COVID19—өөр алдагсдын тоо хоёр саяд хүрч магадгүй гэж ДЭМБ анхааруулж байна

Дэлхийн мэдээ

 

Коронавирусын халдвараар өвчилж амь алдсан хүний тоо өнөөдөр нэг сая хүрэх гэж байна, гэхдээ энэ тоо хоёр сая хүртэл өсч магадгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынЭрүүл мэндийн салбар дахь онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан  баасан гарагт хийсэн хэвлэлийн мэдээлэл дээрээ мэдэгджээ.

“Энэ тун магадгүй байна. Коронавирус анх дэлгэрснээс хойш өнгөрсөн есөн сард нэг сая хүн нас барлаа. Одоо вакцин гаргаж автал дахиад есөн сар хэрэгтэй гээд бодохоор  энэ хугацаанд дахиад нэг сая хүн нас барж мэдэх юм”  гэж Майкл Райан хэлжээ.

“Ганцхан ийм байдалд хүрчихгүй, хүмүүсийн амь насыг аврахын тулд энэ хугацаанд  маш ихийг хийх хэрэгтэй байна. Өвчлөл, үхлийг бууруулахын тулд тодорхой арга хэмжээнүүд авч байна. Хүчилтөрөгч, эрчимт эмчилгээ, дексаметазон хэрэглэсний ачаар нас баралт буурч л байна” гээд тэрбээр “ Гол асуудал бол нас баралтыг хоёр саяд хүргэчихгүйн тулд бид хамтын хүчээр тэмцэх хэрэгтэй байна. Энд оношилгоог олшруулах, эрсдэлтэй бүлэгт онцгой анхаарах, засгийн газраас хөрөнгө санхүүгээр дэмжих олон улсын хамтын ажиллагааг сайжруулж, вирус биднийг биш бид вирусыг хянаж байх ёстой. Ийм арга хэмжээнүүдийг авч чадахгүй, хамтын ажиллагаагаа сайжруулахгүй бол харамсалтай нь нас барагсдын тоо хоёр саяд хүрч магадгүй юм” гэсэн байна. 

Төв хятадаас 2019 оны сүүлчээр эхлэн дэлгэрсэн коронавирусын халдвар өнөөдөр дэлхийн бараг бүх улсыг хамран тархаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарлаад байгаа юм. Өвчлөл тархсанаас хойш 32,2 сая хүн өвчилж, 983 мянган хүн нас бараад байна.