ.

Өдөрт 1000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан олон улсын онгоцны буудлуудад коронавирусийн халдварын шинжилгээ хийх цэгүүдийг нэмж байрлуулж байгаа аж.

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Японы Засгийн газар дэлхийн 159 улс орон, бүс нутгийн иргэдийг Япон руу нэвтрэхийг хориглоод байсан юм. Харин есдүгээр сараас эхлэн хөл хорионы дэглэмийг сулруулсан бөгөөд Японд урт хугацаанд амьдрах зөвшөөрөлтэй гадны иргэд болон Тайланд, Вьетнамын бизнесменүүд, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнуудыг Япон руу нэвтрэхийг зөвшөөрсөн.

Тэгвэл ирэх аравдугаар сараас эхлэн Япон руу нэвтрэх эрхтэй гадны хүмүүсийг жагсаалтад Засгийн газрын тэтгэлгээр сурдаггүй оюутнууд, эмнэлгийн мэргэжилтнүүд, соёл урлагийнхан болон тамирчид зэрэг хүмүүс мөн багтах аж.